Тодруулбал, БНАСАУ эхний шатны пуужингаа пуужин хөөргөх тавцанд байрлуулан хөөргөх ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд үүндээ 3-4 өдөр зарцуулах аж. Мэдээж баллистик пуужин хөөрсөн тохиолдолд Хятад болон Солонгосын хойгийн хоорондох далай дээгүүр нисч цааш Японы Окинава арал дээгүүр нисч өнгөрөх учиртай. Энэ нь бүс нутгийн пуужин хөөргөх агаарын цорын ганц гарц юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар пуужингийн гаднах байдал Хойд Солонгосын “Унха-3” пуужинтай төстэй юм байна.
Пуужингийн хөөргөлтийг зогсоох, бүс нутгийн аюулгүй байдлыг сахих зорилготой АНУ, Япон, БНХАУ, Өмнөд Солонгос, ОХУ-ын төлөөлөгчид Сөүл хотноо уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтын үеэр АНУ болон Өмнөд Солонгосын байр суурийг бусад орнууд хүлээн зөвшөөрөөгүй аж. Өөрөөр хэлбэл, АНУ тэргүүтэй холбоотон улсууд НҮБ-аас эдийн засгийн хориг арга хэмжээ авч, пуужинг хөөргөхгүй байх талаас нь арга хэмжээг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэвч ОХУ болон БНХАУ-ын зүгээс “Умард Солонгосын асуудлыг НҮБ биш Бриксийн холбоо шийднэ” хэмээн дахин уулзалт зохион байгуулахаар болжээ. Мөн БНХАУ-ын төлөөлөгч “Хэдийгээр БНАСАУ өөрийн баллистик пуужинг сансарт хөөргөх бүрэн эрхтэй ч бүс нутгийн аюулгүй байдлыг анхаарах ёстой” хэмээжээ. Сансрын пуужинг дахин осолдохгүй гэх баталгаа байхгүй тул бүх зүйлийг нарийн төлөвлөсөн, олону улсын шинжээчдийн багийг баллистик пуужинг байрлаж байгаа газар руу илгээх нь зүйтэй талаар тэд санал нэгдсэн байна. Үүнтэй холбоотой Өмнөд Солонгос өөрсдийн олон улсын нислэгүүдийг өөрчлөх тухайгаа мэдэгджээ.
АНУ-ын Тагнуулын төв газраас БНАСАУ-ын баруун нутгийн “Сохэ” талбайд хиймэл дагуулаас хэд, хэдэн удаагийн гэрэл зургийг авчээ. Зургуудаас үүдэн “Энэ долоо хоногт багтан хиймэл дагуул хөөргөх магадлал өндөр байна” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Мөн Америк-Өмнөд Солонгосын хүрээлэнгийн мэргэжилтнүүд гурван шаттай пуужингийн хоёрыг нь пуужин хөөргөх талбайд авчирсныг тогтоосон байна.
Хэдийгээр Хойд Солонгос хиймэл дагуултай пуужин хөөргөх нь бүс нутгийн энх тайванд харшилсан өдөөн хатгалт гэдгийг АНУ-ын зүгээс үзэж буйгаар илэрхийлсээр байгаа. Харин Хойд Солонгосын зүгээс “Энэ сарын дундуур хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй байгаа” гэдгээ мэдэгдсэн юм.
Өмнө нь БНАСАУ дэлхий нийтийн өмнө өөрсдийгөө “онигоо”-нд оруулаад амжсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард дэлхий дахинаа сүр дуулиан болж хөөргөсөн умардын алсын тусгалтай пуужин агаар мандлаас гараагүй сүйрсэн юм. Тухайн үед дэлхийн томоохон орнуудын эсэргүүцлийг үл тоон хөөргөсөн пуужин нь Өмнөд Солонгосын баруун урд байрлах “Күнсан” хотоос холгүй тэнгист аюулгүй унасан аж. Хөөрөөд 2-3 минутын дотор 20 гаруй жижиг хэлтэрхий болон унасан билээ. АНУ-ын тусгай албаныхан энэ бол “Дэдунг 2 “гэсэн пуужин болохыг албан ёсоор олж тогтоожээ. “Дэдунг-2” пуужин нь 6,700 км ба түүнээс хол зайн тусгалтай бөгөөд хэрвээ байгаа олж далайд дэлбэрсэн бол Япон, Тайвань, Аляскийн газар нутгуудад түүний хот уршиг нөлөөлөх байсан” гэдгийг ажиглагчид тогтоосон билээ.
Баллистик пуужин хөөргөх асуудлын хажуугаар Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уныг “Оны шилдэг хүн” болгох тухайн “The Times” онцолсон. Цахим хуудсаар явуулсан санал асуулгаар залуу удирдагч “Оны шилдэг хүн” номинацийг нэг сая 500 мянга гаруй хүний саналаар тэргүүлсан аж. “Time” сэтгүүл нь уламжлал ёсоор жил бүрийн арванхоёрдугаар сарын 14-нд оны хүнийг тодруулдаг юм. Түүний араас АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, “PSY”, Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассад нар 60 мянга хүрэхгүй саналаар удаалсан аж. Санал асуулгад оролцсон хүмүүс Ким Чен Уныг “Хойд Солонгосын шинэ удирдагч өөрийн улсыг өөрчилж байгаа нь дэлхий нийтэд анзаарагдаж байгаа. Театрын жүжигчид богино хувцас өмсч, иргэд нь өнгийн хувцас өмсдөг болж эхэлж байгаа зэрэг нь түүнийг өөрчлөн байгуулалтын нэг хэсэг. Мөн өөрийн эхнэрийн хамт олны өмнө ил гарч, ард түмний дуу хоолойг орон даяар цацаж буй нь эрх чөлөөт нийгэм рүү аажим, аажмаар шилжиж буйн тод жишээ” гэсэн сэтгэгдлүүдийг үлдээсэн байна.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин