Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

МАХН-ын дуулал

МАХН-ын дарга Н.Энхбаярын гэм бурууг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр дахин товлогдсон байгаа.

Н.Энхбаяр гэж хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч байсан, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд Монголын төрийн гурван өндөрлөгийн албыг завсаргүй дараалан хашсан Монголдоо ганцхан хүн гэдгийг даяараа мэднэ. Бас хуучны ЗХУ-ын их өрөөс салгасан, мянганы замыг эхлүүлсэн гээд сайн үйлсийг нь ч мартаагүй. Олон зуун цагдаагийн хүчээр баривчлаад явахад нь монголчууд “Бөөсөнд хутга” гэгчээр хүчнийхэн дэндүү бүдүүлэг ажиллалаа гэдгийг шүүмжилж л байсан.

Гагцхүү зарим нэг алдсан байж болох асуудлыг нь шүүх, хуулийн байгууллага шалгах гэхээр МАХН-аар бамбай хийж, өлсгөлөн зарлахаа удаа дараалан мэдэгдэж, нийгмийн сэтгэл зүйгээр тоглосоор зурагдсан пянз гэгч болчихоод байна. Яагаад шалгуулж болдоггүй хүн юм. Яахаараа гаргуунд нь гаргаж өлсч цангаад тамлаад байдаг бие махбодь юм. Ямар учраас үхсэн ч хамаагүй гэж зөрүүдэлж өөрийнхөө биширдэг бурхны шашинд тэрслээд байгаа юм. Өндөр настай эцэг эх, өөрийнх нь тал болсон эхнэр, хүүхдээ яагаад боддоггүй юм. Өөрийнх нь төлөө сэтгэлээсээ залбирч, мэнд л суугаасай гэж эрхээ эргүүлдэг өвгөд эмгэдийг яагаад санадаггүй хүн юм. Монголын хамгийн өндөр албан тушаалуудыг эрэмбэ дараагаар нь хашиж, улсынхаа эцэг явсан байж яахаараа шүүнэ гэхээр “өлсч үхнэ” гээд зөрүүдлээд байдаг явцуу бодолтой хүн юм. Ийм эргэлзээ монгол хүн бүрийн дотор эргэлдэж байгаа гэхэд хэтрүүлэг болохгүй.

Түүний удирдсан МАХН гэдэг улс төрийн хүчин ердөө ганцхан Н.Энхбаяр гэдэг хүний төлөө нам болж хувирлаа. АН-ыг гувшиж байж шинэтгэлийн засагт орчихоод хийдэг ажил нь ердөө л даргыгаа суллуулахын төлөө байдаг болов. Засагт орсон нам байж даргыгаа шүүлээ гэж Сүхбаатар дүүргийн шүүхийн хашаа руу цэцэг чулуудаад манаргаж л байх. Тэр цэцэг нь эмгэнэлийн цагаан бус багшдаа өргөдөг шар цэцэг байхдаа ч яахав. Дэд сайд нараасаа эхлээд Интерпол руу захидал чулуудаж, одоо болохоор засгаас гарна гэж туйлж, төр, түмний төлөө гэж гарч ирсэн итгэл, хүндээ дорд унагаж дууслаа. НҮБ, Олон улсын шүүх гээд хандаагүй газар ч бараг үлдсэнгүй. УИХ дахь “Шударга ёс” эвслийн 11 дэх суудал заавал Н.Энхбаярынх, эсвэл түүний хүү Э.Батшугарынх байна гээд СЕХ-ны шийдвэрийг үл тоож, тас зөрж байгааг юу гэж үзэх вэ. Сонгогчдын төлөөлөл сууж хууль тогтоодог УИХ-д заавал Н.Энхбаяр ба түүний гэр бүлийнхэн багтсанаар юу өөрчлөгдөх юм. Э.Батшугар Монголбанкны дэд ерөнхийлөгчийн албаа сайн хашиж ирээдүйд сайн улстөрч болох бэлтгэлээ аавын нэрээр бус өөрийн хүчээр  хийх хэрэгтэй баймаар.

Төр, засгийн албыг чамгүй олон жил залгуулж явсан улстөрчдөөс бүрдсэн нам байж яасан ч доошоо бодолтой юм. Ямар ч болчимгүй мэдэгдэл хийдэг юм. “Засгаас гарлаа” гэж чангаар хэлсэн шигээ албан ёсоор Ерөнхий сайдад хурлын шийдвэрээ өргөн бариад, УИХ-д “Шударга ёс” эвслийг хамтран бүрдүүлж буй МҮАН-тай зөвшилцсөн тухай хариуцлагатай мэдэгдлийг яагаад хийсэнгүй вэ.

Парламентад суудалтай, Засгийн газарт хамтарч гол яамдынх нь судсыг атгасан намын лидер улстөрчид гэхэд дэндүү өчүүхэн мэдэгдэл хийж, хайран нэр хүндээ бараад яана. Засгийн газарт орсон гол шалтгаан нь улс төрийн хэлмэгдүүлэлт гаргуулахгүй байх явдал байсан хэмээн МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва хэлнэ лээ. Хэрэв ардчилсан нийгэмд улс төрийн хэлмэгдүүлэлт гарвал муухай л даа. Харин хэн нэгний буруутай эсэхийг хууль, шүүхийн байгууллага хянаж үзнэ гэхээр хэлмэгдүүлэлт болдог нь ч юу юм.

“Шүүх буруу шүүсэн тул Н.Энхбаяр өлсгөлөн зарлалаа. Бие нь маш муу байгаа ч эх орон, ард түмнийхээ төлөө өлсч цангахаас өөр аргагүй боллоо. УИХ-ын нэг суудал заавал Н.Энхбаярынх байх ёстой. Н.Энхбаярын төлөө МАХН засгаас гарлаа. Орон нутгийн сонгуульд манайхаас айгаад АН, МАН-ынхан манай нэр дэвшигчдийг хаслаа, үлдээлээ. Улс төр эвгүйдвэл бид хүлээхгүй шүү” гэсэн дуулал өглөө, оройгүй сонссоор  иргэд залхах маягтай.

Н.Энхбаяр дарга эх орон, ард түмний төлөө өлсч цангах хэрэггүй. Хүний амь золих хүртлээ улс орон туйлдчихаагүй байна. Одоо эрүүл мэндээ бодоод намын нөхдөө тайвшруулаад шүүх, хуульдаа итгэж болохгүй юу. Өөрийг нь өндөр алба хашиж байхад батлагдсан хууль, тогтоомжуудыг барьж л хэрэг хэлэлцэх гэж байна шүү дээ. Харь улсын харгис хуулиар яллах гээгүй. Хэрэг хийгээгүй бол гараад л ирнэ. Хийсэн бол ялаа эдлээд бас гараад л ирнэ. Цаг, нар тэгтлээ харьчихаагүй байна. Хэтэрсэн дуулал, болчимгүй мэдэгдэл МАХН-ын нэр хүндийг сэвтээнэ үү гэхээс аврахгүй гэдгийг бас санууштай.

Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж