
Яг таарсан таар шуудайнууд гэдэг л шиг л… “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдэг шиг “Н.Энхбаяр нь аймаар бол Н.Энхбаярынхан бүр ч аймаар” гэмээр ч юм уу. Эс бол Н.Энхбаярын унжуулсан олс ямар урт юм бэ гэж жихүүцмээр. Тэр дэндүү даварчихаж. Түүний нөхөд дэндүү туйлширчихаж.
Ердөө л маргааш өдөр болох Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шүүх хурлыг угтаж хийсэн улс төрийн тоглолт нь энэ. МАХН-ын гүйцэтгэх зөвлөл “МАХН Засгийн газраас гарна” гэсэн шийдвэр гаргахаас гурван цагийн өмнө Сангийн сайд Ч.Улаан “Засгийн газар одоо сайн ажиллах ёстой. Хүлээх цаг алга. Хүлээхгүй ажиллах ёстой” гэх байр суурийг илэрхийлж байсан. Шадар сайд Д.Тэрбишдагва ч мөн адил “Ерөнхий сайд Н.Алтанхуягтай маргалдсан юм байхгүй. Засаг тогтвортой ажиллах ёстой. Бид ажлаа хийж байна” хэмээж байсан. Цаг минутын хувьд ердөө үдээс хойш, орой гэсэн хоёр хэмжүүрт хуваагдах энэ байр суурь бол гэнэтийн тулгалт тэднийг гарах гарцгүй болсныг илэрхийлж байгаа хэрэг. Сураг сонсох нь ээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон түүний эхнэрийн зүгээс сонголтгүй шийдлийг санал болгосон гэх юм билээ. Тэр нь “Айлгах төлөвлөгөө”. Мэдээж “Засгаас гарна” гэж. Нөхцөл байдлаас харахад Н.Энхбаярын гар хөл бологчид түүний боловсруулсан “Айлгах төлөвлөгөө”-г амжилттай хэрэгжүүлж байж болох. Гэхдээ тэднээс айх эс бол жигших хоёрын хооронд зөрүү байхгүй болчихоод байгаа нь анзаарагдаж эхэллээ. Учир нь, олон нийт тус намыг эсэргүүцэж байна. Магадгүй тэдний дарамт, шахалтыг “Оны шантааж”-аар тодруулж, өргөмжлөл биш юм гэхэд егөө доромжлолыг бол түгээж мэдэх юм. Н.Энхбаяраас залхагсдын зүгээс шүү дээ.
Түүний хувьд шантааж нь анх удаагийнх биш. Шоронд хоригдож байх хугацаандаа “Н.Энхбаяр үхэж байна” гэдэг мэдээллээр монголчуудыг айлгасан шиг айлгаж чадсан. Гэхдээ айх гэхээс илүүтэй МАХН-аас бусдыг үзэн ядуулах, тухайн үеийн төрийн удирдлагуудыг жигшин зэвүүцэх тэр сэтгэлийг төрүүлэхийн хувьд төрүүлсэн. “Хөөрхий минь. Үхчих вий” гэх энэ эмзэглэлд хөдөө, хотгүй, хөгшин залуугүй хөтлөгдсөн. Үүнийхээ хүчинд шоронгоос суллагдаж чадсан. Интернэтээр түүний үхэж буй тухай мэдээлэл минут, секунтаар солигдож, агуулга нь улам бүр аймаар болж байсныг эргэн бодохоос ч түгшүүртэй. Энэ удаад тэрхүү туршлагаа ашиглан дахин “Өлсөх төлөвлөгөө”-гөө хэрэгжүүлэхээр шийдсэн ч байж мэднэ. Мэдээж үүнийхээ хүчинд МАХН-ын хаягтай гишүүддээ баатар болж чадсан бол олонхи эрүүл сэтгэлгээтнүүдийн дунд тэр хэн ч биш болсоор л байгаа. Хамгийн гол нь тэр чадаад байна. Айлгаж чадаад байна.
Айлгаж чадсны илрэл нь тэр МАХН-ыг УИХ-д суудалтай болгож чадсан явдал. Улмаар Засгийн газарт оруулж чадсан. Тухайн үед олон нийтийн зүгээс МАХН-ыг, Н.Энхбаярыг дагасан хэд шагналаа авч байна гэх маягаар асуудлыг харах нь их байсан. Харин өнөөдрийн нөхцөл байдлаас харахад Н.Энхбаяр гэдэг хүн гараа улам бүр урт болгохын тулд Засгийн газарт оруулж байж. “Н.Энхбаярын савраас зугтах аргагүй боллоо доо” гэсэн нийтлэлийн санаанууд үнэн байж. Зуу дахь өдрийнхөө тайланг дэлгэж “Хамтдаа бүтээнэ” хэмээн онгирч явсан Засгийн газрыг дөрөвхөн хоногийн дараа үгүй хийхийг завдлаа. Гэхдээ тэдний дарамт ердөө арванхоёрдугаар сарын 7-ныг угтсан нь энэ. Ерөнхийлөгч асныг суллуулахын тулд, түүнийг эрх чөлөөтэйгээр ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд оруулахын төлөө тэд ийн айлгаж байна.
Нэгэн цагт төрд шургалавч олиггүй олигархиар нь дуудаж байсан Н.Алтанхуяг, Л.Болд, Д.Бат-Эрдэнэ, Х.Баттулга нартайгаа үүний төлөө шинэчлэлийн Засгийн газраар гар барьж. Одоо хэрэв тэдний хүсэл биелэхгүй бол тэд эргээд гудамжиндаа гарна. “Энэ Засгийн газар ёстой буруу байж. Тэд хэзээ ч засрахгүй дээрэмчид байсан байна. Бид жинхнээр нь танилаа” гэж ирээд л гудамжинд жагсана. Ердөө нэг хүний төлөө. Тэгсэн хэрнээ “Улс орны төлөө л дөө” ч гэх шиг. Бүхэл бүтэн нэг улсыг Н.Энхбаяр гэж хараад байхаараа яадаг ч юм. Н.Энхбаяр нь өөрийгөө Монгол Улс болгож ойлгуулж чадаад байна гэхээр хаашаа ч юм. Ерөнхийдөө л МАХН бүхэлдээ манай цаг үеийн эмгэнэл болчихлоо. Тийм ч учраас тэдэнд хаяглаж сүүлчийн үгээ бичье.
Болил доо, МАХН-ыхан. Та нарт эрх ашиг байлаа, байлаа гэхэд, Н.Энхбаяр гэж хүний төлөө ажиллах чин хүсэл төрлөө, төрлөө гэхэд ингэж тэнэгтэх ямар хэрэг байна. Нэг хүний төлөө нэг улсын эрх ашиг дээр дэвсэлж, танц эргэснийхээ урамшуулалд сэтгэл зүйн таашаал авч чадаад байгаа хэрэг үү, МАХН-ыхан та нар. Эгдүү, дургүй хоёрыг зэрэг хүргэсэн энэ бохир тоглолтоо зогсоовол яасан юм бэ. Гол нь энэ үгийг ганц сэтгүүлч биш, та нарын шантаажинд тархиа угаалгаж, нүдээ хаалгаагүй үлдсэн олонх монголчууд хэлж байгаа гэдгийг ойлгоорой. Та нарт, МАХН-д эмгэнэл илэрхийлэх нь энэ цаг үеийн гавьяа ч байж мэдэх юм шүү.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
