Лениний музейн талаар МАН-д хандав

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Лениний музейн талаар МАН-д хандав

“Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэсэн уриаг ханандаа мөнхөлсөн Лениний музейн барилга сүүлийн саруудад олны хараанд өртөж байгаа билээ. Монголдоо ганцхан музейн зориулалттай уг барилга МАН-ын өмч хэмээгддэг. Гэтэл Соёл, спорт, аялал жуулчлалын яам нь соёлын зориулалтаа барилга байгууламжаа “бүртгэх” болоход Лениний музей эзэн эзэмшигчид нь тодорхойгүй болж яамныхан хүртэл гайхшаа барсан талаар бид мэдээлж байсан.

Лениний музейн гурван давхар байшинд  одоогоор ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, засвар хийж байгаа юм. Засвар хийж байгаа байшингийн үүдээр оронгуут танхимын тэн хагаст хүрэх шахам давхарлан тавьсан модон хавтангуудын цаанаас Лениний хөшөөний толгой цухуйж харагдана.

Өмнө нь тус барилгад “Юнитель” ХХК-ийн “Окта” худалдааны төв, ресторан паб, бичиг хэргийн худалдаа гээд төрөл бүрийн үйлчилгээний газрууд байдаг байсан юм. Тэнд ажиллаж байсан паб олон эзэнтэй байсан гэсэн эзэмшлийн маргаанаас болж хаагдсан гэнэ. Харин “Окта” төв музейн барилгаас “Victory center” руу нүүсэн аж.

Ингээд одоохондоо музейн зориулалтын ганц барилга гэх Лениний музейд ажиллагаагүй, цаашдаа яах нь тодорхойгүй байна. Уг нь Байгалийн түүхийн музейн барилга олон жил болсон, цаашдаа ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарч, музейд хадгалагдаж буй хосгүй олдворуудыг хаашаа нүүлгэх вэ гэсэн асуудал урган гарсан юм. Тиймээс Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Лениний музейг эргэн сэргээж, зориулалт ёсоор нь ашиглан, байгалийн түүхийн олдворуудыг тийш нь нүүлгэх боломжтой тухай ярьж, Лениний музейн эзэн холбогдогчийг яаралтай хайхаар болсон билээ. Ингээд тодорхой эзэн холбогдогчийг олж, асуудлыг шийдэхийн тулд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, Нийслэлийн МАН-ын эзэмшил болох нь тодорхой болсон. Харин одоог хүртэл музейн барилгыг цаашдаа хэрхэх талаар эзэн холбогдогчтой нь тодорхой зөвшилцөж чадаагүй хэвээр байна. Тиймээс Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас МАН-ын дарга Ө.Энхтүвшинд энэ долоон хоногийн эхээр илгээлт явуулжээ.

Төрийн өмчийн хороог байгуулагдаж, Монгол Улс тухайн үед өмчөө тоолж байх үеэс Лениний музейн эзэмшлийн асуудал дэгдэж эхэлсэн. Энэ тооллогоор тухайн  үед 60 барилгын эзэмшлийн хувьд маргаан үүсч байсны нэг нь Лениний музей аж. Тэр үед музейг төрийн өмч гэж үзэн бүртгэх гэтэл  МАН /хуучнаар МАХН/-аас үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд л эзэмшлийн маргаан үүссэн ч шүүхээс МАН-ын өмч мөн гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Гэхдээ Монгол Улсад ганцхан музейн зориулалтын барилгыг энэ чиглэлээр нь ашиглаж гудамжинд хөсөр хаягдахад бэлэн байгаа өв, соёлын түүхэн үзмэрүүдийг хадгалдаг, олон нийтэд үзүүлдэг болоосой гэсэн хүсэлт, хүлээлт олон нийтэд төрөөд байгаа. 

Харин одоо соёлын өвийг хадгалж байх ёстой энэ барилгыг эзэн нь цаашдаа ямар зориулалтаар ашиглах гээд засвар хийж байгаа нь тодорхойгүй хэвээр байна. Ямартай ч хүлээлтийн байдалд байгаа гэх Лениний музейн асуудал он дамжин өрнөсөн хэвээр байх нь ээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж