Н.Энхбаяр өлсгөлөн зарлана гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр өлсгөлөн зарлана гэв

МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн
байдлын талаар намын нөхөд болох Анагаах ухааны доктор, профессор
Л.Жамбалжав, ХӨСҮТ-ийн Элэгний клиникийн их эмч М.Тунсаг нар өнөөдөр
МАХН-ын байранд мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлснээр Н.Энхбаярын биеийн
байдал маш хүнд, амь насанд аюул учраад байгаа аж. Яаралтай арга хэмжээ
авахгүй бол нэгэнт оройтож мэднэ гэдгийг хэвлэл мэдээллээр дамжуулж
нийтэд сануулав. Ингээд энэ талаар Л.Жамбалжав  эмчээс зарим зүйлийг тодрууллаа.

-Н.Энхбаяр яг ямар оноштойгоор эмнэлэгт гурван сар гаруй эмчлүүлж байгаа вэ? 

– Онош нь үнэхээр тодрохгүй байна. Манай улсад Н.Энхбаярыг эмчлэх,
нарийн шинжилгээ хийх боломжгүй байгаа юм. Н.Энхбаярын биеийн  уураг
буюу альбимуны хэмжээ нь өдрөөс өдөрт буурч байгаа. Хоол, тэжээлийн
дутагдалтай холбоотойгоор зүрх, элэг, бөөрний үйл ажиллагаанд сульдал
үүссэн. Ялангуяа зүрхний булчингийн үйл ажиллагаанд тэжээлийн дутагдлын
шинж илэрсэн. Цусан дахь билирубин буюу хорт бодисны хэмжээ хэт ихэсч
байна.

-Эмчилгээ хийгээд биеийн байдал нь сайжраагүй гэсэн үг үү?

-Эмчилгээ хийлгэж байгаа ч мэдэгдэхүйц үр дүнд хүрэхгүй байна. Яаралтай
арга хэмжээ авахгүй бол амь насанд нь ч аюул учирч болзошгүй.

-Яагаад эмчилгээ үр дүнд хүрэхгүй байгаа юм бол? 

-Н.Энхбаярыг хэнтэй ч уулзуулахгүй, эмнэлгийн ганц өрөөнд хатуу хяналтад
хашаад байна шүү дээ. Энэ хүнийг цэвэр агаарт гаргаж, гэр бүл, олон
нийттэй байнгын харилцаатай байлгаснаар биеийн байдал нь сайжрах юм гэж
бид үзэж байна.

-2-р эмнэлгийн эмч нарын мэдээлснээр Н.Энхбаярыг хувийн эмч,
сувилагч нар нь 24 цагийн турш асарч байгаа гэсэн. Гэтэл та яагаад түүнд
эмчилгээ хийгээгүй гээд байгаа юм бэ? Бас гэр бүлийнхэнтэй нь зохих
журмын дагуу уулзуулж байгаа гэж Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий
газраас мэдээлж байгаа?

-Тийм зүйл огт байхгүй. Өрөөндөө ганцаархнаа ялтан шиг л байгаа учраас
биеийн байдал нь сайжрахгүй, өвчин нь улам үгдэрч байна. 

-Н.Энхбаяр өлсгөлөн зарлах гэж байгаа гэсэн үнэн үү?

-Угаасаа Н.Энхбаяр хууль бус шийдвэрийг эсэргүүцэж, өлсгөлөн зарлаж
байсан. Энэ удаад ч Улсын дээд шүүх хууль ёсны шийдвэр гаргахгүй бол
өлсгөлөн зарлах байх.

-Маргаашийн шүүх хуралтай холбоотойгоор өнөөдөр эмч нар мэдээлэл
хийж байгаа гэж ойлгож болох уу?  Тэр тусмаа намынх нь байранд хурал
хийж байгаа болохоор…

-Өөр хурал хийх газар олдсонгүй.

Сануулахад: МАХН-ын дарга Н.Энхбаярт эрх мэдлээ урвуулан
ашиглаж төрд их хэмжээний мөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон учир
хоёр шатны шүүхээс дөрвөн жил хорих ял оноогоод байгаа. Түүнд өнгөрсөн
наймдугаар сарын 2-нд Сүхбаатар дүүргийн ял оноосноос хойш Цагдан хорих
461-р анги буюу Ганц худагт хоригдож байгаад биеийн байдал гэнэт муудсан
гэх шалтгаанаар наймдугаар сарын 20-ноос өнөөг хүртэл Сайд нарын гэх
тодотголтой Улсын хоёрдугаар эмнэлэгт эмчлэгдэж байгаа юм. Түүний
хэргийг хянах Дээд шүүхийн хурал маргааш болохоор товлогдоод байгаа
билээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж