Бельгийн далайн эргийн Зебрюгге тосгоноос Финляндийн Котка хот руу хөдөлсөн ачааны “Baltic Ace” усан онгоц өчигдөр орой Умард тэнгист чингэлэг тээврийн “Corvus J” усан онгоцтой мөргөлдөж, живсэн байна. Багамын арлын далбаан дор автомашин тээвэрлэдэг “Baltic Ace” усан онгоцны бүрэлдэхүүнд нийт 24 хүн ажиллаж байснаас Бельгийн аврах албаныхан 13 хүнийг аварч чадсан бөгөөд дөрвөн хүн амь үрэгдэж, долоон хүн ор сураггүй болжээ. Харин Кипр улсад бүртгэлтэй “Corvus J” усан онгоц нь Шотландын Гранжмаут хотоос Белгийн Антверпен хот руу чингэлэг тээвэрлэж явсан байна. “Corvus J” усан онгоц ослын улмаас нилээд гэмтэж, эвдэрсэн ч азаар живээгүй бөгөөд усан онгоцонд байсан 12 хүн эсэн мэнд байгаа аж. Бельгийн аврах албаныхан сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, живсэн хөлөг онгоцноос автомашинуудыг татан гаргахад нэлээд тооны нисдэг тэрэг, хоёр ширхэг эргүүл хамгаалалтын усан онгоц ашиглаж байгаа ба аврах ажиллагаа одоо хүртэл үргэлжилж байна. Мөн холбогдох албаныхан хоёр усан онгоц мөргөлдсөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.
Б.АНХТУЯА