Ч.Сарантуяа: Энэ сард ахиу цас орно

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Ч.Сарантуяа: Энэ сард ахиу цас орно

Ойрын үед цаг агаар шаггүй хүйтэрч нэхий дээл нэвт жиндээж буй. Цаг агаарын энэ байдал ч иргэдийг түгшээж “Энэ өвөл онд орох байгаа” хэмээн ярьж буй. Ер нь энэ хүйтэнд нийтийн тээврийнхэн ч багагүй сандарч байна. “Өглөө автобус царцаад мотор нь зуураад асдаггүй. Шөнө горьгүй хүйтэн хонож байгаа бололтой” гэх яриа жолооч бүрийн амнаас сонсогдов. Үнэхээр ч хүйтэн жиндүү байгааг хэн хүнгүй мэдэрч байна. Монгол орны нийт нутгаар цас орж мөсөн бүрхүүл тогтож мал бэлчээрлэх боломжгүй болсон тухай байсхийгээд л мэдээлж буй. Хөдөөнөөс холбогдсон хүмүүс “Манай нутгаар цас л их орж байна. Энэ өвөл ч чанга байх төлөвтэй шүү. Өнжөөд л цас орж байна” гэсэн мэдээг дуулгах юм. Иймээс энэ сарын төлөв байдал ямар байх талаар Ус цаг уурын хүрээлэнгийн цаг уурч Ч.Сарантуяагаас  тодрууллаа.

-Цаг агаар их хүйтэрч байна. Шөнөдөө -40 хэм хүрч байгаа юу?

-Арванхоёрдугаар сар олон жилийн дунд-жаас хүйтэн байх төлөв ажиглагдсан. Ер нь нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орно. Алтайн өвөр говиор дулаан бусад нутгаар хүйтний эрч чангарч байна. Шөнөдөө -30 хэм хүрч байна. Хамгийн хүйтэн бүс Дархадын хотгор Идэр, Тэс голын хөндийгөөр бол -45 хэм хүртэл хүйтэрлээ. Ойрын үед цаг агаарын төлөв байдал иймэрхүү л байх болов уу. Энэ сарын 6-нд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, хүйтний эрч чангарна. Сарын дунд үеэр хүйтний эрч бага зэрэг суларна. Сүүлийн арав хоногт дахин чангарах төлөвтэй байгаа. Ерөнхийдөө арванхоёрдугаар сарыг хүйтэн байх нь гэж ойлгоод хувцсаа тохируулж өмсөх хэрэгтэй. Хөдөө орон нутаг тээвэрт явдаг хүмүүс машин техникийнхээ бүрэн бүтэн байдлыг сайн хангаарай гэж зөвлөмөөр байна. Энэ сарын 20-ноос хойш нутгийн хойд хэсгээр цастай. Тал хээр газраараа салхины хүч ширүүсч 12-14 метр секунд хүрч цасан шуурга шуурна.

-Энэ жил онцгой хүйтэрнэ гэсэн. Өвөл -70 хэм хүрч хүйтэрч болзошгүй гэж иргэд яриад байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Ер нь -70 хэм хүрч хүйтэрч байсан тохиолдол дэлхийн хэмжээнд ч байгаагүй. Энэ бол худлаа цуурхал. Хүмүүс хаанаас ийм худлаа мэдээлэл аваад байгааг хэлж мэдэхгүй юм. Дэлхийн хамгийн хүйтэн газар туйлын бүсэд ихдээ л -66 хэм хүрч хүйтэрдэг. Монголд 1936 онд Увсын Зүүнговь суманд 55.6 хэм хүрч хүйтэрсэн тохиолдол тэмдэглэгдсэн байдаг. Завханы хойд талын Баянтэс, Тэс, Баянхайрхан, Яруу, Идэр зэрэг сумын нутгаар өвөлдөө -47 хэм хүрч хүйтэрдэг. Ерөнхийдөө хүйтэн бүс л дээ.

-Өвөл орох хур тунадасны хэмжээ нэмэгдэж байна гэж ярьж байгаа. Энэ нь юутай холбоотой вэ?

-Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс болоод өвлийн хур тунадасны хэмжээ нэмэгдэж байна. Монгол орны хувьд 2000 оноос хойш цас их орох болсон. 2009 оноос хойш олон жилийн дунджаас илүү хүйтэрч байна. Дэлхийн дулаарлын нөлөөнөөс үүдээд зун орох хурын хэмжээ багасч өвөл нь эсрэгээрээ их цас орж байна. Мөн далайн усны төвшин нэмэгдэж байгаа. Бас гамшигт үзэгдлийн давтамж олширч байна.  Энэ хэрээр зуд болох эрсдэл байгаа. Цас их орж мөсөн бүрхүүл тогтоно гэдэг чинь л зудын эхлэл шүү дээ. Ингэлээ гээд байгалийн гамшигт үзэгдлийг яалтай билээ.

-Нийт нутгийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтож мал бэлчээрлэх нөхцөлгүй болсон гэсэн. Энэ сард цас их орно гэхээр улам л хэцүү болох нь ээ?

-Өнгөрсөн сард хэд хэдэн удаа цас орсон. Энэ сар гараад ойр ойрхон их бага хэмжээгээр цас орж байна. Тэгэхээр бэлчээр улам хүндрэх нь ойлгомжтой. Нийт нутгийн 70 хувь нь цасан бүрхүүлтэй. 30 гаруй хувьд нь 10 см-ээс зузаан цастай байна. Увсын Хяргас, Баруунтуруун сум, Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цасны зузаан 20-50 см байгаа. Хунгарласан газраа 60-130 см хүрсэн. Одоогоор есөн аймгийн 24 суманд мал бэлчээрлэх боломжгүй болсон тухай мэдээ ирсэн. Түүнчлэн 16 аймгийн 56 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй боллоо.

-Улаанбаатарт их хүйтэрч байгаа нь мэдрэгдэх боллоо. Шөнөдөө хэд хүрч байгаа вэ?

-Нийслэлд шөнөдөө -30 хэм хүрч хүйтэрч байна. Яармаг, Сонгины орчим илүү хүйтэн. Өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч дунджаар 25 хэм байгаа.

-Та сүүлийн арав хоногт хүйтний эрч чангарна гэж хэлсэн. Ес эхлэхээр бүр ч тачигнах нь ээ дээ?

-Шинжлэх ухааныхаа үндэслэлээр бол цаг агаарынхаа ерөнхий төлөвөөр тодорхойлоод байгаа юм. Ес гэж тооцоолж үзээд байгаа зүйл бол уламжлалт зан үйлтэй холбоотой байх. Манай монголчууд эрт дээр үеэс нүүдэлчин уламжлалтай байсан учраас малчид өөрсдийн баримжаагаар цаг агаарын байдлыг ес хоногоор хэмжиж үздэг байсан.  Хаврын сар гараад ирэхээр хүйтний эрч сулардаг үзэгдлийг таван есөд тавьсан будаа хөлдөхгүй ч гэдэг юмуу. Ингэж цаг агаарыг баримжаалж ирсэн.

Б.ГАНАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж