Ардчилсан хувьсгал ялснаас хойшхи 23 жилийн турш улс орноо нуруундаа үүрч ирсэн баялаг бүтээгчдэд талархал илэрхийлэх арга хэмжээг өнөөдөр 15.00 цагт Төрийн ордонд зохион байгуулах юм байна. Мөн нийгмийн зорилтот бүлэг буюу 17 настнуудад баярынхаа нэг өдрийг зориулахаар болжээ. Тиймээс 17-тнууд маргааш 14.00 цагт Буянт-Ухаа дахь спорт цогцолборт цуглаж, эрүүл амьдрал, идэвхитэй хөдөлгөөн, ирээдүйн мэргэжил сонголт, их бүтээн байгуулалтын мэдээлэлтэй танилцаж, бүжиглэх юм байна. Өнөөдрийн 17 настнууд ирэх жил 18 нас хүрч, анх удаа Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэх юм. Мөн энэ үеэр сурагчдын дунд сонгох эрхийн мэдлэгийн талаар санал асуулга болно. Харин энэ мэдээллийн дараа сэтгүүлчид орон нутгийн сонгуулийн үр дүн болон Засаг дарга нарын томилгоо, МАХН засгаас гарах болсон талаарх асуултад хариулт авлаа.
-МАХН хамтарсан Засгаас гарахаа мэдэгдсэн. Ийм тохиолдолд Ардчилсан нам ямар арга хэмжээ авах вэ?
Ц.Оюундарь:-МАХН-ын Гүйцэтгэх товчооноос тийм шийдвэр гаргасан. Ардчилсан нам Засгийн газраа байгуулахдаа “Шударга ёс” эвсэлтэй гэрээ байгуулсан. “Шударга ёс” эвсэлд МАХН болон МҮАН гэсэн хоёр нам багтдаг. Тиймээс эвслээс шийдвэр гаргасны дараа Засгийн газрын цаашдын үйл ажиллагаа шийдэгдэнэ.
-“Шударга ёс” эвсэлтэй гэрээ байгуулахдаа ямар нэгэн нам Засгаас гарсан тохиолдолд хэрхэх талаар тусгасан уу?
-Таавар тааж байгаа шиг асуудалд хандаж болохгүй. Гэрээнд салбал ингэнэ, нийлбэл ингэнэ гэж гэрлэлтийн гэрээ шиг заагаагүй. Ямар үүрэг хариуцлагатай ажиллах вэ гэдгийг л заасан.
-Ер нь аль нэгэн нам Засгаас гарах тохиолдлыг тооцож үзсэн үү?
-Мэдээж тооцсон. Гэхдээ үүнийг хэлэх нь эрт байна. Сайд нарын тэн хагасаас илүү нь ажлаа өгөх санал гаргасан тохиолдолд Засгийн газар огцордог. МАХН-ын сайд нар Засгаас гарлаа ч нийт сайд нарын тэн хагаст хүрэхгүй учраас Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх зүйн чадамжтай.
-МАХН-ын зүгээс албан ёсоор мэдэгдэл хүргүүлсэн үү?
-Ирүүлээгүй байгаа. Бид иргэдтэй ижилхэн хэвлэлээс л мэдээлэл авч байгаа.
-Зарим аймаг ирэх оны төсвөө батлаагүй байгаа гэсэн. УИХ ирэх оны төсвөө хугацаандаа батлахгүй бол тардаг. Харин аймгуудын хувьд үүнийг хэрхэн шийддэг юм бол?
-Орон нутгийн сонгууль оройтсонтой холбоотойгоор УИХ-аас тусгайлан хандаж байгаа. Гэхдээ ганц хоёрхон аймаг л төсөв батлалт оройтсон мэдээлэл бий.