Баянхонгор аймгийн ИТХ-ын хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Баянхонгор аймгийн ИТХ-ын хуралдаан боллоо

Аймгийн ИТХ-ын ээлжит бус II дугаар хуралдаан арванхоёрдугаар сарын 4-ны өдөр боллоо.  Төлөөлөгчдийн ирц 100 хувь байсан бөгөөд аймгийн төвийн албан байгууллагуудын дарга, эрхлэгч, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцов.  Энэ өдрийн хуралдаанаар  Аймгийн 2013 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Баянхонгор аймгийн 2013 оны төсөв зэрэг томоохон асуудлыг хэлэлцэн баталлаа. Мөн шинэ байгуулагдсан аймгийн ИТХ-ын хуралдааны дэгийг батлаж,  бодлогын хороодыг байгуулав.

Бодлогын долоон хороотой байхаар тогтлоо

Орон нутгийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан аймгийн ИТХ нийт 41 төлөөлөгчтэй. Дийлэнхи буюу 25 суудлыг Ардчилсан нам, 15 суудлыг МАН авч, харин МАХН нэг төлөөлөлтэй болоод байгаа. Өнгөрөгч сарын 29 буюу пүрэв гаригт аймгийн Иргэдийн хурал анхдугаар хуралдаанаа хийж, ИТХ-ын даргаар Ардчилсан намаас Богд сумд нэр дэвшиж, ялалт байгуулсан Д.Ширмэнг олонхийн саналаар дэмжиж, баталсан.

Тэгвэл ээлжит бус хоёр дугаар хуралдаанаар АИТХ-ын бодлогын хороод байгуулах, түүнд харьяалагдах гишүүдийг хэлэлцэв. Хорооны гишүүдийн хариуцлагыг өндөр байлгах үүднээс тухайн төлөөлөгч зөвхөн нэг л бодлогын хороонд орж ажиллах зарчмыг энэ удаад чухалд үзжээ. Түүнчлэн бодлогын хороодыг идэвхитэй ажиллуулах үүднээс дарга нарыг нь Тэргүүлэгчдээс сонгох нь зүйтэй гэсэн байр суурийг баримтлаж байна.

Нийгмийн бодлогын хороог Д.Цэрэнхорлоо ахлаж, зургаан гишүүнтэй ажиллах бол Хүнс, ХАА-н бодлогын хороог Л.Доржхорлоо ахлаж, зургаан гишүүнтэй ажиллана. Харин Байгаль орчин, уул уурхайн бодлогын хороо таван гишүүнтэй, дарга нь Д.Сайнжаргал  бол Аялал жуулчлал, гадаад харилцааны бодлогын хороо таван гишүүнтэй, даргаар нь Х.Бат-Оргил ажиллах боллоо. Эдийн засгийн бодлогын хороог Б.Төмөрбаатар даргалж, зургаан гишүүнтэйгээр ажиллах бол Дэд бүтэц, хөрөнгө оруулалтын бодлогын хороо мөн зургаан гишүүнтэйгээр, дарга Ж,Дашцэрэнгээр ахлуулж, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хороог Ц.Очирбал даргалж, таван гишүүнтэй байхаар тогтлоо. 

Шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлнэ

2013 оны аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл 14 зорилт, 181 заалттай. Баянхонгор аймгийг хөгжүүлэх болон шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг хөрсөнд буулгах хүрээнд боловсруулжээ.

Ирэх онд аймгийн нийгэм эдийн засгийн үндсэн тулгуур болох хөдөө аж ахуйн салбарт байгалийн эрсдэл даах чадвар бүхий  мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд олон ажил хийхээр байна.

Тухайлбал Байдраг үүлдрийн хонины генийн санг хамгаалахзорилгоор 2012 оноос 500-аас доошгүй толгойгоор нэмэгдүүлэхээр тооцжээ. Мөн  ээмэгжүүлж, бүртгэлжүүлсэн малын тоо бүх малын 15-аас доошгүй хувьд хүрч,  Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн сүлжээг  байгуулахаар тусгаад байна. Төмс, хүнсний ногооны зоорь байгуулах аж ахуйн нэгж иргэдийг дэмжих замаар  хадгалах зоорийн багтаамж урьд оноос300 тонноор нэмэгдэж 1500 тоннд хүрэх юм байна.

Түүнчлэн бетон зуурмаг, хайрганы карьерын үйлдвэр байгуулах, цементийн болон чулуу бутлах ангилах үйлдвэр, мах боловсруулах, ноос боловсруулах үйлдвэрүүдийг ажилд оруулахыг онцгойлон дэмжихээр тусгажээ.

 Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханы хувьд 2013 оныг Баянхонгор аймгийн хувьд Үйлдвэржүүлэлтийг дэмжихэд түлхүү анхаарсан жил болгох байр суурийг баримталахаа хэлж байна.

Ирэх онд  Хөдөө орон нутгийн хөгжлийг эрчимжүүлж, иргэд оршин суугаа газартаа ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд их ажил өрнөх аж. “Шинэ сум” төсөл Баянлиг зэрэг хоёр суманд хэрэгжинэ. Хөгжлийг хөдөөгөөс гэсэн бодлогын хүрээнд аймгийн төвөөс хамгийн алслагдсан  газар буюу говь, хангайн тус бүр нэг сумаас уг төслийг эхлүүлэхээр болжээ. Ийнхүү 2013 оны аймгийн үндсэн чиглэлийн зорилтыг хэрэгжүүлснээр Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн 5 хэсгийг хэрэгжүүлэх эхлэлийг тавьж,  аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааны хөтөлбөрийн суурийг эхлүүлэх юм.

Ирэх оны төсвөө баталлаа

2013 онд манай аймагт нийтдээ улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 44,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэх аж.

Төсвийн шинэ хуульд зааснаар аймгууд арванхоёрдугаар сарын 5-ны өдөрт багтаан төсвөө батлах ёстой. Тиймээс ч  хуралдааны хэлэлцүүлгийн анхаарал татахуйц гол асуудал нь  2013 оны орон нутгийн төсөв байлаа.

 АИТХ-ын ээлжит бус хуралдаанаар  хэлэлцүүлж батлагдсан төсвийн гол агуулга нь  бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулахад оршиж байна. Баянхонгорчууд ирэх онд 59 тэрбум гаруй төгрөгийн төсвийн мэдэлтэй байгаа. Харин 2012 онд Баянхонгор аймгийн төсөв 9,7 тэрбум төгрөг байжээ. Өмнөх оноос хэд дахин их мөнгийг үр ашигтай, зөв зүйлд зарцуулахаар хуваарилах нь чухал юм.

Хуралдааны үеэр аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан нийт Төлөөлөгчдөд хандан, “Та бид өнөөдөр, аймгийн ирэх оны  үндсэн чиглэл  болон орон нутгийн төсөв гэх мэт олон чухал асуудлыг хэлэлцэн баталлаа. Аймгийнхаа иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулахад чиглэгдсэн томоохон хөтөлбөр, төсөв, зорилтыг дэмжин баталсан та бүхэнд талархалаа илэрхийлье. Та бид бүгдээрээ  Шинэ сум, баг, хороололыг бий болгож, авто болон явган хүний зам, инженерийн шугам сүлжээ, барилгын үйлдвэр зэрэг олон ажил хийхээр төлөвлөлөө. Үндсэн чиглэлд салбарын чиглэлээр тавьсан зорилтуудыг нарийвчлан тусгасан бөгөөд 2013 оныг  “Үйлдвэржилтийн  жил” болгохыг би зориуд хэлмээр байна.” гэв.

АИТХ-ын  ээлжит бус хуралдаан энэ сарын 04-ний 10.30 цагт эхлэн  21:00 цагт өндөрлөлөө гэж Баянхонгор аймгаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж