Хувь хүн биш хууль тогтооч шүү та

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Хувь хүн биш хууль тогтооч шүү та

З.Баянсэлэнгэ өлсгөлөн зарлахаар яриад яваа гэнэ гэх мэдээлэл нэг л биш ээ гэх сүүлийг дагуулаад байна. Тэмцэж явах, төрийн хэрэг шийдэлцэж суух хоёр тэс өөр асуудал. Аливааг шүүмжлэх амархан. Шүүмжлэлийн байр сууринаас бүхнийг хийхэд олон нийтэд таалагддаг нь нууц биш. Гэхдээ төрийн хэрэг шийдэлцэхээр төрийн сүлдэндээ тангараг өргөсөн түшээд аливааг өргөн цар хүрээтэй, өндөр мэдрэмжтэй харах ухааныг бас шаарддаг юм шүү.

Хувь хүнийхээ хувьд хэнийгээ дэмжиж, хэнийхээ төлөө тэмцэх нь тухайн хүний асуудал. Ёстой дураараа дургиж болно л гэсэн үг. Гэхдээ тангараг өргөөд Монголын ард түмний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ л гэчихсэн бол тэр хувь хүн байхаа больж байгаа хэрэг л дээ. Олон нийт ийм ойлголттой байдаг. Онцгойлон үздэг хууль дүрэмдээ ч ийм л статустай байдаг. Иймээс ч З.Баянсэлэнгэ өнөөдөр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга гэсэн албан тушаалыг хашиж байгаа. Таван яамны асуудал шийддэг байнгын хорооны дарга гэдэг хувь хүнийхээ амбицыг тархинаасаа авч хаях ёстой. Улс төрийн намынхаа ч, ухаангүй хүндэлж хайрладаг улстөрчийнхөө ч эрх ашгийг эдүгээ хашиж байгаа албан тушаалынхаа дээр тавих ёсгүй.

Энэ бол цол дагаж бяр гэдэг шиг тангараг өргөсөн улстөрчид суух наад захын сэтгэлзүй, ёс суртахуун. Дээрээс нь хариуцлага.

Нийгмийн бодлогын, боловс­ролын, соёлын, шинжлэх ухааны асуудлаараа доороо байгаа яамдаа захиран, дээрээс нь хууль эрхзүйн орчноор нь хангах үүрэгтэй, түүний биелэлтээр ард түмэн нь сайн сайхан амьдрах учиртай суудалд суусан хүн хэн нэгнийг шүүх үйл ажиллагаанд татагдан орж бүр ажил албаа хаяад өлсгөлөн зарлах дээрээ тулан туйлширч байна гэдэг нөгөө л манайхны сүүлийн хэдэн жилийн туршид ярьж байгаа төрийн хүний зангараг суугаагүйн шинж. Иймээс хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш гэдгээр З.Баянсэлэнгэ даргаа та хувь хүн биш хууль сахиулагч шүү гэдгийг хэлчихье.

Мэдээж хэрэг З.Баянсэлэнгэ дарга Н.Энхбаяр даргаа нарсанд суух учиргүй ариун цагаан хүн гэж итгэж, түүний төлөө сэтгэл гаргах эрхтэй. Гэхдээ УИХ-ын гишүүний тангараг өргөж, тодорхой хэдэн салбарыг атгаж байгаагийн хувьд амнаасаа гарах үг, үсгээ ч бодож хэлэх учиртай. Ард түмэн саналын хуудас бөглөн сонголтоо хийхдээ төрийн түшээгээр сонгож байгаа хүнээ өөрийнхөө, үр хүүхдийнхээ, улс эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэж яг тэр мөчид найддаг. Иймээс ч тэр урт жагсаалтаас сонголтоо хийдэг. Түүнээс бус эд гараад өөрсдийнхөө эрх ашгийг ингээд хамгаалаг, би яахав, улс орон яахав, үр хүүхэд маань ч яахав гэж хэзээ ч боддоггүй. Яг энэ утгаараа төрийн түшээдийн амнаас гарч байгаа үг, үсэг бүрийг алдалгүй ажиглаж байдаг. Сонголт гэдэг араасаа нэхэл хатуутай байдаг нь ерөөсөө л ийм учиртай.

Үнэхээр шүүх засаглал эрхэм даргыг нь хэлмэгдүүлээд байгаа бол байнгын хорооныхоо даргын суудлыг өгөөд, УИХ-ын гишүүнээсээ татгалзаад жинхэнэ утгаараа хувь хүн болчихоод өлсгөлөнгөө зарлан хувьсгалын тэмцэлдээ орж болно.

Төр төмөр нүүртэй гэдэг сайхан үг бий. Туйлбартай зүтгэхгүй байгаа хүндээ ч төр төмөр нүүрээ харуулах ёстой болохоос төрийн түшээгийн суудлаар түрий барь гэсэн үг биш.

Иймээс нийгмийн халамж, бодлого дутагдан өдрөөс өдөрт ядуурсаар байгаа ард түмнийхээ төлөө Ганданд том уншуулан залбираагүй Байнгын хорооны дарга нулимс дуслуулах нь холгүй нэг хүний төлөө залбирч суугаа нь муухай гэхээсээ илүү увайгүй харагдаж байсан. Ийм ч Нийгмийн бодлогын байнгын хорооны даргатай байх гэж дээ гэж харамсан бодогдож байсан. Иймээс Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан гэсэн хамгийн чухал салбарыг удирдаж байгаа гэдгээ ухааран нэг хүний төлөө бус нийт ард түмнийхээ төлөө сэтгэл гаргаач ээ гэж З.Баянсэлэнгэ даргаас хүсье.

С.БАЯР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж