хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай цаг үеийн асуудал болон жилийн
зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн талаар ярилцлаа.
-Барилгын
үнийг бууруулах нэг арга нь барилгын материалын үнийг тогтвортой
байлгах байдаг. Үүнд барилгын материалаа дотооддоо үйлдвэрлэдэг болох нь
чухал гэж яригддаг. Барилгын материалын хэдэн хувийг одоо дотооддоо
үйлдвэрлэж байна вэ?
-Барилгын бүх материал болон
бүтээгдэхүүнийг 70 хувийг импортоор авч, 30 хувийг дотооддоо
үйлдвэрлэдэг байсан. Сүүлийн жилүүдэд энэ харьцаа 60:40 болж, дотооддоо
үйлдвэрлэх нь нэмэгдсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дотоодын
барилгын материалын үйлдвэрүүдийг хөгжүүлэх, дотооддоо барилгын
материалаа үйлдвэрлэх зорилт тавьсан байгаа. Барилга, хот байгуулалтын
яамнаас барилгын материалын үйлдвэрүүдийг хөгжүүлэх хөтөлбөрийг
боловсруулаад байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр үйл ажиллагаа
явуулж байгаа аж ахуй нэгжүүдийг дэмжих, бүс нутгийн чанартай
үйлдвэрүүдийг дэмжих, хөгжүүлэх ажил хийхээр Засгийн газрын гишүүдээс
санал авсан, ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оруулахаар
төлөвлөж байна. Ингэснээр барилгын үнийг тогтворжуулах, барилгын
материалыг дотооддоо үйлдвэрлэснээр хямд үнээр бүтээгдэхүүнээ авах зэрэг
давуу талууд гарч ирэх юм. Мөн олон нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг
тогтворжуулах Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд шатахуун, махны үнэ
зэрэг үнийн тогтворжуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй. Үүний дараагийн
заалт болгож барилгын үнийг бууруулах, үнийн тогтворжуулахын тулд
Монголбанктай хамтран ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсэг гаргаж,
барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэх, орон сууцны санхүүжилтийн
асуудлыг шийдвэрлэх гэсэн хоёр үндсэн чиглэлийг барьж ажиллаж байна.
-Барилга,
орон сууц шинээр барих, цаашилбал худалдаалах үнэд газрын маргаан болон
газрын үнэ хамгийн их нөлөөлдөг. Тухайлбал, хотын төвийн байршлын орон
сууц илүү үнэтэй байх гэдэг ч юм уу. Энэ талаар ямар арга хэмжээ авч
байна вэ?
-Бид эрхзүйн салбарын шинэчлэл хийнэ. УИХ-аар
газрын тухай дөрвөн хууль хэлэлцэгдэж байсныг шинэ Засгийн газар татаж
авсан. Энэ хуулиудаа багцлаад, олон нийтийн саналыг авч, шинэ Засгийн
газрын бодлогыг тусгаад, ойрын үед УИХ-д өргөн барих гэж байгаа.
Тодруулбал, Газрын хуулийн шинэчилсэн найруулга, кадастрын тухай хууль,
геодези, зураг зүйн тухай хууль, газрын төлбөрийн хууль, албадан
чөлөөлтийг хууль зэрэг таван хуулиас бүрдсэн багц хуулийг Засгийн газрын
хуралдаанаар оруулж, УИХ-д өргөн барих юм.
-Барилгын ажил
эхлүүлэх, олгох зөвшөөрлийг МХЕГ, дэд бүтцийн сайдын хамтарсан
шийдвэрээр олгож ирсэн. Үүнийг өөрчилнө гэж байсан?
-Нийт
барилгыг гурав ангилж үзэж байгаа. Нэгдүгээр ангилалд, томоохон
цахилгаан станцын эх үүсвэрийн барилга, 17-35 хүртлэх давхар барилга,
стадион, төмөр замын буудал зэрэг олон хүн амыг хамарсан томоохон
байгууламжууд, соёлын түүхийн холбогдолтой барилгууд зэргийг оруулж
байгаа. Хоёрдугаарт, 16 хүртлэх давхар барилгууд, инженерийн зарим
байгууламж, хэсэгчилсэн барилга зэрэг. Гуравдахь ангилал нь иргэдийн
хувийн орон сууцыг оруулж байгаа юм. Нэг, хоёрдугаар ангиллын барилга
эхлүүлэх зөвшөөрлийг нийслэл, аймгийн төвшинд нэр цонхны үйлчилгээгээр
30-35 хоногийн хугацаанд олгохоор Засгийн газрын тогтоолыг батлууллаа.
Үүний дараа зургийн экспертийн ажил 7-9 хоногийн хугацаанд хийгдэнэ.
Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхдээ нэгдүгээр ангиллын барилгын
зөвшөөрлийг Барилгын асуудал эрхэлсэн төрийн төв захиргааны байгууллага
олгоно. Хоёр дахь ангиллын барилгын асуудлыг нийслэл, аймгийн Засаг
даргын тамгын газрын тухай асуудал хариуцсан байгууллага хариуцаж
байхаар шийдвэрлэсэн. Гуравдахь ангиллын барилгын зөвшөөрлийг захиалагч
өөрөө шийдэж байхаар тогтсон. Мөн барилгын ажлыг хүлээж авахад маш их
зөрчил, хүндрэлүүд байсан. Тиймээс зөвхөн улсын комисс 14 хоногийн
хугацаанд ажиллаж, уг барилгыг хүлээн авах эсэхийг шийддэг байна гэсэн
тогтол мөн Засгийн газраас гаргасан.
-Иргэдэд хүлээлт үүсгээд
байгаа нэг асуудал бол 100 мянган айлын орон сууж хөтөлбөрийн хүрээнд
жилийн зургаан хувийн хүүтэй зээлээр орон сууц авах боломж. Одоогоор энэ
ажил зогсонги байдалд орчихоод байгаа гэж буй. Хэзээнээс үргэлжлэн
хэрэгжих вэ?
-2010 онд Засгийн газраас 100 мянган айлын орон
сууц хөтөлбөрийг зарласан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2010 онд 341, 2012
онд 82, 206 гэсэн гурван тогтоол гаргаж, энэ хөтөлбөрт багтах орон
сууцуудыг зарласан. Нийслэлд 158, орон нутагт 91 барилга буюу буюу
нийслэлд 110 мянган айлын орон сууц, орон нутагт 21 мянга, нийтдээ 128
мянган айлын орон сууцыг 100 мянган айлын орон сууц энэ хөтөлбөрт
хамрагдаж байна гэж зарласан. Энэ хөтөлбөр хэрэгжих явцад Засгийн газар
зургаан хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрт
тусгаснаар “50 метр квадратаас доошгүй, анх удаа байр авахыг хүссэн
иргэдийг зургаан хувийн хүүтэй орон сууцын зээлд хамруулна” гэсэн
байгаа. Засгийн газар Хөгжлийн банкнаас эх үүсвэрийн бонд гаргах маягаар
шийдэх болсон. Гэвч Засгийн газар 200 тэрбум төгрөгийн бонд гаргаагүй,
зөвхөн 50 тэрбум төгрөг олгох шийдвэр гаргасан байгаа юм. Энэ дагуу зээл
олгох үйл ажиллагаа явагдаж, Хөгжлийн банк 50 тэрбум төгрөгийг олгож
суусан.
Энэхүү зээлд хамрагдахаар 4083 иргэн хүсэлт гаргасан.
Үүнээс шаардлага хангасан 3965 иргэний хүсэлтийг Төрийн банкинд
шилжүүлсэн. Үүнээс 1081 иргэнд 47,83 тэрбум төгрөгийн зээл олгохоор
шийдвэрлэсэн. 705 иргэний өргөдлийг дахин судлахаар хойшлуулсан байна.
Эдгээр иргэдийн асуудлыг энэ бямба гаригийн Засгийн газрын хуралдаанд
танилцуулахаар болсон. 705 иргэнд зээл олгохын тулд нийт 30 тэрбум
төгрөгийн төсөв хэрэгтэй байгаа бөгөөд эхний ээлжинд энэ 705 иргэний
асуудлыг шийдвэрлэнэ. Зургаан хувийн хүүтэй зээл нь өөрөө тооцоо
судалгаа муутай, УИХ-ын сонгуулийн өмнө зарласан учраас, энэ
тогтолцоогоор үргэлжлүүлэх боломжгүй байгаа юм. Бид таван жилийн дараа
Хөгжлийн банкинд зээлийг нь эргүүлэн төлнө. Улс эх орны эдийн засгийн
байдал хүнд байна. Тиймээс иргэдээ орон сууцжуулах ажлыг судлахаар
Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
-Хамгийн гол нь иргэд орон сууцтай болох боломж байна уу, зургаан хувийн зээл улстөрийн шоу байсан юм гэж үү?
-Мэдээж
иргэдээ орон сууцжуулахыг Засгийн газар ч, орон сууцтай болохыг иргэд ч
хүсч байгаа. Үүн дээр тулгуурласан зөв бодлого гаргаж ирэх ёстой. Бид
өнөөдрийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийгээд, Засгийн газраас зүгээс
ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг судалгаа, дүгнэлтийг хийгээд дараа
нь иргэдээ орон сууцжуулах ямар боломж, нөхцөл байгааг судлан
боловсруулах юм. УИХ-ын сонгуулийн өмнө зарласан энэ тогтолцоогоор
өнөөдөр явахад маш хүндрэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны эх
үүсвэрээр зээл олгож байсан гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Таван
жилийн хугацаатай ам.доллараар 5.75 хувийн хүүтэй зээл байгаа юм. Бид
энэ зээлийг таван жилийн дараа төлөх ёстой шүү дээ. Гэтэл олгож байгаа
зээл маань зургаан хувийн хүүтэй 20-иос доошгүй жилийн хугацаатай болоод
эхлэхээр энэ зөрүү эдийн засагт нөлөөлнө. Өнөөдөр улс орны амьдралд
эдийн засгийн тогтвортой үйл ажиллагаа хамгийн чухал. Тэгэхээр эдийн
засгийн амьдралд ямар зүйл шаардлагатай вэ гэхээр мэдээж олон иргэн орон
сууцтай болох ёстой байгаа. Үүнд тулгуурласан зөв бодлого явах учиртай.
-Ажлын хэсэг ямар чиг үүрэгтэй ажиллаж байна вэ?
-Бидэнд
орон сууцжуулах өөр бодлого хэрэгтэй. Засгийн газраас орон сууцны
зээлийн тогтолцоог боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын
хэсгийг Ерөнхий сайд ахалж байгаа гэж би дээр хэлсэн. Иргэдийг орон
сууцаар хангах Үндэсний хороо нь дотроо гурван ажлын хэсэгтэй.
Нэгдүгээрт орон сууцны шинэ хотхон хороолол барих, ашиглалтын шаардлага
хангахгүй байгаа орон сууцыг дахин төлөвлөх үүрэгтэй ажлын хэсэг.
Хоёрдугаарт, орон сууцны санхүүжилтийн механизм, зээлийн тогтолцоог
сайжруулах санал боловсруулах ажлын хэсэг байна. Гуравдугаарт гэр
хорооллыг барилгажуулах ажлын хэсгийг Э.Бат-Үүл даргаар ахлуулаад ажил
нь эхэлчихсэн байгаа.
-Өмнө нь хэрэгжүүлж байсан долдугаар хороолол зэрэг төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжлэх боломжтой юу?
-Долдугаар
хороолол, Дэнжийн мянга, Радио телевизийн хэрэг эрхлэх газрын орчмын
газруудыг чөлөөлөн орон сууцны хороолол барих ажлыг хийж эхэлсэн байсан.
Үргэлжлэх боломжтой. Үүнтэй холбоотой ажлуудтай танилцаад явж байна.
Иргэдийг орон сууцжуулах санхүүжилтийн механизмын хувьд бид зөвхөн нэг
удаагийн арга хэмжээ авахгүй. Цаашдаа ямар ч төр засгийн үед тогтвортой
ажиллах зөв зүйтэй механизмыг олж хийнэ. Эхний ээлжинд мэдээж бага, дунд
орлоготой болон залуу гэр бүлийг дэмжих чиглэлээр ажиллана. Мөн хуучирч
муудсан, актлагдсан сууцуудыг буулгаж шинээр барин уг орон сууцанд
амьдарч байсан иргэдэд эхний ээлжинд орон сууц олгох төслийг
хэрэгжүүлнэ. Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны олон төсөл хэрэгжүүлнэ.
Угсармал сууц дулааны алдагдал ихтэй. Үүнийг багасгахын тулд шат
дараатай ажил хийнэ. Үүнд 650 гаруй сая ам.доллар шаардлагатай байгаа.
Дулаан алдагдлыг багасгаж чадвал дулааны шинэ станц ч ойрын жилүүдэд
шаардлагагүй гэсэн судалгаа байдаг.
-Шинэчлэлийн Засгийн газар орон сууцны үнийг бууруулж, тогтворжуулах боломжтой гэж харж байна уу?
-Үнийг
тогтворжуулах тодорхой эрхзүйн тогтолцоотой улсууд байдаг юм билээ.
Тийм учраас Засгийн газраас барилгын гол нэр төрлийн бүтээгдэхүүний
үнийг тогворжуулах арга хэмжээг авахаас аргагүй. Үүнтэй холбогдох
саналууд ч оруулж байна. Мөн дээр хэлсэнчлэн яагаад барилгын материалын
үйлдвэрлэл рүү түлхүү анхаарч байна гэвэл импортоор гаднаас их
хэмжээний цемент, арматур авчирдаг. Өнөөдөр Хөтөлийн цемент, шохойн
үйлдвэрт өргөтгөлийн ажил хийгдэж байна. Хувийн хэвшлийнхэн жилд бараг
гурван сая тонн гаргах боломжтой цементийн үйлдвэрийг 2014 онд
ашиглалтад оруулах гэж байна. Хоёр жилийн дараа бид цементийн гачаалаас
гарах боломжтой. Арматурын хувьд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өргөтгөл
хийж байгаа. Явц нь жаахан удаан байна. Гадагш төмрийн хүдэр гаргаад
байдаг. Үүнд анхаарах ёстой. Орон сууцны үнийг хөөрөгдсөн гол зүйл бол
газрын наймаа. Хувь хүмүүс газар авч, дамлан зардаг байсан. Энэ үнийг нь
барилга дээрээ шингээдэг. Тиймээс газрын наймааг зогсоох ёстой. Дээр нь
усан хангамж. Ариутгах татуургын хуулиар инженерийн байгууламж буюу
шугам сүлжээг төрийн зүгээс хийх ёстой. Дээрх гурван хүчин зүйлд
бодлогын хувьд анхаарвал орон сууцны үнэ бодитой буурна.