Уулзалтын эхэнд Оросын тал Монгол Улс ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүн улс болсонд баяр хүргэж, тус байгууллагад зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Хоёр улс НҮБ, ШХАБ-ын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров тэмдэглэж, ЕАБХАБ-ын хүрээнд мөн идэвхтэй харилцах боломж нээгдэж буйг дурдав.
Түүнчлэн Гадаад хэргийн сайд С.Лавров хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд талууд ач холбогдол өгч, анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцлон удахгүй Улаанбаатар хотноо болох Монгол-Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдааны үеэр дээрх асуудлаар дэлгэрэнгүй ярилцахаар болов.
Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улс ЕАБХАБ-д гишүүнээр элсэхэд ОХУ дэмжсэнд талархал илэрхийлж, Монгол Улс ОХУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой анхаарал хандуулж байгааг онцлон тэмдэглэн ОХУ-ын сайд Монгол Улсад айлчлах урилгатайг нотлов гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.