Засаг задрах хууль, эрх зүйн боломж бий юү

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Засаг задрах хууль, эрх зүйн боломж бий юү

Сонгуульд МҮАН-тай эвсэж оролцсон МАХН-ынхан засгаас гарахаа мэдэгдсэн. МАХН-ынхныг Засгийн газраас гарчихвал шинэчлэлийн Засгийн газар огцорно гэсэн мэдээлэл цацагдах болсон. Харин энэ талаар хуульчдаас тодрууллаа.

Хуульч С.Нарангэрэл: МАХН ЗАСГААС ГАРЧИХВАЛ ХУУЛЬ БУС ЗАСГИЙН ГАЗАР БОЛНО


-МАХН Засгийн газраас гарахаа мэдэгдсэн. Хэрэв тэд зас­гаас гарчихвал шинэчлэлийн Зас-гийн газар тарахаас өөр аргагүй болох уу. Хууль эрх зүйн үүднээс нь тайлбарлахгүй юу?

-Эвслийн Засгийн газрын гэрээнд хэрхэн зааснаас хамаарч Засгийн газраас гарах эсэхийг шийдэх байх. Миний хувьд чухам ямар гэрээ байгуулсныг нь мэдэхгүй байна. УИХ-ын 2012 оны сонгуулиар ард түмэн аль нэг улс төрийн хүчнийг дангаараа эрх барих боломжийг олгоогүй. Тиймээс тэд эвсэж засаг байгуулсан.

-Хэрэв МАХН МАН-тай хамтрахаар болчихвол Засгийн газар байгуулаад ажиллах боломжтой юу. Аль эсвэл хамгийн анх УИХ-д олон болсон нам Засгийн газраа байгуулдаг юм уу?

-Энэ асуудлаар парламентад суудалтай улс төрийн хүчнүүд тохиролцож чадахгүй бол УИХ-ыг тарааж ч мэдэх юм. Тэгээд дахин сонгууль явуулах байдалд хүрэх байх. Үүнээс гадна Засгийн газрыг мөн шинээр бүрдүүлэх шаардлагатай болно шүү дээ.

-МАН, Өвөрхангайгаар, МАХН Н.Энхбаяраар барьцаа­лан өн­гөр­сөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хурал­даанд оролцоогүй. Чуулганы хурал­даа­ныг ийнхүү гацаасаар байвал хуу­лийн ямар зохицуулалтаар арга хэмжээ авах ёстой юм бол?

-Харилцан тохиролцож байж пар­ламентын үйл ажиллагаа урагш явдаг.

-МАХН Засгийн газраас гарлаа гэхэд Ардчилсан нам, МҮАН-тай эвсээд гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг явуулах боломжтой юу?

-МАХН Засгийн газраас гар­чихвал хууль бус буюу Үндсэн хууль зөрчсөн Засгийн газар болно. МҮАН, Ардчилсан нам засаг байгуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл, бие даасан гишүүн болно гэсэн үг. Харин МАХН Засгийн газраас гарах гэж буй нь эвслийн гэрээгээ зөрчиж байгаа бол болохгүй болов уу. 


Хуульч Н.Ариунболд: МАХН ГАРСАН Ч ЗАСГИЙН ГАЗАР ТАРАХ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ

-МАХН Засгийн газраас гарахаа мэдэгдсэн энэ үед шинэчлэлийн Засгийн газар тарах уу. Хуульд юу гэж тусгасан байдаг юм бэ?

-Үндсэн хуулийн 43.2-т зааснаар Ерөнхий сайд, эсвэл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэн бүрэл­дэхүүнээрээ огцорно гэсэн байдаг. Тий-мээс МАХН-ын гишүүд Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь биш учир Засгийн газар огцрох боломжгүй юм.

-Ардчилсан нам, МҮАН-тай эвсээд гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг явуулах боломж бий юу?

-Засгийн газар огцроогүй байхад дараагийн засгийг байгуулна гэж байхгүй. Ингэх ч боломжгүй.

-МАН, МАХН-ынхан УИХ-ын чуулганы нэгдсэн хурал­даанд оролцоогүй. Чуул­ганы хурал­дааныг гацаа­саар бай­вал хуулийн ямар зохицуу­лал­таар асуудлыг шийдвэрлэх вэ?

-УИХ-ын гишүүд дээдэлж, сахиу­лах, хэрэгжүүлэх үүрэгтэй. Ийм байтал бидэнд энэ нь таалагдахгүй байна, тэр нь болохгүй байна гэж чуулганы хуралдааныг гацаах эрхгүй. Тэд чуулганы хуралдаанд оролцох үүрэгтэй.

-Засгийн газраас МАХН гарахад үйл ажиллагаагаа хэвийн явуулах үүднээс дараагийн сайд нарыг хэрхэн томилох зарчмаар явагдах юм бол. Хэр хугацаа шаардагдах вэ?

-Засгийн газрын тухай хуулийн 21.2-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэс­лэлээр албан тушаалаас огцор­сон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаа­наас нь өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд УИХ 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эр­хийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан байдаг. Хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх ёстой.

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж