-Юуны түрүүнд ямар учраас энэ уралдаанд оролцох болов. Яагаад заавал “Дакар ралли” гэж?
-Миний хувьд багаасаа авто, мотоспортоор хичээллэж эхэлсэн. Тэгээд битүүхэндээ холын зайн уралдаанд тоосоо өргөхийг хүсч мөрөөддөг байлаа. Гэтэл мөрөөдөл маань бараг 20 жилийн биелэлээ оллоо. Сэтгэл их хөдөлж байна. Маш их баяртай байгаа. Шалтгаан нь гэвэл авто, мотоспортоор хичээллэдэг хүн бүр “Дакар ралли”-д уралдаж үзэхийг хүсдэг. Яагаад гэвэл энэ бол бидний хувьд олимп юм. Жүдо, бокс гэх мэт спортоор хичээллэж байгаа тамирчид бүгд олимпод оролцоод, амжилт гаргаад зодог тайлах юмсан гэж ярьдаг. Тэгвэл бидний олимп бол “Дакар ралли” учраас амжилт гаргахгүй ч гэсэн уралдаж үзэхийг хүсэлгүй яах вэ.
-Нэг жилийн өмнө ч билүү ярилцлага хийж байхад “Дакар ралли”-д оролцоно гэж ярьж байхыг тань санаж байна. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө шүү?
-Тийм байх. Ямар ч байсан анх энэ уралдаанд оролцоно гэж хөөцөлдөж эхэлснээс хойш хоёр жилийн дараа үр дүн нь гарч мотоциклийн төрлөөр оролцох боллоо. Энэ бол том амжилт гэж хэлмээр байна.
-Манай тамирчдаас энэ уралдаанд оролцож байсан хүн өмнө нь байдаг юм болов уу?
-Байхгүй ээ. Н.Лхамаа бид хоёр анхдагч нь болж байгаа юм. Хүмүүс зарим нь буруугаар ойлгоод байдаг талтай. Яах вэ, өмнө нь “Дакар ралли”-д механикчаар оролцож байсан хэд хэдэн хүн байдаг байх.
-Тэгвэл анхдагч гэхээр бас л азтай юм даа?
-Тийм. Гэхдээ нэг талаас азтай ч юм шиг. Анхны юм гэдэг үргэлж хариуцлага дагуулж байдаг.
-Тэмцээнд оролцох бэлтгэл ажлаа хэзээнээс хангав. Одоо бол хангаад дууссан биз дээ?
-Ерөнхийдөө биеэ л сайн бэлдсэн дээ. Өвлийн нөхцөлд ямар мотоциклоор бэлтгэл хийх биш. Сэтгэл санаа болон хүчний бэлтгэлийг нэлээд түлхүү хийсэн. Зав чөлөөгөөрөө фитнесст явах гэх мэтчилэн.
-Мотоциклоор уралдана гэхэд их гайхлаа. Жийпний төрөлд уралдсан бол танд илүү дөхөм, бас амжилт үзүүлэх магадлал өндөр биш үү?
-Намайг авто кросст “УАЗ 469” машинаар олон жил уралдсан болохоор мотоциклтой уралдах болсонд гайхаж байгаа байх. Гэхдээ мотоцикл бол огт хуучин зүйл биш шүү дээ. Би анх мото спортоор хичээллэдэг байсан. Тэгээд ч мотоциклоор уралдахад зардал арай бага. Наад зах нь механикч авч явах шаардлагагүй болж байгаа юм. Мотоцикльд эвдрэл гарлаа гэхэд өөрөө засна. Муугаар бодоход ийм л байна. Хүмүүс намайг сая таны хэлсэн шиг машинаар уралдвал илүү амжилт гаргах байх гэж хэлж л байсан. Тэгж ч бодож байгаа байх. Даанч зардал мөнгөний асуудлаас болоод мотоциклтой оролцох болсон. Хэрвээ жийпний төрөлд уралдъя гэвэл 500-600 сая төгрөг шаардлагатай болох юм билээ. Дээрээс нь механикчийнхаа зардлыг даана шүү дээ.
-Тэгвэл нууц биш бол мотоциклийн төрөлд оролцлоо гээд хэдэн төгрөгийн зардал гарч байгаа юм бол?
-Нуугаад яах вэ. Нэг хүнээс ойролцоогоор 100 сая орчим төгрөг гарч байгаа. Би л гэхэд мотоциклоо 27 мянган еврогоор авсан. Тэмцээнд оролцох такс 14800 евро. Дээрээс нь 4500 евро бас давхар төлнө. Ингээд бодохоор ер нь нэлээд их зардал орж байгаа биз. Багийн бүрэлдэхүүнд Н.Лхамаа бид хоёроос гадна туслахаар миний дүү Д.Энхсаруул Парисыг зорино. Дүү маань орчуулагчаас гадна бусад туслах ажлыг хийх болно. Тэмцээнд орох бүх зардлыг баримттай нь цуглуулж байгаа. Дараа, дараагийн тамирчдад хэрэг болох үүднээс бүх материалаа архивлана.
-Ямар мотоциклоор уралдахаар болсон бэ?
-Австрийн “КТМ”-ээр уралдана. Мотоциклоо Франц руу явуулсан. Францад тэмцээний нээлт болох учиртай. Зөвхөн раллид уралдахаар зориулагдсан. Мотоциклоо аваад сайн тохируулж амжаагүй Франц руу ачуулсан. Тэнд л бүх тохиргоогоо хийнэ дээ. Яагаад гэвэл далайн төвшнөөс хамаарч тухайн улсынхаа цаг уурт тохируулан янзалдаг. Энэ уралдаанд ашиглахаар 10 дугуй худалдаж авсан.
-Шинэ оныг Францад угтах нь ээ?
-Тэмцээн нэгдүгээр сарын 5-22-ны хооронд болно. Тухайн орныхоо цаг уурт дасан зохицохын тулд хэд хоногийн өмнө очих юм. Шинэ оноо Францад гаргах байх.
-Таныг явахаас өмнө авто мастеруудын тэмцээн болох юм байна. Та оролцох уу?
-Энэ долоо хоногт Морингийн даваанд “Мастер кросс” уралдаан болох сурагтай. Энэ тэмцээнийг надад зориулж байгаад баярлаж байна. Мастерууд намайг үдэж өгч байгаа том бэлэг юм. Энэ тэмцээний үеэр хашир мастерууд ирж үнэтэй зөвлөгөөгөө өгнө гэж найдаж байна. Амралтын өдөр болох Мастер кросс бол миний хувьд хамгийн том сорил, бэлтгэл байх болно.
-Өдөрт 600 гаруй километр замыг туулна гэдэг яалт ч үгүй сэтгэл зүйн бэлтгэл шаардсан асуудал. Тэсвэр тэвчээр маш их шаардах байх даа?
-Сэтгэлзүйн тал дээр бол нэг их санаа зовохгүй байна. Өөрийгөө аль болох тайван байлгаж, бага нервтэх хэрэгтэй. Тэгвэл амжилт гаргах магадлалтай. Авто, мото спортоор бараг 20 жил хичээллэсэн учраас тэр бүгдийг даван туулахад хэцүү биш. Би харин техникийнхээ бүрэн бүтэн байдалд бага зэрэг санаа зовж байна. Хэдийгээр шинэ ч гэсэн техник бол техник шүү дээ. Бусад тамирчны адил бүх зүйлээр хангагдаагүй болохоор надад алдах эрх байхгүй. Нэгдүгээрт мөрөөдөл, хоёрдугаарт мотоспортод монгол хүн хэр тэсвэр тэвчээртэй, хэрхэн уралдаж чаддагийг харуулна. Монгол хүн бөх барилдахаас гадна мотоспортод ямар их авъяастайг дэлхий нийтийн өмнө харуулахыг хүсч байна. Мөрөөдлөөс эхэлсэн гараа барианд амжилттай орно гэдэгт итгэлтэй байна. 14 хоног тасралтгүй уралдана гэдэг амаргүй. Маш их тэсвэр шаардана. Хамгийн гол нь ямар ч эрсдэлгүй, эсэн мэнд барианд орох нь чухал юм.
-Энэ жилийн “Дакар ралли”-гийн талаар ямар мэдээлэлтэй байна вэ. Мэдээллээсээ хуваалцвал?
-Мотоциклийн төрөлд 196 тамирчин оролцоно. Тэгээд жижиг тэрэг, дөрвөн дугуйт, таракийн төрөлд гэх мэт нийт 546 техник тоосоо өргөнө дөө.
-Раллид тамирчид ямар хоол хүнс хэрэглэдэг юм бол. Та судалсан уу?
-Тамирчид олон цаг уралддаг учир сайн чанарын, аль болох удаан шингэдэг хоол байвал зүгээр юм билээ. Бусад тамирчны идэх хоол хүнсийг одоохондоо судлаагүй байна. Их ядрах болохоор би гол төлөв мах идэх бодолтой байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай…
-Баярлалаа. Чадлынхаа хэрээр Монголынхоо нэрийг гаргаад амжилттай оролцоод ирнэ. Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд би 175 дугаартай уралдаж байгаа. Бидний уралдааны талаар www.Dakar.com гэсэн албан ёсных нь сайтнаас мэдээлэл авч болох байх.
“Дакар ралли”-д оролцох Монголын хоёр тамирчны нэг нь олон улсын хэмжээний мастер Н.Лхамаа билээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө баяр хүргэе. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Баярлалаа. Найзынхаа хамтаар “Дакар ралли”-д өөрийнхөө чадлыг сорих болсондоо баяртай байна. Миний хувьд 14 настайгаасаа энэ спортоор хичээллэсэн. 17 жилийн дараа “Дакар ралли”-д уралдахаар боллоо. Энэ бас л ховор завшаан шүү.
-Бэлтгэл хэр хийв. Бэлтгэл хийх орчин нөхцөл ямар байдаг юм бэ?
-Ер нь бол байнгын л бэлтгэлтэй байгаа шүү дээ. Бидэнд нэг давуу тал бий. Манай улсын зам хот дотор ч, орон нутагт ч ялгаагүй бартаатай байдаг. Тийм болохоор энэ нь бидний хувьд байнгын бэлтгэл болж өгдөг давуу талтай. Гэтэл гадаадын тамирчид бартаат замын уралдаанд оролцох бэлтгэлээ хийхийн тулд заавал зориулалтын зам сонгох хэрэгтэй болж байгаа юм.
-Тэгвэл амжилт гаргах магадлалтай юм биш үү?
-Уг нь бол тийм. Гэхдээ шууд тэгээд хэлэхээр бардамнасан хэрэг болно. Нэгдүгээрт, бид энэ уралдаанд анх удаа оролцох гэж байгаа болохоор туршлага дутах байх. Миний гол зорилго бол байр эзлэх биш. Хамгийн гол нь бариандаа орохыг л хүсч байна. Олон өдрийн уралдаанаас байр эзэлнэ гэдэг тийм амар юм биш шүү. Мэдээж байр эзэлбэл Монголын автоспортын хувьд түүхэн амжилт болох нь гарцаагүй. Юун түрүүнд бариандаа яаж эсэн мэнд орохоо л бодож байна. Уралдаандаа ч оролцоогүй байж амжилтын тухай ярих дэмий байх.
-Сэтгэл санааны хувьд тогтворгүй байгаа юм аа даа?
-Үнэнийг хэлэхэд бага зэргийн айдас байна.
-“Дакар ралли”-г үзэж байхад тайван хүн л амжилт гаргах боломжтой юм шиг санагдсан. Таны хувьд хэр зэрэг сэтгэлийн хөдөлгөөнтэй вэ?
-Ер нь гайгүй шүү. Олон жил уралдсан болоод ч тэр үү сэтгэл хөдлөл бараг үгүй болсон. Тэртээ, тэргүй л нэг нь түрүүлж, нэг нь хожигдоно.
-Хоол хүнс, хоноглох газар зэрэг нь уралдааны турш чухал асуудлын нэг байх нь ойлгомжтой. Энэ тал дээр хэр судалгаа хийв?
-Болдоо бид хоёр голдуу мах идэх санаатай байгаа. Яагаад гэвэл өдөрт 600 гаруй км зам туулна гэж бодохоор аль болох удаан шингэцтэй хоол идвэл дээр гэж тооцоолсон. Харин бусад орны тамирчид ямар хоол хүнс хэрэглэж байгааг судалж үзээгүй болохоор сайн мэдэхгүй юм. Ерөнхийдөө бол майхандаа хоноглоод хээрээр л гэр хийгээд явах байх даа. 14 хоног ингэж явна гэдэг чанга шүү.
-Ингэхэд ямар мотоциклоор уралдах гэж байна вэ?
-“Ямаха”-гаар уралдах гээд Франц руу явуулсан байгаа.
-Перу, Аргентин, Чилийн нутгаар дамнаж уралдана. Газар нутгийн судалгаа хэр хийсэн бэ?
-Газар нутгийн хувьд нэлээд өндөрлөг орчинд уралдаанд болно. Ерөнхийдөө далайн түвшнээс 2000-4000 метрийн өндөр газарт уралдах учраас тухайн нутгийн онцлогоос шалтгаалаад биеийн эрүүл мэндэд өөрчлөлт орж болзошгүй. Үүнээс гадна олон өдөр уралдаад ирэхээр татаж унах, муужрах зэрэг асуудал гарахаас сэрэмжилж янз бүрийн эм авч явж байна. Энэ бүх эрсдэлийг даван туулаад байрандаа орвол болох нь тэр. Ер нь бол эхний 20-д багтаж чадвал том амжилт юм билээ.
-Уралдаанд оролцохын өмнө заавал эрүүл мэндийн үзлэгт ордог байх аа?
-Эрүүл мэндийн үзлэгт орж байгаа. Тэмцээн болох газартаа очоод бас орох байх.
-“Дакар ралли”-д оролцох тамирчдын талаар судалж үзэв үү?
-Яг нарийн судалгаа байхгүй. Гэхдээ манай улсад болж байсан олон өдрийн раллид “Дакар ралли”-д тогтмол уралддаг тамирчид ирж оролцдог. Бас түрүүлж байсан тамирчин ч оролцож байлаа. Тэдэнтэй уралдаж ерөнхий баримжаа авсан.
-Шагналын санг нь сонирхож болох уу?
-Иймэрхүү нэр хүндтэй томоохон уралдаанд мөнгөн шагнал гэхээр зүйл байхгүй. Энэ бол цэвэр нэр төрийн хэрэг шүү дээ. Ямар нэгэн байгууллагын нэрэмжит тэмцээний мөнгөн шагнал л гайгүй өндөр байдаг.
Эх сурвалж: “Үндэсний шуудан“ сонин.