Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэдээлснээр гадаад зах зээл дээр арилжаалсан Засгийн газрын үнэт цаасны талаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ оны арванхоёрдугаар сарын 3-нд нээлттэй зөвлөмж гаргажээ. Өнөө өглөөний байдлаар үнэт цаас арилжаалсан мөнгө Монголд орж ирж байгаа бөгөөд хүү нь мөн өнөөдрөөс тооцогдож эхэлж байна. Бондын хүү жилд 70 орчим сая ам.доллар, 10 жилийн дараа гэхэд нэг тэрбум ам.доллар болох юм. Ийнхүү “Чингис бонд”-ын цаг тоолол өнөөдрөөс эхэлж цаг минут тутамд хүү бодогдож эхэлжээ. Иймээс Монгол Улс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа эхлээд жирийн иргэдээ хүртэл хариуцлагатай улс болох ёстойг Төрийн тэргүүн санууллаа.
Гадаад зах зээлд бондын талаар буруу мэдээлэл өгсөн тохиолдол бүр хариуцлага дагуулна. Нэг хариуцлагагүй мэдэгдэл ардаа 10 сая ам.долларын өр болж Монгол Улс дээр бууна гэдгийг анхааруулж байсан юм.
“Чингис бонд”-ыг арилжаалж олсон мөнгийг Монгол Улсын эдийн засгийн бие даасан аюулгүй байдлыг бэхжүүлэх үр ашигтай, эргэн төлөгдөх санхүүжилттэй үйлдвэрлэл, дэд бүтцийн чухал объектуудыг санхүүжүүлэх юм. Харин төсвийн цоорхойг нөхөх, төсвийн урсгал зардал нөхөх, ялангуяа нийгмийн халамжид үүнийг зарцуулахгүй. Нэг төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн зөвхөн гуравны нэгийг бондоор босгосон хөрөнгөөс санхүүжүүлэх бөгөөд өөрөөр хэлбэл, нэг ам.долларыг бондын хөрөнгөөс, хоёр ам.долларыг бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ гэсэн үг гэдгийг Ерөнхийлөгч тайлбарлалаа.
ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжид тусгаснаар Засгийн газрын үнэт цаасны зарцуулалт, эргэн төлөлт, тавих хяналтад шаардагдах нэмэлт эрх зүйн орчинг УИХ-ын намрын чуулганд багтаан бүрдүүлэх, Засгийн газрын үнэт цаасны зарцуулалт, төсвийн сонголт, хэрэгжүүлэлтэд тавих хяналтыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд, үнэт цаасны үйлчилгээ, хүүгийн болон үндсэн төлбөрийг барагдуулах, түүнийг төсвийн эх үүсвэртэй уялдуулахад тавих хяналтыг Төсвийн байнгын хороонд хариуцуулахаар болсон байна.
Засгийн газрын бонд арилжаалах замаар бүрдүүлсэн хөрөнгийн эх үүсвэрээс төсөл, хөтөлбөр, сонгон санхүүжүүлэх асуудлыг тухай бүрт Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж УИХ-ын даргад бичгээр танилцуулж байхыг Засгийн газарт зөвлөмж болгоод байна. Бонд арилжаалсан хөрөнгөөр тэргүүн ээлжинд Монгол Улсын эдийн засгийн бие даасан, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн, үр ашиг, эргэн төлөгдөх баталгаа бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр болжээ.
Үүсч болох эрсдлийг тооцож, эрсдлийн удирдлагын механизмыг бүрдүүлэх үүднээс Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн яам зэрэг эдийн засгийн чиглэлийн яамд, Монголбанк, УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хорооны удирдлага, бие даасан шинжээчдээс бүрдсэн Бодлогын зөвлөл байгуулахаар болжээ.
Бонд арилжаалж бүрдүүлсэн эх үүсвэрээр бүрдүүлсэн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн сонголт ил тод, хариуцлагатай байх, цаг хугацаандаа хэрэгжиж байх зарчмыг иргэний хяналт дор хэрэгжүүлэх, Засгийн газрын бодлогын залгамж чанарыг хадгалах зэргийг Засгийн газарт зөвлөмж болгожээ.
ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад зөвлөмж болгосноор тэрбээр Засгийн газрын үнэт цаасыг арилжаалах замаар бүрдүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийн зарцуулалт, төсөл, хөтөлбөрийн сонголт, хэрэгжилт нь авлига, албан тушаалын үйлдэл, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх чиглэлээр прокурор, АТГ, ТЕГ, бусад холбогдох хууль хяналтын байгууллагын ажлын уялдааг хангаж ажиллахаар болсон байна.