
Элчин сайдаас татагдах хоёр дахь хүн нь Х.Бэхбат юм, 2008 онд АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож, дөрөвдүгээр сард албаа хүлээн авчээ. Түүнээс өмнө Женев дэх Элчин сайдын албыг мөн хашиж байсан. Одоо түүний албыг Гадаад харилцааны сайдаар хоёронтоо томилогдож байсан Б.Алтангэрэл залгуулна. Энэ эрхэмд туршлага бий, учир нь 1997-2003 он хүртэл Туркэд Монгол Улсыг төлөөлөн Элчин сайдаар суусан бол 1981-1985 онд Афганистан дахь Монголын Элчин сайдын яаманд ажиллаж байсан. Түүнчлэн УИХ-ын Тамгын газартай ч ажил, амьдрал нь холбогдох аж. Тодруулбал, 1990-1991 онд УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөхөөр, 1992-1997 он хүртэл УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны хэлтсийн даргын албыг тус бүр хашжээ.
Засгийн газраас Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсний дагуу Бүгд найрамдах Казахстан улсад Суух Элчин сайдаар Ж.Сүхээг нэр дэвшүүлээд байна. БНСУ-д суух Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж буй тэрбээр шинэчлэлийн Засгийн газрын нүүрэнд Элчин сайд болох нь. Ж.Сүхээ Элчин сайдаар томилогдсоноор Х.Аюурзана татагдана. Тэрбээр Монгол Улсыг төлөөлөн Казахстан улсад Элчин сайдаар томилогдон ажилласнаас хойш дөрвөн жилийг үджээ. Тодруулж хэлбэл, УИХ-аас түүнийг 2009 оны долдугаар сарын 9-ний өдөр Казахстан улсад суух Бүрэн эрхт Элчин сайдаар томилж байсан аж. Ингэхдээ ОХУ-д суух Элчин сайд Д.Идэвхитэн, Болгар улсад суух Элчин сайд Ц.Ганхуяг нар хамтдаа нэг өдөр томилогдож байжээ.
Лалын Бүгд найрамдах Афганистан улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Дамбийнямыг санал болгоод байна. Польши, Латви, Эстони, Сингапур зэрэг оронд Монголыг төлөөлөн сууж байсны зэрэгцээ Египетдэх Монголын Элчин сайдын яамны зөвлөхийн алба хүртэл хашиж явсан. Энэ бүх ажлын дадлага туршлага нь дэлхийн халуун цэг болох Афганистан руу илгээгдэх итгэлийг хүлээлгэсэн бололтой. Тэр бас Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, Гадаад харилцааны яамны бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ.
Засгийн газраас санал болгосны дагуу Бельгийн Вант улс болон Европын Холбоонд суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Х.Даваадоржийг нэр дэвшүүллээ. Намтрыг нь сөхвөл Гадаад харилцааны яамны Азийн газарт III нарийн бичгийн дарга, Австри улсад суугаа Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргын алба хашиж байсан, харин 2009 онд Берлин дэх Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад Герман улсад Монгол Улсыг төлөөлөн суух онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон тушаал дэвшиж байжээ.
Тэгвэл Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбатыг санал болгосон нь улстөрийн хүрээнийхэн төдийгүй олон нийтийн анхаарлыг татах хамгийн содон, сондгой нэр дэвшүүлэлт болж онцлогдов. С.Баяр Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх үедээ түүнд Цөмийн энергийн газрыг удирдах итгэлийг хүлээлгэсэн ч С.Батболдын Засгийн газрын нүүрэн дээр унагасан гэж үзэх нь бий. Учир нь Монголд цөмийн хаягдал булшлах нь гэсэн дуулиан дэгдэж, С.Батболдын Засгийн газрыг дэнжигнүүлэх хэмжээнд асуудал хурцдах үед тэр нуувчинд орж, үнэхээр ийм хэлэлцээр гадаад ертөнцөд хийгдсэн юм бол түүнийг нь зоригтойгоор хэн хийсэн талаар зарлах, хийгээгүй байхад нь ийм дуулиан дэгдсэн бол түүнд нь үнэн зөв тайлбар хийх ёстой Цөмийн энергийн газрын дарга тухайн үед дуугүй суусан нь эцсийн дүндээ албан тушаалаасаа чөлөөлөгдөх шалтгаан нь болж байв. Харин С.Энхбат Ерөнхий сайд асан С.Батболдод тэгж ч амар бууж өгөхгүйгээ мэдэгдэж шүүхэд хандаад авсан нь бий. Гэвч түүнийг Засгийн газраас “Ажил үүргээ хариуцлагатай хашиж чадаагүйгээр үл барам ураны ордын хайгуулын лицензийг хүүгийнхээ нэр дээр авч, албан тушаалаа урвуулан ашигласан” хэмээн буруутгасан ч энэхүү дуулиан цөмийн хаягдал хийгээд УИХ-ын сонгуулийн дуулианд дарагдаж, үнэн худал нь батлагдаагүй юм. Одоо шинэчлэлийн Засгийн газар түүнд итгэл хүлээлгэж Кувейтэд суух Элчин сайдад санал болгоод байна. УИХ-аас түүнийг Элчин сайдаар томилбол Кувейт улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд К.Сайрааны бүрэн эрх дуусгавар болж татагдана. К.Сайраан нь 2009 оны зун тус албанд томилогдсон бөгөөд энэ үед Ерөнхий сайдын зөвлөх байжээ.
БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Ганболдыг нэр дэвшүүлсэн нь нүдээ олсон томилгооны нэг болох нь хэмээн улстөрийн хүрээнийхэн дүгнэж буй. Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байгаа тэрбээр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, АНУ-ын Хавайн их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолтой аж. Өнгөрсөн хугацаанд Гадаад харилцааны яамны Ази, Африкийн хэлтэст туслах ажилтан, Пхеньян дахь Элчин сайдын яамны орчуулагч, атташе, Ази, Африкийн газар, Улс төрийн газарт мэргэжилтэн. Мөн Гадаад харилцааны яамны Мэдээлэл, мониторингийн газрын дарга, Ази, Африкийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласны зэрэгцээ 2004 онд Вьетнам улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар сууж байжээ.
Бүгд найрамдах Турк улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Батхишигийг санал болгосон нь Гадаад харилцааны яамны дөрөв дэх туршлагатай боловсон хүчинд тооцогдож байна. Өмнө нь Болгар улсад Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байсны зэрэгцээ Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, одоо бол тус яамны Тусгай үүргийн Элчин сайдаар ажиллаж буй аж. УИХ-аас түүнийг Турк улсад суух Элчин сайдаар томилсноор өмнөх Элчин О.Очиржав татагдана. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед буюу 2008 оны нэгдүгээр сард Турк улсад суух Элчин сайдаар томилогдож байжээ.
Шинээр томилогдох Элчин сайдуудын тухай болон албаа өгөх Элчингүүдийн тухай товч багцаллаа.