“Ferro” нэг сая ам.долларын санхүүжилт босгоно

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

“Ferro” нэг сая ам.долларын санхүүжилт босгоно

Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд төмрийн хүдрийн хайгуулын лицензтэй Ferro Iron Ore Corp (TSX VENTURE:RRO) компани нэг сая ам.долларын санхүүжилт босгохын тулд хувьцаа гаргах гэж байна. 

Тус компани Private placement буюу олон нийтэд биш өөрсдөө сонгосон, тодорхой тооны хөрөнгө оруулагчдад дөрвөн сая энгийн хувьцаагаа, ширхэг бүрийг нь 0,25 ам.доллараар зарж нэг сая ам.долларыг санхүүжилт босгох юм байна.

“Ferro Iron Ore Corp”-ийн хувь нийлүүлэгч “Continent Treasure Limited” (CTL) дээрх дөрвөн сая ширхэг хувьцааны 500 мянгыг худалдаж авах юм байна.

Уг санхүүжилтээр төмрийн хүдрийн хайгуулаа дуусгах бөгөөд нөөцөө 43-101 стандартаар батлуулахаас эхлээд захиргааны зардал зэрэг үйл ажиллагаандаа зарцуулах юм байна.

Ferro-ийн 14491X дугаартай хайгуулын лиценз нь Ерөө голын уурхай, Харангын Баянцогт, Төмөр Толгой болон Төмөртэйн ордыг ойролцоо оршдог учраас төмөр зам, усны эх үүсвэр эрчим хүчтэй ойр зэрэг олон давуу талтай юм. 

Ferro лицензийн талбайдаа 18-55 метр өрөмдөхөд 59 хувийн агууламжтай хүдэр гарсан байна. Энэ бол харьцангуй өндөр хүдрийн агууламж юм. 

“Continent Treasure Limited”-ийн тухайд Бритиш Виржинийн арлуудад бүртгэлтэй, манай улсын “Хандгайт Майнинг” ХХК-г 100 хувь эзэмшдэг юм байна.

Компани нөөцөө тогтоогоод олборлож эхлэх юм бол хойд Хятадын төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрүүдэд түүхий эд нийлүүлэхээр төлөвлөжээ. Хятадын төмрийн хүдэр үйлдвэрлэгчид голдуу алс хол Австралиас, боомт төмөр замаар дамжуулан түүхий эдээ авдаг юм байна.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж