
Өнөөдөр бидний амьдрал уур уцаар, бухимдал, стрессээр дүүрчээ. Энэ бүхэн нийгмийг хамарсан үзэгдэл болоод байгаа. Гудамжинд муухай харсан хүмүүс олширч, замын хөдөлгөөнд соёлтой оролцохгүйгээсээ болж нэг нэгийгээ барьж авч нүдэх нь энүүхэнд болов. Монголчууд бид хүн дүрстэй араатан болох болоогүйг хэсэг залуус харуулахаар шийджээ. Одоогоос 31 жилийн тэртээ буюу 1981 оны намар тухайн үеийн гадаад хэлний сургалттай 23 дугаар тусгай дунд сургуулийн өндөр босгыг давж, 1а ангийн сурагч болж байсан хүүхдүүд “А” үсэг заалгасан анхны багшаа олж уулзах хүслийг өвөрлөжээ. Тэдний хүсэл ч биелж, Оросын телевизийн “ВИД” компанийн бэлтгэн хүргэдэг “Жди меня” нэвтрүүлгийн хамт олон сураг нь алдраад удсан багшийг нь олж өгсөн байна.
Тус телевизийн сурвалжлах хэсэг аравдугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод ирж 23 дугаар сургуулийн хичээлийн танхимд тэдгээр залуустай чин сэтгэлийн халуун яриа өрнүүлж, зураг авалт хийгээд буцжээ. Аравдугаар сарын 20-нд 1а ангийн төлөөлөл болсон гурван залуу Москва хотыг зорьж “ОРТ” телевизийн бичлэгт оролцсон юм.
Түүнчлэн Их Британийн нийслэл Лондон хотод ажиллаж, амьдарч байгаа ангийн хэсэг нөхөд бичлэгт хамрагджээ. Тула хотод амьдардаг Любовь Владимировна Якушева багштайгаа шавь нар нь хэрхэн олон жилийн дараа уулзалдаж байгаа түүх өнөөдөр Улаанбаатарын цагаар 17.00 цагт “ОРТ” сувгийн “Жди меня” нэвтрүүлгээр гарах аж.