Бараг хагас сая хүн өнгөрсөн лхагва гаригт Бангкокийн түүхэн төв болон хаантны талбайд цугларан вангийнхаа цувааг угтан Тайландын ван Пхумипхон Адулъядетад (IX Рама) 85 насных нь ойн баяр хүргэсэн юм.
Дэлхийн хаадаас хамгийн урт хугацаанд хаанчилж байгаа вангийн ойн баяраар ийнхүү олон хүн цугларсныг орон нутгийн хэвлэл түүхэн дээд амжилт гэж бичиж байна. Хаандаа эрүүл энхийг хүсэхээр иргэд шөнийн 03.00 цагаас эхлэн талбайд цугларч байсан бөгөөд хөдөө орон нутгаас ч олон хүн иржээ.
Эрхэм дээдэс 2009 оноос хойш сэргээх эмчилгээ хийлгэж байгаа Сирират эмнэлгээс гарч ордныг зүглэхэд вангийн цуваа дайран өнгөрсөн бүх зам талбай хүмүүсээр дүүрсэн байв. Вангийн Хаантны талбай дахь Дусит ордны тагтнаас ард түмэндээ хандсан үгийг тус орны бүх телевиз, радио станц дамжуулсан байлаа.
Нийтдээ 200 мянган хүн ирнэ гэж тооцоолдог хаантны талбайд ийм олон хүн оролцсон арга хэмжээ Пхумипхон Адулъядетын хаанчилж байгаа 66 жилийн дотор зургаа дахь удаагаа болж байгаа аж.
Тэнд цугларсан олон ихэнхдээ шар өнгийн хувцас өмссөн байлаа. Шар өнгө нь тайчуудын уламжлалаар даваа гаригийн бэлгэдэл бөгөөд IX Рама хаан даваа гаригт төржээ. Энэ өдөр зургаан жилийн турш “шар цамцтанууд”-тай тэмцэлдсэн улс төрийн сөрөг хүчин “улаан цамцтанууд” хүртэл бүгд л шараар гоёсон байлаа. “Хаантнаа хүндлэн хайрлах сэтгэл энэ өдөр тайландчуудыг улс төрийн үзэл бодлоос нь үл хамааран нэгтгэлээ” гэж "Тхаи Рат" сонин бичжээ. Өнөөгийн хааны төрсөн өдөр арванхоёрдугаар сарын 5 нь Тайландын гол үндэсний баяр бөгөөд “Эцгийн өдөр” гэж нэрлэдэг. Тайчууд энэ өдөр үндэстнүүдийнхээ эцэг болсон хаанаа хүндэтгэн баярлахаас гадна өөрсдийнхөө эцгүүдээ баярлуулан бэлэг сэлт гардуулан дайлдаг ажээ.