Генийн өөрчлөлттэй болгоныг хортой гэхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Генийн өөрчлөлттэй болгоныг хортой гэхгүй гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг үргэлжлүүлэн хийлээ. Ганзагын наймаагаар задгайгаар оруулж ирж байгаа хүнсний бараанд хяналт тавьж чадахгүй байгаа тухай энэ үеэр хөндөгдөв. Хүн ам амьдралынхаа туршид чанартай, эрүүл хүнсийг хүртээмжтэй хэмжээгээр хэрэглэж байх нь хуулийн гол агуулга болохыг гишүүд дэмжиж хуульд орууллаа. Малын мах, сүү, тарианы үр зэрэг бүтээгдэхүүнийг стратегийн хүнсэнд оруулах, хувиргасан амьд организмыг гаднаас оруулахад хяналт тавих зэрэг заалтыг гишүүд дэмжлээ.

Харин генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэх талаар гишүүдийн санал зөрсөн юм. Гишүүд аль болохор органик хүнс, дотоодод үйлдвэрлэсэн хүнсээ хэрэглэж байх нь чухал гэж байлаа. Мал нядлах газар, сүүний үйлдвэрт гарал үүсэл тодорхой эрүүл бүтээгдэхүүн нийлүүлсэн малчдад урамшуулал олгож байх санал ч гарч байв.

Генийн инженерчлэлийн үр дүнд сайн сайхны төлөө гаргасан генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хортой гэж үзэж болохгүй гэж Г.Баярсайхан гишүүн хэлээд ийм төрлийн бүтээгдэхүүнийг эсэргүүцэж байсан Х.Болорчулуун гишүүнд хандаж “Өмсч байгаа цамцны чинь хөвөн хүртэл генийн өөрчлөлттэй шүү” хэмээн сануулав. Асуудалд бодитой хандаж байхыг тэрбээр хэлж генийн өөрчлөлттэй болгоныг хортой гэж өрөөсгөлөөр ойлгож болохгүй гэлээ.

Хүнсний талын мэдээлэл үнэн зөв, бодитой байхаас гадна хүнсний бүтээгдэхүүн шимт чанартай, тэжээллэг байх ёстой талаар хуульд тусгалаа.

Одоо саналын томъёоллуудаар санал хурааж байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж