Н.Энхбаярын авлигын хэрэгт хамсаатан болох нь тогтоогдож ял аваад байгаа До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарын гомдлыг маргааш Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх ёстой. Иргэдийн дунд “Хэрэв маргааш Шүүх хурал дахин хойшилбол яах вэ” гэсэн асуулт байна. Улсын дээд шүүхийн эх сурвалжаас шүүх хуралдаан хэдэн удаа хойшлох боломжтой байдгийг тодруулахад, “Шүүх хурлыг хойшлуулах үндэслэл нь хуулийн дагуу бол хуралдаан хэдэн ч удаа хойшилж болно” гэлээ.
Ямартай ч Н.Энхбаяр ял авсан өдрөөс эхлэн 18 хоног Цагдах хорих 461 дүгээр ангид хоригдсон ч эрүүл мэндийн байдал эрс муудсан гэх шалтгаанаар Нэгдсэн II эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлээд гурван сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. ШШГЕГ-ын албаны эх сурвалж энэ талаар “Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй, төрийн тусгай хамгаалалт буугаагүй болохоор II эмнэлэгт эмчлүүлэх боломжтой. Хэрэв эцсийн шатны шүүхээр түүний гэм буруутай нь тогтоогдвол Цагдан хорих төвийн эмнэлэг рүү хүргэх байх” гэлээ.