Филиппиний зүүн хэсгийн нутгуудыг энэ долоо хоногийн эхээр халуун орны далайн Бофа хүчтэй хар салхи дайрснаас хойш 325 хүн амь үрэгдээд байна. Филиппиний албаныхны мэдээлснээр амиа алдагсдын тоо цаашид ч өсөх магадлалтай байгаа бөгөөд 379 хүн сураггүй болоод байгаа аж. Сүйтгэгч Бофа хар салхи Филиппинийг 175 км-ээс 210 км-ийн хурдтайгаар дайран өнгөрөн их хэмжээний хөрсний нуралт үүсгэж, үерийн гамшиг дагуулсан юм. Бофа хар салхины хөнөөлд Филиппиний найман муж өртсөнөөс Минданао арал хамгийн их хохирол амсчээ. Филиппиний гамшигт өртсөн мужуудад гэрэл цахилгаан тасарч, зам, гүүр, байшин барилгууд эвдэрч сүйдэн, харилцаа холбоо тасалдсан байна.
Б.АНХТУЯА