![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/10/be5e60f07e043db6/3515fb01150e1be7original.jpg)
Засгийн газраас өргөн мэдүүлээд буй уг төсөлд хадгаламж эзэмшигч бүрийн 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжийн эрсдлийг тухайн арилжааны банк хариуцна. Харин түүнээс дээшхи хадгаламжийн эрсдлийг тухайн хадгаламж эзэмшигч өөрөө хариуцахаар заагаад байгаа. Асуудлыг хэлэлцэх явцад гишүүд олон асуудлыг тавьж байлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Тлейхан, Д.Дэмбэрэл нар “100 сая төгрөгийн хадгаламжтай бол банк нь дампуурлаа гэж бодоход 20 сая төгрөгөө л буцаан авах болж байна. Энэ нь эргээд томоохон хадгаламж эзэмшигчийг хавчсан бодлого болж хувирах вий. Нэг бол хадгаламжаа жижиглэж банкинд байршуулах. Эс бөгөөс бүр гудсан доогуураа хийх юм уу, гадаад руу мөнгөө гаргах юм руу явж, энэ нь эргээд банкуудад тусах эрсдлийг өндөр болгох вий” гэдэг болгоомжлолыг хэлж байв.
Харин Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан “Нийт хадгаламж эзэмшигчийн 99 хувь нь бага хадгаламж эзэмшигч байгаа. Тэдний олонхи нь мэдээллээс хол байдаг нь эрсдэлд өртөх боломжийг өндөрсгөдөг гэдэг утгаар нь эхний ээлжинд бага хадгаламж эзэмшигчийнхээ эрсдлийг тухайн арилжааны банк нь даахаар төсөлд тусгасан. Тэгээд ч босгыг 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламж гэж зааж өгөхөөс аргагүй, үүнээс дээш босгыг тавих боломжгүй. Тав, арван жилийн нийт хадгаламж эзэмшигчийн эрсдлийг даах боломж нь нээлттэй болно. Хөл дээр нь тогтоохын тулд бага хэмжээгээр босго тавьж эхлүүлэхээс аргагүй байна. Ингэхгүй бол арилжааны банкуудад ирэх ачааг хүндрүүлнэ. Түүнээс томоохон хадгаламж эзэмшигчийг хавчих бодлого бариагүй" гэлээ.
Онцлоход, хадгаламжийн даатгалын тухай тогтолцоог нэвтрүүлэхтэй холбоотойгоор дүрмийн санг эхний ээлжинд 50 хүртэл тэрбум төгрөг гаргаж бүрдүүлэхээр энэхүү төсөлд мөн заагаад байгаа аж.
Чуулганы нэгдсэн хуралдаан маргааш 10.00 цагаас эхэлнэ.