-МАХН-ынхан УИХ-ын сонгуулиар үзүүлсэн амжилтаа орон нутгийн хурлын сонгуулиар давтана гэж итгэж байсан ч энэхүү итгэл нь талаар болсон. Энэ бүхний шалтгааныг тэд Ардчилсан намынхантай холбон тайлбарлаж байна. Тухайлбал, Шадар сайд Д.Тэрбишдагва өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр “Ардчилсан намынхан МАХН-ынхныг ялгаварлаж, орон нутгийн хурлын сонгуулийн үеэр зарим газарт нэр дэвшигчдийг бүртгээгүй. МАХН-ын Засгийн газраас гарах нэг шалтгаан нь энэ” гэж байсан. Та үүнтэй санал нэг байна уу?
-Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа сайд нар маань “Би энэ намынх, тэр намынх” гэж талцалгүйгээр нэгэн сэтгэлийн үүднээс борви бохис хийлгүй хамтарч ажиллаж байна. Энэ ху-гацаанд хэн нэгэндээ тунирхсан, сэтгэл ханамжгүй байсан асуудал хаан хаанаа байгаагүй гэдгийг би бардам хэлж чадна. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам бол Засгийн газрын түвшинд сайн баг, сайн багийн гишүүн, сайн хамтра ажиллагч байж чадаж байгаа. Улс төр гэдэг өөрөө өрсөлдөөн учир энэ фронт дээр Засгийн газрын гишүүд нэг нэгэндээ сэтгэл ханамжгүй асуудал үүссэн байхыг үгүйсгэхгүй. Манай намын нэр дэвшигчдийн өмнө тулгарсан асуудлыг ярих юм бол маш их асуудал үүсэх байх. Гэхдээ энэ бол Засгийн газрынх биш Сонгуулийн ерөнхий хороо, тойргийн хороод, улс төрийн намуудын дотоод зохион байгуулалтын асуудал байсан учир тэр олгонд Засгийн газартай хамаатуулж ярих нь зохисгүй болов уу.
-Сонгуулийн ерөнхий хорооны даргыг сольсноор Ардчилсан намынхан дээрх шүүмжлэлд ихээр өртөж байгаа юм шиг ээ?
-Бид хуулиа сайн унших хэрэгтэй. Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль өмнөх хуулиудаас их ялгаатай байсан шүү дээ.
Тухайлбал, орон нутгийн хурлын сонгуулийн үеэр Сонгуулийн ерөнхий хороо ерөнхий зөвлөмж өгч, орон нутгийн сонгуулийн тойргийн хороо шийдвэрийг бие даан гаргасан. Орон нутгийн хурлын сонгуулийн үеэр би Хөвсгөл аймагт ажилласан. Тэнд МАХН, МҮАН-ын нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх асуудлыг тойргийн хороо л гаргасан шүү дээ. Иймэрхүү ажлыг тухайн орон нутагт олонхи болон эрх барьж байгаа Ардын намын удирдлагууд гардан хийлцэж байсан. Тухайн үед би тэнд МАХН, МҮАН-аас нэр дэвшигчид болон бие даан нэр дэвшигчдийг бүртгэх ёстой, бүртгэл гажуудсан нь Хөвсгөл аймгийн удирдлагуудтай шууд холбоотой гэж тэмцсэн шүү дээ. Ардчилсан намынхан ч орон нутгийн хурлын сонгуулиар ийм л байр суурь баримталсан. 2008 оны сонгуулиар Ардын нам үнэмлэхүй ялалт байгуулсан газруудад иймэрхүү гажуудал яалт ч үгүй гарсан. МАХН-ынхныг нэр дэвшүүлэхгүй байх сонирхол Ардын намынханд л байсан. Учир нь Ардын намынхан МАХН-ыг саналыг нь хуваачихна гэж айж байсан. Тиймээс МАХН-ынхныг хавчих бодлогыг Ардчилсан нам биш Ардын намаас явуулсан шүү дээ. Сонгуулийн үр дүн ч үүнийг баталсан. МАХН-ынхан оролцсон орон нутгийн хурлын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж, Ардын намынхан ялагдаж байсан. Харин МАХН-ынхан оролцоогүй орон нутгийн хурлын сонгуульд Ардын намынхан олонхи болсон байх аа. Тиймээс Шадар сайд Д.Тэрбишдагвын шүүмжлэл нь байгаа оносонгүй гэж хэлэх байна. Гомдох юм бол өөр намд гомдож болох байсан гэж бодож байна.
-МАХН-ынхан үүгээрээ намынхаа даргын эрх ашгийг хамгаалж байгаа гэдгээ далдлах гэж байгаа мэт харагдаж байна. Ер нь энэ намаас Засгийн газарт орж ажиллаж байгаа хүмүүс Н.Энхбаяр гэдэг хүний эрх ашгийг хангахын төлөө үйлчлэх ёстой юм уу, төр засаг, ард түмнийхээ үйлчлэх ёстой юм уу. Та хэрхэн дүгнэх вэ?
-МАХН-аас Засгийн газарт орж ирсэн сайд нар үнэхээр сайн ажиллаж байгаа гэдгийг нэг кабинетад ажиллаж байгаа хүний хувьд тодотгож хэлэх хэрэгтэй байх. Тэд эх орон, засаг төрийнхөө шинэчлэлд үнэхээр оройлон оролцож байгаа улстөрчид гэж би хувьдаа үнэлж байгаа. Тиймээс ч тэр хүмүүсийг би хувийн ашиг сонирхлынхоо үүднээс дээрх мэдэгдлүүдийг хийж байгаа гэж ойлгож чадахгүй байгаа юм. Харин намынхаа гишүүд, дэмжигчдээс улс төрийн дарамт, шахалт маш ихээр авч байгаа гэдэг нь харагдаж байна. Тухайлбал, “Намынхаа даргыг шоронд орчихсон байхад санаа зовохгүйгээр Засгийн ажлыг хийгээд явж байх юм. Та бүхэн бялуу хүртээд амаа таглуулчихлаа” зэргээр дайрч байгаа гишүүд дэмжигчдийнх нь дарамт, шахалт л энэ алхмыг хийхэд хүргэж байгаа юм болов уу. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох шүүх хурлын тов ойртчихсон учир тэднийг улам шавдуулж байгаа байх. Нөгөөтэйгүүр, шүүхэд нөлөөлөхийг хүсдэггүй төр засагтай хамтарч ажиллаж байгаа учир энэ нь нэг талаасаа дарамт, шахалт болж байж ч мэдэх юм. Өмнөх төр засгийн үед шүүхэд нөлөөлөх амархан байсан байж магадгүй. Энэ ч үүднээс иймэрхүү байдалд дассан намынх нь гишүүд тэднийг шүүхэд нөлөөлөхийг ятгаж байж магадгүй гэж хардаж байна. Өөрөөр хэлбэл, шинэ маягийн харилцаанд хуучин маягийн хүлээлттэй гишүүд дэмжигчдээс шахалт дарамт ирж байна гэж ойлгож болно. Зарим нэг хүнийг шүүхээр, зарим нэг хүнийг хүн чанараар шүүнэ гэсэн ойлголт байхгүй. Хүн бүр шүүхийн өмнө тэгш эрхтэй шүү дээ. Тиймээс энэ байр суурин дээр хатуу зогсох нь тэр хү-мүүсийг хэцүү байдалд оруулж байгаа.
"МАХН-аас Засгийн газарт орж ирсэн сайд нар үнэхээр сайн ажиллаж байгаа гэдгийг нэг кабинетад ажиллаж байгаа хүний хувьд тодотгож хэлэх хэрэгтэй байх. Тэд эх орон, засаг төрийнхөө шинэчлэлд үнэхээр оройлон оролцож байгаа улстөрчид гэж би хувьдаа үнэлж байгаа"
-МАХН-ынхан гишүүд, дэмжигчдийнхээ шаардлагыг хүлээж аваад Засгийн газраас гарах шийдвэрийг гаргалаа гэж бодоход Засгийн газар МАХН-гүйгээр оршин тогтнох хууль, эрхзүйн үндэс бий юу?
-Энэ талаар МАХН-ынхан Засгийн газраас гарах эсэх нь баталгаатай болсны дараа ярих нь зүйтэй байх. МАХН-ын сайд нарыг Засгийн газраас гарна гэсэн шийдвэрийг гаргана гэж бодохгүй байна. Нөгөөтэйгүүр, “Шударга ёс” эвслийн шийдвэр эцсийнх байх ёстой. Тиймээс “Шударга ёс” эвсэл дээр энэ асуудлыг нухацтай ярилцах шаардлагатай гэж бодож байна. Тэгэхээр эвслийн шийдвэр гартал энэ тал дээр ямар нэгэн дүгнэлт хийх нь эрт байна.
-Өнөөдөр өрнөж буй үйл явдлыг Ардын намынхан дүгнэхдээ “Бушуу туулай борвиндоо баастай” гэдгийн үлгэр болж байна. Бид Ардчилсан намынхныг Засгийн газраа байгуулах гэж байхад нь мордохын хазгай болох вий дээ гэж хэлж байсан” гэдэг шүүмжлэлийг хэлж байна. Та Ардын намынханд хандаж юу гэж хэлэх вэ?
-Ардын нам бол сөрөг хүчний байр сууринд байгаа учир биднийг аливаа асуудалд өөнтөглөх гэж хичээх нь байх л үзэгдэл. Тухайлбал, биднийг хариуцсан ажлаа хурдан хийчихвэл “түргэдлээ” гэнэ. Удаан хийвэл “удааширч байна” гэнэ. Тиймээс дээрх шүүмжлэлд нэг их эмзэглэхгүй байна. Тэднийг сөрөг хүчнийхээ байр суурийг л илэрхийлж байна гэж бодож байгаа. Ер нь Засгийн газрыг аль болох хурдан байгуулж, ажлаа цэгцэлсэн нь хамгийн зөв шийдвэр байсан. Бид 100 хоногийн дотор маш их ажил амжуулснаа саяхан ард түмэндээ тайлагналаа шүү дээ.
-Та сая “Өнөөгийн төр засаг хууль, шүүхийн байгууллагад нөлөөлөх хүсэл, сонирхолгүй” гэсэн. Гэтэл УИХ-ын 10 дугаар тойрог буюу Өвөрхангайд болсон УИХ-ын сонгуулийн маргаантай асуудлаар хуралдсан шүүхийн шийдвэрт Ардчилсан намын нөлөөлөл орсон гэдгийг Ардын намынхан хэлж байна шүү дээ?
-Өвөрхангайн шүүхэд энэ асуудлын хүрээнд аль, аль талаас маш олон гомдол ирүүлсэн гэж би хувьдаа ойлгож байгаа. Гэхдээ шүүхэд өгсөн баримтуудаас хөдлөшгүй нотлох баримт л шүүхийн шийдвэрт нөлөөлдөг гэж бодож байгаа. Энэ асуудлаар маргалдах олон гогцоо байсан ч гогцоо бүр нь суларсаар тодорхой баримт нь тунаж үлдэж шүүхийн шийдвэр гаргах үндэс болсон болов уу. Үйл явдал болсон гэдгийг нотолж байгаа баримтыг Ардчилсан нам зохиох арга байхгүй шүү дээ. Тэгэхээр хэн ч зохиох боломжгүй нотлох баримтад үндэслэж л шүүх эцсийн шийдвэрээ гаргасан. Үүний тод жишээ нь манай салбарт тохиолдож буй Тиранозавр Батаарт ай холбоотой шүүх хурал юм. Америкийн шүүх хуралд Монголын тал ялах уу, Эрик Брокоби дийлэх үү гэдэг дэнсэн дээр байна шүү дээ. Ийм нөхцөл байдалд бид ялахын тулд хэзээ ч няцаагдашгүй нотлох баримт явуулахын төлөө л ажиллаж байгаа шүү дээ. Тухайлбал, Эрик Брокоби гэдэг хүн Монголд ирсэн нь үнэн. Үлэг гүрвэлийн ясыг малтсан. Энэ хүн өөрөө үлэг гүрвэлийн наймаачин гэдгийг л хөдөлгөөнгүйгээр нотлохын тулд бид таван сар материал цугуулж, АНУ-ын шүүхэд илгээж эхний ялалтаа авсан. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдоржийг ажиллаж байх үед Эрик Брокобигийн талаар нэг ч материал, баримтыг хуулийнхан олж, АНУ-ын шүүх рүү явуулаагүй байсан. Харин Хууль зүйн сайд солигдож, хөдөлгөөнгүй нотлох баримтны үнэ цэнийг мэддэг хүмүүс гарч ирснээр 1-хэн хоногийн дотор бид АНУ-ын шүүх рүү илгээсэн. Үүний дараа Эрик Брокобигийн хоёр нэхэмжлэлийн нэгийг нь хүчингүй болгох шийдвэрийг АНУ-ын шүүх гаргасан. Одоо хоёр дахь нэхэмжлэлийг нь хүчингүй болгох шүүх хурлыг бид хүлээж байна. Шүүх хурлыг хүлээх явцдаа бид АНУ-ын шүүхэд нөлөөлж чадахгүй. МАХН-ынхан шиг улс төрийн тэмцэл зарлаж чадахгүй. Харин цуглуулсан нотлох баримт маань шүүхийн эцсийн шийдвэр гартал хүчин төгөлдөр байгаасай. Нөгөө талаас биднээс илүү нотлох баримтыг бүү гаргаасай гэж л залбирч байна.
-Тухайлбал, илүү нотлох баримт гэж та юуг хэлээд байна вэ?
-Жишээлэхэд Эрик Брокоби гийн талынхан Монголын Засгийн газрын тэр сайд, энэ хүн надад энэ үлэг гүрвэлийн ясыг бэлэглэсэн юм гэдэг нотлох баримт гаргаад ирвэл ялалт бидний талд ирэхгүй. Үүнээс өөр аргаар тэр хүн Тиранозавр Батаарыг өмчлөх эрхгүй гэсэн үг. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр шүүх өнгө, мөнгө харж шийдвэр гаргадаггүй. Ардчилсан намын дарга байна уу, Ардын намын дарга байна уу хэнийх нь ч талд орохгүй. Харин аль талаас нь авчирч өгсөн нотлох баримт хөдөлгөөнгүй байна вэ гэдгийг харж байж шийдвэрээ гаргадаг гэдгийг хэлэх гэсэн юм. Энэ зарчмаар манай хууль, шүүхийн байгууллагууд ажиллаж байна. Өөрсдийгөө хамгаалах нотлох баримтаа хангалттай бүрдүүлсэн юм уу гэж Ардын намынхнаас асуумаар байна. Үүнийгээ тунгаахгүйгээр манай намынхны бүрдүүлж өгсөн нотлох баримт дээр тулгуурлаад шийдвэр гаргачихлаа гэж шүүхийг буруутгах хэрэггүй шүү дээ. Ер нь манай нам энэ жилийн сонгуулиар бусад намуудаас өөр зарчмаар оролцсон гэдгийг хэлмээр байна. Энэ хүрээнд хоёр зүйл дээр хатуу дэгтэй ажилласан. Тухайлбал, орон нутгийн хурлын ч бай УИХ-ын ч бай сонгуульд нэр дэвшигчид хууль зөрчих юм бол хариуцлагаа өөрөө хүлээгээрэй. Таны өрсөлдөгч өөр намынхан хууль зөрчих юм бол сайн баримтжуулаарай. Баримттай байх юм бол намаас өмгөөлөгч гаргаж өмгөөлнө гэсэн чиг үүргийг нэр дэвшигчдэд өгч байсан. Хууль бус үйл ажиллагааг баримтжуулах үүргийн нэр дэвшигчид хүлээсэн учир Г.Батхүү, Д.Зоригт нар үүргээ биелүүлсэн.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин