Хүнсээ дотоодоосоо хангая гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Хүнсээ дотоодоосоо хангая гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Сүүлийн үед хүнсний аюулгүй байдал анхаарал татаж байгаа. Стратегийн хүнсэнд Монгол Улс мах, сүү, цагаан будаа, үр тариа, гурилыг оруулаад байгаа юм. Тэдгээрээс цагаан будаанаас бусдыг дотоодоосоо хангах зорилтыг тавьжээ. Зөвхөн дотоодод түүхий эд нь байхгүй хүнсийг л импортоор авч, импортоор авах барааны тоог цөөлөх зэрэг зорилт тавихаар болжээ.

Сүүний эх үүсвэр Монголд хангалттай ч гаднаас хуурай сүү авдаг, төмс, хүнсний ногоогоор дотоод хэрэгцээгээ хангах боломжтой байхад мөн л гадаад зах зээлээс зарим хэсгийг татдагийг анхаарч аль болохоор монгол хөрсөндөө ургуулсан төмс, хүнсний ногоогоор за зээлээ хангах зорилт тавих хэрэгтэйг А.Бакей гишүүн хэлж байлаа. Монголын хүнсний ногооны жилийн хэрэглээ 170-180 мянган тонн. Тэгвэл 130-аад мянган тонн ногоо агуулах складтай. Цаашдаа хувийн хэвшлийг татан оруулж ирэх дөрвөн жилд ногооны агуулахын тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилтыг тавиад байгааг ажлын хэсгийнхэн хэлж байлаа.

Бас махны хангамжийн талаар тусгайлсан арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн сэдэв хөндөгдөв.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр генийн өөрчлөлттэй хүнс нь хүний удмын сан, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, антибиотекийн үйлчилгээг зогсоох, байгаль орчин, ашигтай бактер зэрэгт эсрэгээр нөлөөлдөг гэдгийг сануулж байлаа. “Монгол хүний удмын сан бол уул уурхайн баялагтай эгнэшгүй үнэт зүйл. Түүнийг хамгаалах хэрэгтэй” гэж тэрбээр хэлж байлаа.

Гадаадын тусламжаар оруулж буй хүнсэнд генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн оруулж болохгүй гэсэн заалтыг оруулж өгснийг Г.Баярсайхан гишүүн хэллээ. Гэхдээ хүний биед сөрөг нөлөөтэй генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хортой, харин ашигтай элемент оруулж өгсөн бол хоргүй гэдгийг тэрбээр экологич хүний хувьд хэлж байв.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж