Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Ардчилал & хайр

Социализмын үед манай өвөө, эмээ, аав, ээж нар ёстой жаргаж байжээ. Сургалтын төлбөр төлөхгүй. Ажил нь бэлэн. Амьдрах байрыг нь хүртэл бэлдээд өгнө. Үр хүүхдийг нь төр харж, халамжлаад л…Залуус ийн ярьж байна. Эрх чөлөөт нийгмийн итгэл үнэмшил, хүсэл мөрөөдлөө тэртээ социализмын үеийн алдагдсан түүхээр “дарлуулах” иймэрхүү санаашрал хангалттай олон. Бүх залуус хэмээн хавтгайруулахгүй ч амьдралын төлөөх тэмцэлд нуруугаа бөхийлгөгсдийн хувьд энэ бол бараг л эн тэргүүнд зурсхийх бодол нь болсон. Цаашлаад “Хүний хөгжлийн сан”-гийн дэвтрээр 70 мянган төгрөг авах гэж иргэд хэрхэн дугаарлаж, хэрхэн сэтгэл зүйгээрээ дайтаж байгааг харахад сэтгэл эмзэглэмээр. Тэдний хувьд өдгөө “Тэгш хуваарилалт, тэгш амьдралыг олгох социализмыг нөхөн сэргээх үү” хэмээн асуухад олонх нь “Бэлэн” гэж хариулахаар. Энэ бол ардчилсан Монгол Улсын өнөөгийн хамгийн том эмгэнэл. Ардчиллын өнгөрсөн цагийн амжилтыг ирээдүйн дархлаатай хамтад нь тэмдэглэхгүй бол он цаг нэг л өдөр эргэж хөрвөж мэдэхээр. Гэхдээ бүр тэртээ социализмын үе рүү. Та бидний үл мэдэх тэр нийгмийн тухай сайхан төсөөлөлд эрх чөлөө гэгч олдошгүй ховор баялаг байсан гэдгийг залуус  ойлгохыг хүсэхгүй байна.
Хятадын эдийн засгийн хөгжлийг гайхан бишрэх тэд “Монгол Хятад шиг болох ёстой” хэмээх нь ч олонтаа сонсогдох болж. Улаан коммунист гэж хэлүүлэхээс ичдэг байсан бидний үеийнхэн эргээд “Яагаад ч юм коммунист нийгэмд аав, ээж жаргалтай байсан байна. Бид яагаад болохгүй гэж” гэх гэнэн реалист уран зохиолын гол дүр болохоос татгалзахаасаа нэг л өдөр өнгөрөх бий. Иймд “Ардчилал гоё. Ардчилал сайхан” хэмээн магтахын зэрэгцээ “Ардчиллаа хамгаалья. Ардчиллаа хайрлая” хэмээн уриалах хэрэгтэй болжээ.
Социализмыг мөрөөдөгчдийн, социализмыг хүсэгчдийн их цувааны гинжин урвалыг татахгүй бол нэг л өдөр Монгол Улс “Хятад маягийн ардчилсан Монгол” хэмээх тодотголоор дэлхий нийтэд зарлагдах нь. Тэр үед та бид google-ээс мэдээлэл хайх эрхээ хасуулж, дотоод интернэтийн сүлжээгээ алхам тутамд төрд хянуулдаг болно. Ам.доллар солиулахдаа төрийн тусгай бүртгэлд мэдэгдэж, бизнесээ төрийн хатуу хараа хяналтын дор далд гарын удирдлагад шилжүүлнэ. За тэгээд гадаад түнштэй бол түүнийгээ чагнах уу, өөрийгөө чагнах уу гээд олон бэрхшээл бидний өмнө тулгарна. Энэ тохиолдолд хэвлэлийн жаахан ч гэсэн эрх чөлөө үгүй болж, “Социализмын магтуу”-г илэрхийлэгч болон хувирна. Нэг ёсны амьдрал тэр чигтээ хатуу гарын дор бөхийж, ганц олдсон амьдралаа үндсээр нь хэрээслүүлнэ.
Ийм үнэнийг мөрөөдөл болгох залуусын сэтгэлгээг хамтдаа өөрчилцгөе. Ардчиллыг хайрласан шиг хайрлаж, хамгаалсан шиг хамгаалахгүй бол жаран чавганцын уралдаан ч үр дүнгүй болж хувирна. Учир нь, тэнд хэн ч уралдах эрхгүй, хэн ч уралдаад түрүү байрны бооцоо авах урамшуулалгүй болох юм.
Үүнд данхайсан төрийн тус дэмээр бус иргэний оролцоо л хамгийн чухал нь. Иргэн бүр хүсэл мөрөөдөлтэй, зорилготой, эрх чөлөөгөө өөрийн ашиг сонирхлоор зөв зохистой ашиглаад байвал 20 жилийн түүхтэй Монголын ардчилалд Америкийн ардчиллаас ч илүү урт удаан нас бий гэдэгт итгэнэ. Залуу хүнийхээ хувьд шүү дээ. Ядаж л үр хүүхэд минь өглөө босохдоо нар ямар сайхан гэдгийг мэддэг ч өдрийн амьдралдаа гунигладаг байвал болохгүй биз дээ. Яасан ч эрх чөлөөгүй орон бэ дээ. Америк руу, Швейцарь руу, Австрали руу дүрвэх юмсан гэж шаналдаг болчихвол яана. Иймд ардчиллыг хайртай дүйцүүлж, хамгаалцгаая. Яг л амьдралаа хайрладаг шиг ээ.

Г.Отгонжаргал.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж