Нэр дэвшигчидтэй танилцаж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчидтэй танилцаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаад орнуудад Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайд нарыг томилох тухай хэлэлцэж байна. Элчин сайдад нэр дэвшигчид чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогт нэр дэвшигчдэд хандан Элчин сайдаар томилогдсон нөхцөлд Монгол Улсдаа ямар ноу хау нэвтрүүлж нутагшуулах зорилготой байгааг нь сонирхлоо. Харин энэ асуултад Кувейт улсад Суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшээд байгаа Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат “Монгол Улс, Кувейт улс хоорондын хамтын ажиллагааны талаар мэдлэг хомс байна. Элчин сайдаар батлагдвал Гадаад харилцааны яамны сургалтад бүтэн сар сууж бэлтгэгдэх ёстой. Кувейт улсын хувьд Монголтой төстэй зүйлүүд бий. Тухайлбал, хүн ам цөөтэй газрын баялаг ихтэй. Засгийн газраас нь дэвшүүлж байгаа бодлого их сонирхол татдаг. Нөгөө талаас техник технологи нэвтрүүлсэн байдал сонирхол татаж байгаа. Тэр дундаа Монгол Улсын хувьд нефтийн асуудлаар энэ оронтой харилцах зайлшгүй шаардлага гарна хэмээн бодож байна” гэлээ.

Харин Турк улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Б.Батхишиг “Засгийн газрын хуралдаанаар орох үед нэр бүхий таван сайд надад хандаж таван үүрэг даалгавар өгсөн. Нэгдүгээрт, орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Турк улсаас хөрөнгө оруулах, арьс шир боловсруулах технологийг нэвтрүүлэх, батлан хамгаалах, агаарын тээврийн салбарыг хөгжүүлэхэд хамтрах, оюутан солилцоог нэмэгдүүлэх гэсэн хэд, хэдэн даалгавар аваад байгаа. Турк улсад Монгол Улсын 2100 иргэн амьдарч байгаа ч олонхи нь бүртгэлгүй гэсэн мэдээлэл бий. Эдгээрийн 800 орчим нь оюутан, тиймээс томилогдоод очингуут хийх нэн тэргүүний ажил нь иргэдээ бүртгэлжүүлэх ажил хэмээн бодож байна гэсэн юм.

Элчин сайдад нэр дэвшигчтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Элчинд сайдад нэр дэвшигчдээс С.Энхбат “Миний мэдлэг нимгэн байна” гэлээ. Гэтэл танилцуулгад нь ажлын арвин дадлага туршлагатай гэж бичсэн байдаг. Шагналын журмаар энэ хүнийг оруулж ирээд байгаа юм шиг, нэг бол ард нь хүн байгаа юм шиг асуудалд хандмааргүй байна гэж шүүмжилсэн юм.

Нэр дэвшигчтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсээр байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж