Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Тохиролцоо-2010

АЦАН ШАЛААНД ОРСОН ТАВАНТОЛГОЙ
    
Улстөрчид тохирол­цоо­гоор амьсгалж байна. Дэлхийн халуун цэг Ирак, Афганистан гэдэг шиг уул уурхайн “халуун цэг” нь Монголын Тавантолгой. Улстөрчдийн ярианы сэдэв ч улсын төсөв биш, өмнийн говь дахь орд газрууд болов. Монгол Улсын Засгийн газар, УИХ дахь МАХН, Ардчилсан намын хувийн эрх ашиг бүхий гишүүд, С.Дэмбэрэл тэргүүтэй бизнесийн баг, дээр нь “Монгол-999” үндэсний нэгдэл. Эрх ашгийн гогцоо улстөрчдийг Тавантолгой дээр яалт ч үгүй тав талцуулах нь энэ. Бүлэглэлүүдийн тохиролцоо хийгээд зарчим. Үүнээс болж, “Халуухан сэдэв”-ийн тухай халз бодлого улстөрчдийг ацан шалаанд орууллаа.
Төрийн ордонд улстөрчид барьц алдаж, багагүй сандралдаж байх зуур олон улсын ажиглагчид Монгол ба Тавантолгойн талаарх дүгнэлтээ дэлхийгээр нэг танилцуулж байна. Reuters агентлагийнхан “Монголын Засгийн газар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг гадаадын хөрөнгө оруулагчидтай үзэглэсэн нь том амжилт. Төв Азийн цээжнээ 2013 онд зэсийн томоохон орд эдийн засгийн эргэлтэд бодитойгоор орж эхэлнэ. Юун Чили, юун Норвеги. Цаана чинь “Монгол моодонд орлоо” хэмээн саяхан сенсацилсан. Барууныхан  ийн мэдээлэхдээ Тавантолгойг дурьдахаа ч мартсангүй. Тэд Монголын улстөрчдөд “Алив, бушуул. Тавантолгойг таван тивийнхэн эзэгнэх гэж байна. Гэхдээ та нар орос, хятадуудыг яах вэ. Гуравдагч хөршүүдтэйгээ ямар зарчмаар ажиллах вэ” хэмээхийн сацуу “Та нөхөд тэгээд хэр авлигач юм бэ дээ” хэмээн интернэтээр дамжуулан асуув. Олон улсын ажиглагчид манай хэдийн тухай нэг иймэрхүү ёгт үг зохиосноо ч мессенжердэж байна. “Орос, Хятадын дунд Монгол гэж улс бий. Авлигад дуртай олон хүн энд бий” гэж. Ийн мэдээлэхдээ “Олон улсын “Transparency international” байгууллага “Монгол Улс авлигын индексээрээ 2008 онд дэлхийд 102 дугаарт орж байсан бол 2009 онд 120 дугаарт жагсч байна” гэж дүгнэснийг хавсаргажээ. Тавантолгойн тухай мэдээлэхдээ тэд Монголын авлигын индексийг танилцуулсан нь яавч санамсаргүй хэрэг биш.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ирэх долоо хоногт Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай асуудлыг нэг мөр шийднэ. Тус зөвлөлийнхөн “Гадаадын хөрөнгө оруулагчдад айхтар цензур тавилгүйхэн шиг сонголтоо хийг. Тэгээд ч оператор компаниудыг сонгон шалгаруулах тендерээ яаралтай зарлах хэрэгтэй” гэж үзэж байгаа. Харин Монголын Засгийн газар, тэр тусмаа иргэн бүрт 1.5 сая төгрөг өгөх тухайгаа мэдэгдсэн Ерөнхий сайд С.Батболд Тавантолгойн ту­хайд дипломатчийн үүднээс хандах болсоор удлаа. Удах болсон нь ч бас их учиртай. Төрийн ордонд өдгөө “Тавантолгойг та авах уу, би авах уу” хэмээх сэм яриа өрөө бүрт өрнөж байна. МАХН-ын хандивлагчид голдуу бизнесмэнүүд нэг талд гарч, Ардчилсан намын гэх тодотголтой зарим хэсэг нь “Монгол-999”-т нэгдсэн учраас шаргал ордонд хийх тохиролцооны хувилбар өөрч­лөгдөхөөс өөр аргагүй болжээ. Тиймээс МАХН, Ардчилсан намын харьяалал бүхий УИХ-ын гишүүд сүүлийн үед “Танайхыг Тавантолгойд “эзэн сууг” гэхээр өөрийнхөө намын хандивлагчдыг яах юм бэ. Ингэж талцаж байхаар гадаадын оператор ком­паниудтай хамтарч ажил­ласан нь шулуухан” гэлцэж эхэлсэн. Гэхдээ тэд Ерөнхий сайдын ээлжит нүүдлийг хүлээж байгаа. Учир нь С.Батболд “Тавантолгой төрийн мэдэлд 100 хувь байна” хэмээн мэдэгдсэн ч түүний орон тооны бус зөвлөх, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл бизнесийнхэнтэй Тавантолгой руу “дайлаар мордох” амбицаа илэрхийл­сэн нь улстөрчдөд хардлага төрүүлсэн. Тэгээд ч Та­ван­толгойн талаарх тохирол­цооны том эзэн нь Ерөнхий сайд С.Батболд юм. Үүнээс гадна Тавантолгойг таван тивийн хөрөнгө оруулагчдад гомдоолгүй хуваарилах үүрэг төрд оногдож байх шиг байна. Учир нь таван тивийн хөрөнгө оруулагчид, тэдэнтэй хамтрагч Монголын үндэсний компаниуд хэмээх хувилбар бодитойгоор хэрэгжих нь тодорхой боллоо. Гэвч “Тавантолгойг гадаадынханд шууд ашиглуулахгүй” гэсэн санаачилгыг зарим улстөрч дэвшүүлж, маргааны “үр”-ийг тарив.    

“МАХН+АРДЧИЛСАН НАМ=ҮҮРД МӨНХ”
Монгол Улсын гадаад харилцааны түүхэнд “Гуравдагч хөрш” хэмээх нэн шинэ нэр томъёо орж ирсэн бол улс төрийн тавцнаа “Гуравдагч  хүчнийг байгуулах, бас түүнийг ор мөргүй зайлуулах” гэсэн сөргөлдөөн үүсээд удаж байна. Талуудын бие бие рүүгээ хялайн харах болсныг хуулийн дагуу шийдвэрлэх цор ганц гарц нь Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал гэж зарим хүн үздэг. Гэвч “МАХН+Ардчилсан нам=Үүрд мөнх” гэсэн лоозонг улстөрчид дэвшүүлж байна. Харин УИХ-д суудалтай, суудалгүй жижиг намууд болон бие даагчдыг тэд “Мануухай” хэмээн хочилж үлдэн хөөхөөр болсноо хуульчлах гэж байгаа.
УИХ дахь МАХН, Ардчилсан намын бүлгийн дарга нар тэргүүтэй 12 гишүүн Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэгт ажилласан. Засгийн эрхийг хамтран барьж буй хоёр намын төлөөллөөс гадна Иргэний зориг намын дарга С.Оюун үүнд багтаж ажилласан. МАХН-ын бүл­гийн даргаар удирдуулсан МАХН, Ардчилсан намын гишүүд хэний ашиг сонирхлыг харгалзаж, ийм төсөл боловсруулсан нь ойлгомжтой. Тэд “Долоон хувийн босгыг давж чадсан нь ороод ир. Чадахгүй бол танай намыг нам гэхийн хэрэг юун. Чамайг бие даагч гэх ч шаардлагагүй” хэмээх логик санаагаар Сонгуулийн тухай хуульд “давс” нэмж орхисон. Гэхдээ аль намынхан нь олон чимх “давс” хийсэн нь бас их сонирхолтой. Ямартай ч улс төрд гуравдагч хүчний орон зай үгүй болгох “хүчил”-ийг хоёр намынхан хавсайдан хийсэн нь тодорхой. Энэ бол “Тохиролцоо-2010”-ын хамгийн хөгжилтэй, бас сонгодог жишээ болчихоод байна.  
Пропорциональ тогтол­цоо. Уйдамхай улстөрчдийн сонирхлыг татаж буй уг тогтолцоог дэлхийн олон улсад хэрэгжүүлдэг. Харин долоон хувийн босгын тухайд Монголд нэг их тохирох тоо биш гэдгийг ажиглагчид сануулсаар байна. Хүн амын тоо цөөн байх тусам өндөр хувьтай босго тогтоодог. Их бол бага хувь тогтоодог жишиг олон улсын практикт бий. Хөгжилтэй нь улстөрчид хүн амын их, багыг харгалзах биш, жижиг намуудын УИХ-д эзлэх зайг багасгаж, яваандаа бүр үгүй хийх мастер төлөвлөгөө боловсруулжээ. Тэдний эцсийн ашиг сонирхол нь МАХН, Ардчилсан намынхан төр засгийн эрхийг үүрд мөнх хуваан барихад л байгаа юм. Басхүү эдгээр намын залуучуудын фракци амбицлах нь ч аргагүй. Телевизээр олон удаа гарч, олны танил болсон хүмүүс УИХ-д мөнхөд сонгогдож, залуус тойргийн гадна үлдэх магадлалтай учраас тэр. Ши­нэчилсэн найруулгын тө­сөл боловсруулах тохиролцооны өөр нэгэн том “заалт” энэ билээ.

С.Баттулга.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж