Өмгөөлөгч нар шүүх хуралдааныг орхин гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгч нар шүүх хуралдааныг орхин гарлаа

МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч нар шүүхэд хандан Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч н.Эрдэнэбалсүрэн нарын дөрвөн шүүгчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн татгалзах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Дараа нь Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл гадаадад байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг дахин гаргасан ч шүүх бүрэлдэхүүн мөн түүнийг заавал байлцуулах шаардлагагүй гэж үзээд шүүх хурлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснээ мэдэгдлээ. Гэвч өмгөөлөгч нар “Удаа дараагийн хүсэлтийг хүлээн авахгүй байгаагаас харахад шүүх асуудлыг шударгаар шийдэхгүй гэдэг нь ойлгомжтой учраас шүүгдэгч Н.Энхбаяртай уулзаж, ярилцах шаардлагатай байна” гэж шүүгчдийн бүрэлдэхүүнд мэдэгджээ. Н.Энхбаяр До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарын дөрвөн хүнд холбогдох хэрэгт зургаан өмгөөлөгч ажиллаж байгаа юм.

Үүнийг шүүх бүрэлдэхүүн мөн дахин авч хэлэлцэхээр болоод байна. Өнөөдөр Н.Энхбаяр нарын хэргийг Дээд шүүхэд хянан хэлэлцэх хурал эхэлснээс хойш ийнхүү гурав дахь удаагаа хүсэлт гаргаж, түүнийг нь шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцэн мөн л хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна. Үүнийг эсэргүүцсэн таван өмгөөлөгч шүүх хуралдааныг танхимыг орхин гарсан байна. Шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Дээд шүүхэд хэргийг хянан хэлэлцэж байгаа учраас өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой байдаг аж.   

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж