Нийслэлчүүдэд үүц хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүдэд үүц хэрэггүй

Монголчууд биднээс арилдаг­гүй нэг дутагдал байна. Тэр нь  бэлэнчлэх  зан. Энэ нь бүүр багаас нь хэвшчихсэн. Эцэг эх нь хоол хувцас гээд хэрэгтэй бүхнийг нь бэлтгээд өгнө. Сүүлдээ төр засгаараа бэлтгүүлэх гэдэг болсон. Түүний нэг нь  нөөцийн  мах хаврын тарчигт хэрэглэнэ гэх тодотголтой нөөцийн маханд хэдэн тэрбумаар нь мөнгө цацах болсных юм. Зарим үед өөрсдөдөө нөөцлөөд байна уу, хятадуудад нөөцлүүлээд байна уу гэдэг нь ойлгогдохгүй. Нөгөө цуглуулж хадгалсан махыг сүлжээний хэдэн дэлгүүр өнгөн дээрээ дургүй царайтай ч цаанаа бөөн баяр худалдаад дуусдаг гэх. Үнэн хэрэгтээ тэр махыг худалдах эрхийг авах гэж далдуур бөөн танил талаараа гүйлддэг юм билээ. Захын найман нэрийн барааны дэлгүүр хүртэл сүлжээнийхэнтэй өрсөлдөнө. Яаж зүгээр байх вэ олдох олдохгүйдээ хүрч нөөцийн мах сайн муу үг дуудуулна. Цагаа болоход хотынхонд үүцэлсэн мах нь хүртэх ёстой хүмүүстээ амсуулах төдий.  Харин нийтийн хоолны газрууд замаас нь шомбоддог сураг гардаг. Бас л ашгийн нэг хэлбэр. Өнгөрсөн зун дам яриа сонсоход хямд үнэтэй нөөцийн махны эрх авсан эздээс эхлээд борлуулагчид боломжийн ашиг унагасан тухай хэвлэлээр яригдсан.

Энэ удаад нийслэлийнхны үүцийг бэлтгэх гэж олон компани өрсөлдлөө. Нийслэлд “Жаст арго”, Дархан-Уул аймагт “Баатрууд тэнгэр”, Орхон аймагт “Эрдмийт” компаниуд ирэх хаврын үүцийг бэлтгэхээр ажлаа эхлүүлсэн. Нийслэлийнхэнд 14 мянган тонн мах үүцэлж бэлтгэхээр 86 тэрбум төгрөг улсын төсвөөс гаргаад байна. Мах нөөцлөхөд туслан гүйцэтгэгчээр ҮХАА-н сайд Х.Баттулгын “Мах импэкс” ХК-ний охин компани гэгдэх “Монгол мах экспо”-гоос гадна, “Мах маркет”, Дэвшилт трейд”, “Тайж трейд” зэрэг компани ажиллаж байна. Нөөцийн гэдэг утга нь хавар махны үнэ өсдөг учир түүнийг тогтоон барих гэсэн арга. Үе үеийн Засгийн газар үүнээс өөрийг сэдэж чадсангүй. Хэрэглэгчид хавар үүцний хямд сайхан мах гарна гэсэн сургаар мах нөөцөлдөггүй. Зуд гэсэн зуйгуул үгийн сургаар мах нөөцлөх нэрээр мөнгө олдог арга эрх мэдэлтний том компаниудад тогтчихжээ. Тиймийн учир энэ хэдэн компанийн хүрээнд эргэлдээд байгаа юм.

Өнгөрсөн зун Баянзүрхийн захын дэлгүүрт нөөцийн мах хүлээж дараалалд зогссон хөгшчүүд хуучин нийгмийг санагдуулаад авсан. Шинэчлэлийн тодотголтой Засгийн газар энэ удаад шинийг сэдэж чадалгүй үргэлжлүүллээ. Махны үнийг тогтвортой бариад нөөцийн маханд мөнгө цацахгүй байх боломж бий, зөвхөн нөөцлөх гэсэн үг үнийг хөөрөгддөг гэж эдийн засагчид ярьдаг юм билээ. Тэгэхээр нийслэлийнхэнд “үүц” бэлтгэх гэж татвар төлөгчдийн мөнгийг арга зальтай нэгний халаасанд чихэж байдаг нь илүү ажил болж хувирлаа. Өөрт тодорхой ашиггүйгээр сайн санаа гаргаж, ихээхэн төвөгтөй энэ олон тонн махыг  бэлтгэх гэж зүтгэдгийн учир их байна. Монголчууд бидний үүцээ зэхүүлдэг хуучны бэлэнчлэх сэтгэлгээ хоцорчээ. Олны гар дамжиж зориулалтын бус агуулахад хадгалагдан хөлд гишгэгдэж, ястайгаа огтлогдсон махыг үүц гэж хэн хэлэх юм бэ. Үүнийг арай хямд юм гэж тэтгэврийнхэн л авч байгаагаас биш  30 хувь нь ястай махыг хямд байлаа ч хэрийн хүн авахаа байсныг харж болно.  Ченжүүд гэдэг сайн гарууд Монголын махны үнийг барьчихаад байгаа гэж ярьдаг. Үүнийг Махны холбооныхон гэж тустай нөхөд зохицуулахаар болсноо ярьсан. Зохицуулагдахгүй юм байхгүй гэж саяхан Ерөнхий сайд аймгуудын дарга нартай видео хурал хийхдээ хэлнэ билээ. Талхны үнэ мэддэггүйтэйгээ адил махны үнэ ямар байгааг хэлж мэдэхгүй түшээд олон байгааг нуугаад яахав. Тэд хэл амгүйгээр тэр нөөцийн маханд хэдэн мөнгө тусгачих л гэж ярьж байгаа. 

“Хоол муу бол жилийн зовлон, хань муу бол насны зовлон” гэж үг бий. Үнэхээр тухайн цагт борц хийж, үүц ахиухан бэлтгээгүй бол жилдээ л зовдог байсан хэрэг. Хөргөгч, хөлдөөгч гэдэг таатай эд байгаагүй болохоор хавар идэхээ үүцэлж, зуныхаа махыг борцолдог нь том ухаан байжээ. Өвөл хаврын улиралд тарган мах идэхийг хүсэхгүй хэн байх билээ. Мах орлох нэмэгдэл бүтээгдэхүүн ч олширч, цагаан хоолыг илүүд үзэх нь их боллоо. Тэгэхээр нөөцийн мөнгийг нөлөө бүхий зүйлд зарцуулахыг хожим харах биз ээ.  Монголчууд нэгдэлжих хөдөлгөөнөөс өмнө хувийн аж ахуйтай байхдаа зах зээлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байсны баримт бий. Тэр үед хотынхонд нөөцийн мах гэж байсангүй. Өнөө цагт малчид цагийн эргэлтэд зах зээлд махаа нийлүүлдэг нь нийгмийн эрэлт хэрэгцээ болж байхад нөөцлөх гэж үнэ хөөрөгдөөд байгааг зохицуулах цаг болсныг иргэд хүлээж байна.  

Н.ЛХАГВА
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж