АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ жилийн хамгийн нөлөө бүхий хүнээр шалгарчээ. Түүний дараа ХБНГУ-ын канцлер Ангела Меркель бичигдэв. Обама энэ чансааг хоёр дахь удаагаа тэргүүлж байна. Харин Меркель 2011 онд жагсаалтын дөрөвт нэрлэгдэж байжээ.
Харин гуравдугаарт Оросын ерөнхийлөгч Владимир Путин бичигджээ. Өнгөрсөн жилд тэрээр жагсаалтын хоёрт, харин 2010 онд дөрөвт, 2009 онд гуравт орж байсан юм.
Өнгөрсөн жилийн тав дахь нөлөөтэй хүнээр нэрлэгдэж байсан “Microsoft”-ийг үндэслэгч Билл Гейтс энэ удаа чансаагаа нэгээр дээшлүүлэн дөрөвт оров. Тавдугаарт Ромын хамба XVI Бенедикт бичигдсэн нь мөн л өнгөрсөн жилийнхээс нэг шатаар дээшилжээ.
Нөлөө бүхий хүмүүсийн эхний 10-т хоёр санхүүч орсон байна. Үүнд АНУ-ын Холбооны нөөцийн газрын (Төв банк) тэргүүн Бен Бернанке тавд, Европын Төв банкны ерөнхийлөгч Марио Драги наймд нэрлэгджээ. Тэднээс гадна топ-10-т Саудын ван Абдулла ибн Абдель-Азиз (7), ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Хятадын ирээдүйн дарга Си Жиньпин (9), Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон нар бичигдсэн байна.
Өнгөрсөн оны 59 дэх хүн болж байсан Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев энэ удаа 61 дүгээрт бичигдэн 86 настай тэтгэврийн хөгшин Хятадын дарга асан Зянь Земинийг гүйцэж түрүүлэв. Тэдний дараа Мексикт хамгийн ихээр хайж байгаа Синалоа гэх хар тамхины картелийн тэргүүн наркобарон Хоакин "Эль Чапо" Гусман оржээ.
Чансаанд 71 хүн дурьдагдсаны хамгийн сүүлд нь “LinkedIn” бүтээгчдийн нэг Рид Хоффман бичигдсэн бөгөөд тэрээр анх удаагаа дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн чансаанд оржээ.
Чансааг гаргахад тухайн хүний бусдад үзүүлэх нөлөө, санхүүгийн хөрөнгө мөнгө, мөн нийгмийн янз бүрийн салбарт үзүүлэх нөлөө болон нөлөөгөө хэрхэн ашиглаж байгааг нь харгалзаж үздэг ажээ.