Гэмтлийн эмнэлэг ачааллаа даахаа больжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Гэмтлийн эмнэлэг ачааллаа даахаа больжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийг өчигдөр зорилоо. Үүдээр нь орвол, хөл гараа боочихсон, таяг тулсан хүмүүс дүүрэн. Хүлээн авахын үүдэнд үзүүлэх гэж дугаарлах иргэдийн хөл ч татрахгүй юм. Бүгд л өвчиндөө шаналж, эмчид үзүүлэх гэж яарцгааж байсан. Энэ үеэр халтирч унаад бэртсэн иргэнтэй уулзвал “Цас орлоо л бол халтирахгүй өвөлжих юмсан гэж толгойгоо гашилгадаг боллоо. Бүх гудамж талбай нь халтиргаатай юм. Явган хүний зам талбай ховор болохоор хаагуур явахаа мэдэхгүй, машинтай уралдаж явж байгаад хөлөө бэртээчихлээ. Одоо эмчид үзүүлэх гээд л зогсч байна. Дугаар ихтэй юм аа” хэмээж байлаа. Эмчид үзүүлэх гээд хүлээн суугаа иргэдтэй уулзаж ярилцах гэсэн боловч “Өвдөж ядаж байхад юу яриад сууж байх вэ” хэмээн зарим нь ундууцах.

Гэмтэл, согогийн чиглэлийн өвчнийг эмчлэх ганц газар нь ГССҮТ болохоор тус төв дэндүү их ачаалалтай. Өвлийн улиралд бол ачаалал нь бүрч нэмэгдэж хонгил нь хүнээр дүүрсэн байдаг гэнэ. Өвлийн улиралд ачааллыг нэмдэг гол зүйл нь халтиргаа, гулгаа. Халтирч унаад гар, хөлөө хугалсан, гэмтээсэн хүн болгон энэ эмнэлгийг зорихоос өөр арга замгүй. Сүүлийн үед “Халтирч унаад бэртчихлээ” хэмээн тус эмнэлгээс тусламж хүсэгчдийн тоо эрс нэмэгдсэн гэнэ.  ГССҮТ-д өдөрт 250-300 хүн хандаж байгаагийн 60 хувь нь буюу 130-180 нь халтирч унаж бэртсэн хүн байдаг болжээ. Халтиргаанаас болж зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан сар, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна.

Ингээд бид Хүлээн авах өрөө рүү орлоо. Хүлээн авах хэсэгт жижүүрийн хоёр эмч иргэдийг үзэж байв. Гадаа хүлээж тэссэнгүй бололтой, хүлээн авахын өрөөнд ч гэсэн үзүүлэх гээд хүмүүс шавчихаж. Нэг нь эмчид үзүүлээд, зөвлөгөө аваад гарахад нөгөө нь зөрж ирээд л хамаг зовлонгоо тоочино. Энэ үеэр нэг эмэгтэй, “Хүү минь хүнд хутгалуулчихлаа. Чинэрч өвдөөд байна гэнэ. Хурдан үзээд өгөөрэй” хэмээн дайран орж ирсэн. Түүний хүү нь дэлгүүр орох гэж яваад хэн нэгэнд хүзүүнийхээ ойролцоо хутгалуулсан аж. Энэ мэтчилэн тус эмнэлэгт янз бүрийн хүмүүс ханддаг байна. Түүнчлэн орон гэргүй хүмүүс хүртэл хоноглох газаргүй хөлдөж үхэх дөхөхөөрөө ГССҮТ-ийг л барааддаг хэмээн эмч нар ярьсан.

Б.МӨНХБАТ: 20 ХҮНЭЭС 10 НЬ ХАЛТИРЧ УНАН ЭМНЭЛЭГТ ХАНДАЖ БАЙНА

Энэ үеэр тус эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эмч Б.Мөнхбаттай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Халтирч унаад бэртсэн хүмүүсийн тоо нэмэгдэж байна гэсэн. Ямар бэртэл их байна вэ?

-Шууны яс, шагайн үений хугаралтай хүмүүс их ирж байна. Хүнд хүмүүс ч нэлээд ирж байна. Настай хүмүүсийн яс сийрэгжсэн байдаг учраас шууны ясаа гэмтээх нь их байна. Мөн дунд чөмөг нь хугарчихаад ирж байна. Ийм гэмтэлтэй хүмүүс заавал хагалгаанд орж эмчлүүлэх шаардлагатай байдаг.

-Насны хувьд ямар хүмүүс хандаж байх юм?

-Настай хүн, хүүхдүүд л их бэртэж байна даа. Дөнгөж сая хүртэл нэг хүү халтирч унаад бэртсэн гээд ирээд явлаа.

-Өнөөдөр ойролцоогоор хэчнээн хүн ирээд байна вэ?

-Би л гэхэд өглөөнөөс үд хүртэл 20 орчим хүн үзсэн байна. Үүний 10 нь халтирч унасан гэх шалтгаантай ирсэн.

-Халтирч унаад бэртсэн тохиолдолд анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ?

-Хөдөлгөөнгүй байлгаж байгаад яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.

-Зарим хүн халтирч унахаар нь толгой нь доргисон байж магадгүй гээд сэгсрээд байдаг. Энэ нь зөв үү?

-Энэ бол осолтой. Тухайн хүнийг ямар гэмтэл авсныг мэдээгүй байж сэгсэрч болохгүй. Манайхан гар нь тулчихлаа гээд сэгсэрдэг энэ нь илүү их гэмтээх аюултай. Тиймээс эмчид шууд хандаж, дараагийн арга хэмжээг авах ёстой. 

-Иргэдэд юу гэж сэрэмжлүүлэх вэ?

-Байгууллагууд үүдэндээ халтирдаггүй дрож дэвсэх хэрэгтэй. Мөн ойр орчмынхоо талбайн мөсийг цэвэрлэж байх шаардлагатай. Халтиргаа гулгаанаас сэрэмжлүүлэх самбар хүртэл байрлуулах хэрэгтэй байна. Энэ байдал мөрдөгдөхгүй учраас иргэд халтирч унаж гэмтээд байгаа юм. Тиймээс иргэд өөрсдөө боломжтой, сэрэмжтэй байх хэрэгтэй.

ЦАС, МӨСӨӨ ЦЭВЭРЛЭЭГҮЙ БАЙГУУЛЛАГАД ТОРГУУЛЬ НООГДУУЛДАГ

Хүмүүс бэртэж байгаагийн гол шалтгаан нь явган хүний зам, байгууллагуудын шат, үүд орчмыг гөлгөр хавтангаар хийж байгаатай холбоотой аж. Уг гөлгөр хавтан нь эрс тэс уур амьсгалтай манай оронд тохиромжгvй, дулаан оронд хэрэглэдэг материал гэсэн. Түүнчлэн байгууллагууд ойр орчмынхоо зам талбайн цас мөсийг цэвэрлэдэггүй.  ТҮК-ийнханд даатгаад орхичихдог. Гэтэл шар хантаазтнуудын тоо тийм ч хангалттай биш. Нийслэлийн хэмжээнд 80 гаруй хүн байдаг ч, тэдгээр нь зөвхөн нийтийн эзэмшлийн зам талбай болон, автозамыг л цэвэрлэдэг. Гэхдээ ТҮК-ийнхан хувийн байгууллагын үүд талбайг цэвэр­лэх  үүрэггүй. Байгууллагууд өөрсдийн эзэмшлийн талбай болон ойр орчмынхоо 50 метр талбайг цэвэрлэх ёстой юм байна. Учир нь Монгол Улсын Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд “Халтиргаа гулгаагаа арилгаагүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна” гэж заасан байдаг. Мөн тухайн байгууллагын удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нугалж, торгууль ноогдуулдаг бол тухайн байгууллагад нь хөдөлмөрийн хөлсний доод хэм­жээг зургаа дахин нэмэгдүүлж хариуцлага тооцно гээд Хог хаягдлын тухай хуульд заачихсан байгаа. Гэтэл байгууллагууд хуулиа биелүүлэхгүй байна. Түүнчлэн иргэд хуулийн энэ заалтыг мэддэггүй учраас, өөрсдөө эмчилгээний зардлыг төлдөг. ГССҮТ-өөр үйлчлүүлж буй иргэдээс энэ талаар асуухад “Ёстой дуулаагүй юм байна. Мэдмээр юм байна шүү” гэнэ билээ. Иргэд энэ талаар үнэхээр мэдээлэлгүй байдаг бололтой. Гэхдээ нэг бэрхшээлтэй нь иргэд тухайн байгууллагын гадна унаж бэртсэн гэсэн нотлох баримттай байх хэрэгтэй гэсэн. Тэр тохиолдолд тухайн гэмтсэн иргэний эмчилгээний зардал, нөхөн төлбөрийг бүрэн хариуцдаг. Уг хуулийн хэрэгжилтэд дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс хамтраад хяналт тавьдаг. Байгууллага аж ахуйн нэгжүүд журмыг хэрэгжүүлэхгүй байвал Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч, хорооны Засаг дарга нар торгох эрхтэй. Нэг удаад цас, мөсөө цэвэрлэхийг сануулаад эргээд ирэхэд цэвэрлээгүй байвал шууд торгох эрхтэй юм байна. Гэхдээ ингэж торгуулж байгаа нь хэд бол, гэмтэж, бэртэж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь мэргэжлийн хяналтынхан ажлаа хийхгүй байгаатай ч холбоотой биз.

Б.АЗЗАЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж