Шиншиллагийн жинхэнэ үнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Шиншиллагийн жинхэнэ үнэ

Голцуу хойд хөрш, манай хоёрт хүүхнүүд хүйтэн өвөл дулаан шубээр гоёх дур сонирхолтой байдаг. Ихэс дээдэс, эрх ямбатнуудын эхнэр, хүүхнүүд булгыг тоож үзэхээ больж, түүний оронд шиншилла шуб л өмсөхгүй бол зиндаа зэргээ илтгэхэд явуургүй болсон бололтой. Дурласан шиншилла шубэндээ ойролцоогоор 10-100 мянган ам.доллар төлөхдөө тансаглалдаа ташуурсан баян хатагтай нар үнэн хэрэгтээ жинхэнэ “ҮНЭ” нь хэд болохыг мэддэг ч үгүй, мэдэхийг ч хүсдэггүй биз. Мэдээжийн хэрэг тансаг шубных нь жинхэнэ үнэ бол хөөрхөн өхөөрдөм тэр амьтдын хөөрхийлөлтэй амь нас шүү дээ. Дунджаар нэг шиншилла шуб оёхын тулд 100 орчим шиншиллаг дэндүү зэрлэгээр тарчилган алж, арьсыг нь өвчдөг. Та бүхний бардам гэгч нөмөрч байгаа тэр булган шубэнд чинь дунджаар 65 орчим булга халуун амиа өргөсөн байдаг. Жилд тавин сая хол давсан амьтад зөөлөн дулаан үстэйнхээ төлөө хүмүүсийн гарт балмадаар амь насаа алддаг гэсэн тооцоо бий. Тэдгээрийн хичнээнийг нь манай Монгол, хойд хөрш хоёрын хүүхнүүд нөмөрч яваа бол гэж бодогддог юм. 2007 онд дуучин Мадонна экс-нөхөр Гай Ричитэйгээ оройн хоол идэхээр гарахдаа 70 мянга орчим ам.долларын үнэтэй Fendi-гийн шиншилла шуб өмсч, үүнийхээ төлөө дэлхий нийтийн сөрөг хандлагыг хангалттай мэдэрсэн. Түүний ойр дотны найз, нэрт залуу дизайнер, жинхэнэ anti-fur Стелла МакКартни хүртэл үүнээс болж Мадоннатай муудалцан тэдний нөхөрлөлийн тангараг хүртэл тасрахад хүрч байсан гэдэг.

Дэлхий дээрх үслэг амьтдаас хамгийн дулаахан, зөөлөн үстэй нь шиншилла гэх энэ өхөөрдөм бяцхан амьтан. Гайхалтай зөөлөн үстэйгээрээ алдартай Түвдийн домогт гөрөөсийг ч шиншилла ардаа хаяна. Шиншиллагийн үс нь хүний үснээс л гэхэд 30 дахин шингэн, 30 дахин уян. Үүнээс үнэтэй, үүнээс дулаахан, үүнээс хөнгөн зөөлөн үс гэж байхгүй. Өмнөд Америкийн Андын нурууны уугуул, Чили, Болив, Перуд тархан суурьшдаг энэ бяцхан амьтны тоо толгой 19 дүгээр зууны эхэн үеэс эрс цөөрч, ховордож эхэлсэн байна. Эгээ л хамба хилэн шиг зөөлөн, тансаг үснийх нь сайханд шунан дурласан хүмүүс энэ үеэс шиншиллаг фермийн нөхцөлд үржүүлж эхэлжээ.

Өөрийнх нь биенээс үл ялиг л том өчүүхэн төмөр торонд хашигдсандаа зарим шиншилланууд дээд зэргээр стресстэж, улмаар арьсаа хазаж зулгаадаг. Мэдээж хазуулсан арьс шуб хийх шаардлага хангахгүй. Ингээд л ийм шиншиллануудыг шууд үхлийн эгнээнд шилжүүлнэ. Арьс нь гүйцэж, бие нь хангалттай өсгөлүүн болсон шиншилланууд нэг л өдөр хүзүүгээ нуга хуга хугалуулж, эсвэл тогонд цохиулж амиа алдана. Үслэг амьтны үржүүлгийн фермүүд амьтдыг хөнөөхдөө хамгийн хямд, төсөр, зардалгүй аргуудыг ашиглаж байгаа нь энэ. Арьсыг нь өчүүхэн төдий ч болов өө сэвгүй авахын тулд тэд маш чамбай ажиллана. Зарим амьтдын арьсыг өвчиж байхад амьтад нь бүр амьдаараа тарчилж байх нь ч бий.

Шиншиллагийн байгаль дээрх өнгө нь нурууны дээд хэсгээр хар бараан, хажуу хэсгээрээ ууссан цайвар саарал байдаг. Харин үржүүлгэнд тэдний өнгийг хүртэл өөрчлөн хувиргаж, бүр цагаан, шаргал, нил ягаан, сафиран хөх өнгүүдийг хүртэл хиймлээр гарган авч байна. Өндөр үнэтэй шиншилла шуубны хар, саарал, цагаан ууссан өнгийг дууриалган булга, туулай зэрэг амьтдын үсээр ч “шиншилла өнгөт” шуубыг хийдэг болоод байгаа. Дээдсийн хатагтай нар бясалгал, йогоор хичээллэж, ариун гэгээн дүр эсгэх нь олширсон цаг. Тэгвэл маш их айдас хүйдэс, өвдөлт зовиур, хорсол, муу энерги бүхэн шингэсэн үслэг шуубнүүдээ тэд нар юу гэж тайлбарлах бол? Хүйтнээс хамгаалах цорын ганц дулаан хувцас гэдэгт чинь итгэж чадахгүй нь. Зүгээр ХИЙРХЭЛ, ТАНСАГЛАЛ гэдгийг чинь л мэдэж байна. Anti-fur дизайнер Стелла МакКартни “Хүмүүс бидэнд амьтдыг тарчлааж алчихаад үсийг нь нөмөрч явах эрх огт байхгүй шүү дээ” гэж хэлсэн байдаг. Тэгвэл мөн Амьтны эрх ашгийн төлөө мятаршгүй тэмцдэг РЕТА-гийнхан /Амьтдад зүй зохистой хандах холбооныхон/ танд ингэж хэлж байна. “Хэрвээ үслэг шуб өмсөхийг хүсч байгаа бол түүнд орох 100 амьтнаа өөрөө гардан алаад үзээрэй. Тэгвэл та тансаг шубныхээ жинхэнэ үнийг мэдэх болно”.


Ж.НАНДИН

Эх сурвалж: GRANDNEWS.MN

  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж