ДБЭТ-ын гоцлооч, гавьяат жүжигчин Э.Амартүвшин Испанийн Валенсия хотын дуурийн театрт уригдан, өнгөрсөн сарын дундуур тус улсыг зорьсон юм. Тэрээр дэлхийд алдартай театруудын нэг “Palau de les Arts Reina Sofia”-гийн тайзнаа Дж.Вердийн “Риголетто” дуурьт дуулаад иржээ. Э.Амартүвшин гэрээ ёсоор “Риголетто” дуурийн алиа салбадай Риголеттод дуулах байсан ч түүнийг очсоны дараа хөтөлбөрт нь өөрчлөлт орсон учраас тус дуурийн Монтероне гүнгийн дүрийг бүтээсэн байна. ДБЭТ-ын гоцлооч Э.Амартүвшин өнгөрсөн зун дэлхийн дуурийн урлагийн амьд домог болсон алдарт тенор Пласидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд анх удаа оролцон, тэргүүн байр эзэлж, түүнээс “Таны өмнө дэлхий нээлттэй байна” гэсэн гайхалтай магтаалтайгаар эх орондоо ирсэн билээ. Э.Амартүвшин уг уралдааны сүүлийн шатны шалгаруулалтад Дж.Вердийн “Риголетто” дуурийн алиа салбадай Риголеттогын ариг эгшиглүүлсэн юм.
ДБЭТ энэ жил уран бүтээлийн 50 дахь улирлын хөшгөө тус театрын тайзнаа 50 жил эгшиглэж буй Оросын суут хөгжмийн зохиолч Пётр Ильич Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээсэн бөгөөд Онегины дүрийг баритон Э.Амартүвшин анх удаа гэхэд тун гайхалтай бүтээсэн юм. Тэрээр энэ сарын 15-нд ДБЭТ-ын тайзнаа дахин амилах Дж.Вердийн “Риголетто” дуурийн алиа салбадай Риголеттод тоглохоор бэлтгэж байна.
Г.ДАША