Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

“Vista Jet” Монголд

Лондонд төвтэй Швейцарийн “Vista Jet” хувийн онгоц түрээслүүлдэг, салбартаа нэр хүндтэй, том компани Монголд ирээд байна. “Vista Jet” компани 6-14 хүний суудалтай, өндөр хурдны интернеттэй, дээд зэргийн тав тухтай, тансаг зэрэглэлийн онгоцуудаар зөвхөн захиалгаар шуурхай үйлчилдэг аж. Компанийг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Томас Флор тэдгээр онгоцныхоо нэгээр Улаанбаатарт нисч ирсэн бөгөөд Монголын бизнесменүүдэд онгоцоо үзүүлж, үйлчилгээгээ танилцуулах гэнэ.  “Монголын бизнес эрхлэгчдийг нэг газраас нөгөө газарт яаралтай очих гэсэн хэрэгцээнд үндэслэн монголчуудад үйлчлэх боломжтой” гэж итгэж байгаагаа “Vista Jet”-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Томас Флор News.mn-д ярьсан юм.

“Vista Jet” дээд тал нь гурван жилийн настай 35 ширхэг онгоцтой, үйлчлүүлэгчдээ дэлхийн аль ч өнцөгт хүргэдэг гэнэ. Хамгийн гол нь үйлчлүүлэгч онгоцонд суугаад ниссэн цагаар л төлбөр тооцдог, хүлээлгийн болон хоосон ниссэн өртгийг компани өөрөө хариуцдаг ажээ.

Хэдхэн жилийн өмнө хувийн нислэгийн бизнес Америк-Европ, Араб эсвэл Хонконгийн хооронд өрнөдөг байсан бол одоо БРИКС-ийн орнууд, Африк, Латин Америк болон Хятад, Оросын хооронд гэх мэт өргөн хүрээг хамарч, эрэлт хүчтэй өсч байгаа юм байна. Энэ хооронд Монгол гэдэг эдийн засгийн өндөр өсөлттэй оронд хувийн онгоцоор үйлчлүүлэх боломжтой хүмүүс шинээр төрж байгаа учраас “Vista Jet” монголчуудтай танилцахаар иржээ. 

“Vista Jet”-ийн онгоцууд 26 минут тутамд хөөрч байдаг учраас хувийн онгоцны үйлчилгээ өсөн нэмэгдэх хэрэгцээг харгалзан удахгүй онгоцныхоо тоог 140 болгохоор төлөвлөж буй гэнэ.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж