
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Сонгинохайрхан дүүрэг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу зохион байгуулалтын өөрчлөлтөөр Улаанбаатар хотын Октябрийн райноноос өрх тусгаарласан түүхтэй. УИХ-ын 1992 оны 18-р тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн ИТХ 100 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр анхны хуралдаанаа хийж, СХД-ийг байгуулах тухай тогтоолыг 1992 оны 10-р сарын 1-ний өдөр гаргасан байна. Сонгинохайрхан дүүрэг үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярыг тохиолдуулан СХД-ийн удирдлагууд тус дүүрэгт ажиллаж байсан үе үеийн удирдлагууд ажилтан ажиллагсад, ахмад буурлууд болон одоо ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Мөн 20 жилийн ойн баярын хүрээнд ажил үйлс амжилт бүтээлээрээ шалгарсан шилдэг аж ахуйн нэгж байгууллага, төрийн албан хаагч, иргэдэд хүндэт медаль, Засаг даргын өргөмжлөл, дүүргийн 20 жилийн ойн медаль гардуулжээ. Мөн тус дүүригийн 20 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал, урлагын тоглолт өнөөдөр Улсын драмын эрдмийн театрт болно гэж Сонгинохайрхан дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.