Сербийн төлөөлөгч амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Сербийн төлөөлөгч амиа хорложээ

Бельгийн нийслэл Бруссель хотноо орших НАТО буюу Умард Атлантын цэргийн эвслийн байгууллагад Серби улсыг төлөөлөн ажиллаж байсан төлөөлөгч Бранислав Милинкович нас барсан тухай Сербийн Засгийн газраас өнөөдөр мэдээлжээ. Харин Бельгийн албаныхны мэдээлснээр Бранислав Милинкович лхагва гаригийн орой 17:00 цагийн үед Брусселийн онгоцны буудлын олон давхар автомашины зогсоолын барилга дээрээс үсэрч, амиа хорлосон гэнэ. Түүнийг үсэрсний дараа Бельгийн түргэн тусламжийнхан хэргийн газарт даруй ирсэн ч тэрээр аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. Бельгийн прокурорууд энэхүү хэргийг амиа хорлолт гэж үзжээ.  Эх сурвалжийн мэдээлснээр Бранислав Милинкович лхагва гаригийн орой Сербийн Гадаад хэргийн сайд болон бусад албаны хүмүүстэй уулзахаар Бруссельд ирээд байсан байна. Тэрээр Сербийн албаныхантай онгоцны буудал дээр дипломат уулзалтаа хийж, дуусгаад “агаар амьсгалъя” гэж дээшээ гараад ийн үсэрсэн гэнэ. Харин Сербийн хэвлэлүүд түүний үхэл дэндүү гэнэтийн бөгөөд тэрээр тухайн өдөр хэвийн байсан гэж бичиж байгаа аж. Хэдийгээр Серби улс нь НАТО-гийн гишүүн орон биш боловч Сербийн төлөөлөгч Бранислав Милинкович хөрш Косовотой холбоотой зөрчилдөөний асуудлаар энхийн хөтөлбөр боловсруулахаар НАТО-д 2009 оноос хойш төлөөлөгчөөр ажиллаж эхэлжээ. Бранислав Милинкович өмнө нь сэтгүүлчээр ажиллаж байсан бөгөөд эхнэр зургаан настай хүүгийн хамт амьдардаг байжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж