Улсын циркийн түүхэн дэх үе үеийн ахмадууд, шинэ цагийн төрхийг өнгөлөгч залуус эндээс л төрж, эндээ л хөгжиж цэцэглэж, эх орныхоо нэрийг гайхуулдаг байлаа. Гэтэл циркид худалдаа наймаа газар авах аяджээ. Циркийн баруун урд талд хуучин циркийн амтьдыг байрлуудаг хашаа, байр зэрэг байдаг байлаа. Хотын төвд амьтан тэжээж, үржүүлэх, сургуулилт хийхийг хориглосноос хойш зүгээр байлгаж байсны оронд гээд одоо энд “IT World” нэртэй компьютерийн худалдааны төв үйлчилгээ эрхэлдэг болж.
Өдгөө цирк 220 хүний суудалтай. Урьд өмнөх шиг тоглолтууд ойр ойрхон болж, том хэмжээний арга хэмжээ болохгүй байгаа ч жүжигчид бэлтгэл сургуулилтаа хэвийн үргэлжлүүлсээр байгаа тухай тэндхийнхэн хэлж байна. Тоглолтын тайз, үзэгчдийн суудал, нийт танхимын зохион байгуулалт, циркийн амьтдыг байлгах байр сав, гэрэл, дууны тохиргоо, засварыг төрийн оролцоогүйгээр хувиараа шийдэх хэрэгтэй байдаг тул ийн худалдаа явуулж, санхүүгийн асуудлаа шийддэг тухай циркийнхэн ярьдаг. Тэр ч тийм л байх. Гэхдээ л циркийнхээ хажуугаар өнгөрөхөөр цирк биш юм шиг санагдаад байдаг нь тиймхэн юм даа.