“Шагнал” шүлэгт:
. . . Орчлонг хувьсгасан Ленин
Одонгүй байсан
Ленин өөрөө
Дэлхийг шагнасан
Мөнхийн одон . . . /Б.Л/ гэсэн байдаг.
Үүнээс гадна “Болор цом” наадмын сонирхолтой амжилтууд зөндөө байдаг. Хамгийн сонирхол татахуйц нь АУЗ, ТШ, СГЗ Д.Цоодол /1984, 1993, 1997/, АУЗ, ТШ, СГЗ Б.Лхагвасүрэн /1985, 1992, 1998/ нар тус бүр гурван удаа энэхүү наадмын тэргүүн байрт шалгарсан явдал юм. Мөн Нацагдоржийн шагналт яруу найрагч Цоодолын Хулан /1994, 2010/ хоёр удаа, яруу найрагч Лхагвасүрэнгийн Хасар /2008/ нэг удаа тус тус түрүүлсэн нь аав охин хоёр нийтдээ таван түрүү, аав хүү хоёр нийлээд дөрвөн түрүү хүртсэн нь хоёр айл “Болор цом” наадмын есөн түрүү авсан сонин амжилтын эзэд болгожээ. Мөн СГЗ Цэндийн Чимэддорж 1989/Малчин/, 1999/Элсэн тасархай/ онуудад “Болор цом”-д түрүүлсэн нь Монгол бөхөөр бол Дархан аварга Д.Хадбаатарын амжилттай эн зэрэгцэхүйц амжилт юм. Түүнчлэн яруу найрагч Б.Ичинхорлоо хоёр жил /1990-Тэнгэр, 1991-Эх нутаг/ дараалан түрүүлсэн цорын ганц/одоогийн байдлаар/ яруу найрагч юм. Түүний ингэж хоёр жил дараалан түрүүлсэнийг Ардчилал эхэлж, залуу хүмүүсээ дэмжсэн гэж үзэх хүмүүс байдаг бол Монголын ард түмэн яруу найргаар ачааллаа тайлдаг байсан үед сайн шүлэг бичиж гарч ирсэн гэж ярих нь ч байдаг.
Түүний:
“Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж
Бусдын од харавдаггүй
Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж
Бусдын од шохоорхдог юм
Миний Монголын тэнгэрт өдөлсөн шувуу
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд
Будант газар ясаа тавьдаггүй.” хэмээн өөрийн эрхгүй омогшуулсан “Тэнгэр” шүлгийг мэдэхгүй миний үеийн залуус бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Энэ мэтчилэн сонирхолтой, түүхэн амжилтууд өдий төдий бий. Мөн 1986 онд Т.Очирхүү “Чулууны магтаал” шүлгээрээ, 1987 онд АУЗ, ТШ, СГЗ Пунцагийн Бадарч “Тэмээ” шүлгээрээ, 1988 онд АУЗ, ТШ, СГЗ Тангадын Галсан “Жирмийн сүлжээгээ”-рээ, 1995 онд Барнангийн Доржпалам “Хөөрлийн шүлэг”-ээрээ, 1996 онд Дамбын Төрбат “Ижий шүлэг”-ээрээ тус тус түрүүлж Янжинлхам бурханы хөрөг, Болор цомын эзэн болцгоож байсан түүхтэй.
Ингээд 2000 онд яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг/ Янжинлхам бурханд гуйж мөргөх шүлэг/ түрүүлсэнээс хойш “ерээд оныхон”-ы “Болор цом”-ыг өргөх үе жинхэнэ ёсоороо ирсэн гэж болно. Учир нь 2003 онд яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай “Шөнийн онгоц” шүлгээрээ түрүүлснээс бусад түрүү нь “Мөнгөн үе”-ийнхэнийх болоод байгаа юм. Эдгээрийг дурьдвал: ”2001 онд Ц.Бавуудорж “Хүрэл чоно” шүлгээрээ, А.Эрдэнэ-Очир 2002 онд “Зам” шүлгээрээ, 2004 онд Ж.Баяржаргал “Арга билгийн ертөнц”-өөрөө, 2005 онд Ж.Мөнхбат “Бурхан хүсэл”-ээрээ, 2006 онд Б.Галсансүх “Англи хэлэнд итгэж зориулав” шүлгээрээ, 2007 онд Ш.Лхамноржмаа “Газрын үг”-ээрээ, 2009 онд Х.Эрдэнэбаатар нэргүй шүлгээр тус тус тэргүүн байр эзэлсэн нь бүгд нэгэн үеийн уран бүтээлийн андууд. Харин өнгөрөгч онд буюу “Болор цом-29”-д түрүүлсэн Д.Болдхуяг /Монгол хэл/ найрагч бол эдгээрийн арай хожуу үеийнхэний төлөөлөл болох юм.
Удахгүй шинэ он гаргаад Болор цом болдогоороо болно. Энэ удаагийнх гучин жилийн ой гэдэг утгаараа онцлог гэдгийн албаны хүмүүс нь хэлж байгаа. Болор цом наадам өнөөдөр хүнээр бол сайн, муугаар хэлүүлээд үзчихсэн, бусдыг “хэн нь хэн бэ?”-г ялгахтайгаа болсон идэр насандаа явна. Гэсэн ч сүүлийн жилүүдэд уншигч, үзэгчид маань “Болор цом” наадмыг “Найрааны болсон, хэн түрүүлж, хэн айрагдах нь хэдэн сарын өмнөөс тодордог. Удирдлагууддаа хэр их мөнгө өгнө нь тэгж байж түрүүлдэг” хэмээн ярьцгаах болсон. Зарим жилийн наадмын шалгаруулалт, үр дүнг харж суухдаа надад ч гэсэн иймэрхүү бодол төрдөгөө нуугаад яахав. Тиймдээ ч 2000-аад он гарсанаас хойш “Цом”ын үзэгчид цөөрч, шүлэг, яруу найргаар сэтгэлээ хөгөлдөг байсан ард иргэд маань хошин шогийн үзвэр рүү хошуурах болсон гэдэгтэй санал нийлэх хүмүүс нилээд бий гэдэгт итгэнэ. Үгүй ч байж болно. Ямартаа ч “Болор цом” наадмын тэргүүн байрыг шалгаруулахдаа цахим хэлбэрээр үзэгч, уншигч олны саналыг авч, түүнийгээ ил тодоор зарлан, шүүгчдийн саналтай харьцуулж байж тодруулдаг болбол элдэв хардлаганд өртөхгүй, хэл амнаас холуур сайхан наадам болох болов уу? хэмээн санадагаа энд дурдъя. Эцэст нь хэлэхэд цаг төрийн ороо бусгаа энэ цаг үед ард түмнийхээ оюун санааг өөр зүйлээр сэргээж байх үүрэг хүлээсэн хүмүүс бол уран бүтээлчид байдаг. Тиймдээ ч “Болор цом” бол уран бүтээлчдийн цугларалтын, яруу найргийн их баяр болохоос биш тэмцэлдээн, уралдааны талбар биш билээ.