“Могойтой” нислэгийг албадан зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

“Могойтой” нислэгийг албадан зогсоожээ

Египетийн нийслэл Каир хотоос хөөрч, Кувейтийг зорьсон “Egypt Air” агаарын тээврийн онгоцонд Кувейтийн нэг иргэн наж могой нуун авч орсон байсан тул нислэгийг албадан зогсоосон байна. “Egypt Air”-ийн албаныханы мэдээлснээр Кувейтэд  амьтны дэлгүүр эзэмшдэг эрэгтэй онгоцонд наж могой нууж орсон нь илэрч,  зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс нислэгийг албадан зогсоож, онгоцыг Египетийн аль-Гардака хотод газардуулжээ. Гэрчүүдийн яриагаар онгоцонд наж могой нууж орсон эр гараа могойнд хатгуулсан бөгөөд могой түүний гараас алдуурч, зорчигчдын суудал доогуур мушгиран мөлхөж, хүмүүсийг ихэд айлгасан байна. Могойд хатгуулсан эр өөртөө ердөө санаа зовохгүй байсан ба онгоц газардсаны дараа түүнийг эмнэлэгт хүргэн хор тайлах эмчилгээ хийжээ. Харин өнөөх наж могойг Египетийн албаныхан хураан авч, онгоцны нислэгийг цааш нь хэвийн үргэлжлүүлсэн байна. Египетийн наж могой нь маш хортой гэдгээрээ алдартай бөгөөд түүний хор нь нас бие гүйцсэн зааныг гуравхан цагийн дотор үхүүлэх чадалтай байдаг гэнэ. Домогт өгүүлсэнээр Египетийн хатан хаан Клеопатра амиа хорлохдоо Египетийн наж могойг ашигласан гэгддэг байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж