Баялаг бүтээгчдэд талархал илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Баялаг бүтээгчдэд талархал илэрхийлэв

Монгол Улсын Засгийн газар, Ардчилсан нам хамтран яг одоо Төрийн ордны Их танхимд “Баялаг бүтээгчиддээ талархая” арга хэмжээг зохион байгуулж байна. Эл арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд оролцож, хувийн хэвшлийн салбарынханд баяр хүргэлээ.

Монгол Улсад ардчилсан хувьсгал ялснаар нийгэм, эдийн засгийн цоо шинэ харилцаа үүсч, иргэн бүр хувийн өмчтэй байх тэрхүү бололцоо нээгдсэн юм. Түүнийгээ дагаад зах зээлийн харилцаанд шилжсэн. Харин энэхүү шилжилтийн ачааны хүндийг үүрч гарсан нь хувийн хэвшлийн салбарынхан. Тиймээс одоогоос 12 жилийн өмнө таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулж байсан энэхүү түүхэн өдрийн хүрээнд дээрх арга хэмжээг зохион байгуулж буй нь энэ аж.

УИХ-ын даргын тэмдэглэснээр өнөөдрийн байдлаар 66500 аж ахуйн нэгж  үйл ажиллагаа явуулж буй бөгөөд түүнд 559700 иргэн ажиллаж байна. Эл салбарт ажиллагсад ДНБ-ийн 80 хувийг дангаараа бүрдүүлдэг. Мөн уул уурхай, дэд бүтэц зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарт гадаадын хөрөнгө оруулалт 60 хувийг эзэлж байгаа нь хувийн хэвшлийн салбарт ажиллагсадтай холбоотой болохыг УИХ-ын дарга онцоллоо.

УИХ-аас нэг сарын өмнө Засгийн газарт 1.5 тэрбум төгрөгийн бонд гаргах эрхийг олгож байсан. Шинэчлэлийн Засгийн газар шуурхай ажилласны дүнд олон улсын зах зээлд “Чингис” бондыг амжилттай гаргаж чадсанаар өнөөдөр 06.00 цагийн орчимд Монголбанкны дансанд 1.5 тэрбум ам.доллар буюу 2 их наяд төгрөгтэй дүйх хэмжээний мөнгө орж иржээ. Үүнийг Монгол Улс төмөр, зам, авто зам, цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтын ажилд үр ашигтай зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн асар өндөр хариуцлага шаардсан ажил болж хувирч байгааг сануулав.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж