Гэр хорооллын иргэд Америкчуудад талархал илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын иргэд Америкчуудад талархал илэрхийлэв


Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн үр шимийг хүртсэн иргэдийн санаачилгаар байгуулагдсан “Миний хаяг-Миний нийслэл” төрийн бус байгууллагынхан өчигдөр Америкчуудад баярлаж, талархсанаа илэрхийллээ. Учир нь Улаанбаатарын утааны эсрэг тэмцэх зорилгоор Монголын мянганы сорилтын сан гурван жил хэрэгжүүлсэн “Цэвэр агаар” төслийг АНУ-ын иргэдийн татвар төлөгчдийн мөнгөөр буцалтгүй тусламж болгон санхүүжүүлсэн юм. Төслийн явцад гэр хорооллын иргэд бага түлж их халдаг сайжруулсан зуух, үүдний гонх, гэрийн сайжруулсан дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй тохилог сууцыг зах зээлийн үнээс 80 хүртэл хувийн хөнгөлөлттэйгөөр худалдан авч утааны эсрэг тэмцэлд нэгдсэн юм. Өчигдөр эрчим хүчний хэмнэлтийг мэдэрч, эх хотдоо цэвэр агаар бэлэглэсэн 5200 иргэний гарын үсэг бүхий талархлын захиаг АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Пэйпэр Энн Уинд Кэмбэллд гардуулан өглөө. Энэ үеэр АНУ-ын элчин сайд болон эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглэгч иргэдийн дунд дотно яриа өрнөв. Иргэд сайжруулсан зуух үнэхээр түлш хэмнэж, дулаанаа удаан барьдаг, амьдралд нь бодитой үр дүн мэдрэгдэж байгааг хэлээд баярласнаа илэрхийлсэн юм. Пэйпэр Энн Уинд Кэмбэлл “Та бүхэнд үнэхээр их баярлалаа. Манай ард түмний тусламж ийм үр дүнтэй байгаад маш их баяртай байна. Та бүхэн цаашид нийт иргэддээ эрчим хүчний хэмнэлтийг мэдрүүлж, утаанаасаа салахад гол нөлөө үзүүлэх хүмүүс шүү” гэдгийг онцолж байв. “Миний хаяг-Миний нийслэл” ТББ-ын гаргасан тооцоогоор эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглэгч өрхийн тоо 100 мянга хол давсан байна. Дашрамд дуулгахад Монголын мянганы сорилтын сангаас ийнхүү гурван жил хэрэгжүүлсэн “Цэвэр агаар” төсөл ирэх онд хаагдаж, цаашид Монгол улсын Засгийн газар эрчим хүчний хэмнэлтээр утааны эсрэг тэмцэх ажлыг үргэлжлүүлэхээр болсон байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж