Номхон далайн баруун өмнөд хэсэгт орших арлын орон Шинэ Зеланд улсыг өчигдөр хүчтэй хар салхи ниргэсэн байна. Үүний улмаас Шинэ Зеландын хамгийн их хүн амтай Окленд хотод гурван хүн амь үрэгдэж, долоон хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэжээ. Богино хугацаанд багагүй хэмжээний хохирол дагуулаад буй тус хар салхи цаашлаад өнөөдөр үдээс өмнө Шинэ Зеландын баруун хойд хэсгийн Хобсонвилл, Уенуапай зэрэг хотуудыг мөн дайрсан байна. Эдгээр хотуудад хар салхины уршгаар 150 айлын орон байр эвдэрч, сүйдэн, олон зуун хүн орох оронгүй болжээ. Мөн хүчтэй хар салхины улмаас олон тооны онгоцны нислэг цуцлагдаж, замын хөдөлгөөн хаагдаж, олон зууны настай бүдүүн моднууд булгарч унажээ. Шинэ Зеландын ус цаг уурын агентлагийн мэдээлснээр энэхүү хар салхины нөлөөгөөр ихэнхи нутгуудаар аянга цахилгаан бүхий аадар бороо орсон байна.
Б.АНХТУЯА