Банкууд &#34аварга&#34 төслийг санхүүжүүлж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Банкууд &#34аварга&#34 төслийг санхүүжүүлж чадахгүй

Монголд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байна. Оюу­толгой, Тавантолгой гэх мэт томоо­хон төслүүдийг дагаад эдийн засаг ойрын жилүүдэд 3-4 дахин өсөх нь дамжиггүй болсон. Гэх­дээ эдгээр томоохон төслүүд хэрэг­цээт мөнгөө хаанаас олж байна вэ. Уул уурхайн нэг төслийг санхүүжүүлэхэд дунджаар 200-300 сая ам.доллар шаардлагатай байдаг. Харин томоохон компаниуд энэ мэт санхүүжилтээ ихэвчлэн гаднаас босгож байна. Гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах, эсвэл гадаад улсын томоохон банкнаас зээл авах, хөрөнгө оруулалт татах гэх мэтээр мөнгө олж ирж байгаа нь нууц биш. Уг нь уул уурхайн салбарын энэ их санхүүгийн хэрэгцээн дээр Монголын арилжааны банкууд орвол өсөн дэвжих, өөрийн хөрөнгөө арвижуулах, томрох маш том боломж нээгдэнэ. Гэхдээ манай арилжааны банкуудын чадавхи одоогоор шууд 200-300 сая ам.долларыг гаргачих хэмжээнд хүрээгүй байна. Банкны өөрийн менежмент, үйл ажиллагааны ил тод байдал гэх мэт зүйлсээр бол нэг их дутахгүй л дээ. Харин хуулиараа арилжааны банкууд өөрийн хөрөнгийн 20 хүртэлх хувиар зээл олгоно хэмээн хязгаарласан байдаг нь гол “асуудал” бололтой юм. Монголын бүх арилжааны банкуудын өөрийн хөрөнгө нийлээд 2012 оны гуравдугаар улирлын байдлаар 922 тэрбум төгрөгт хүрсэн гэх статистик мэдээлэл байна. Үүний 20 хувь гэж тооцвол ойролцоогоор 190 гаруй тэрбум төгрөг болж буй. Тэгэхээр Монголын бүх арилжааны банкууд нэгдэж, нийлээд өөрийн хөрөнгийнхөө дээд хэмжээгээр зээл олгосон ч томоохон хэмжээний төслийг бүрэн санхүүжүүлж чадах­гүй байна. Дээр дурьдсанчлан том төслүүдийг санхүүжүүлэхэд дунджаар 200-300, түүнээс ч их хэм­жээний мөнгө шаардлагатай.

Гэхдээ Монголын арилжааны банкууд өөрийн хөрөнгөндөө хяз­гаарлагдаад “том нүүдэл” хийж чадахгүй байгаа гэж ойлгож болохгүй. Томоохон төслүүдийг санхүүжүүлэх хамтын санхүүжилтийн хэлбэрүүvдийг сүүлийн жилүүдэд ашиглах болжээ. Энэ талаар ХХБ арвин туршлагатай бол Хасбанк саяхнаас буюу 2011 оноос эхлэн хамтын санхүүжилтийн аргыг нэвтрүүлэх болсон гэнэ. Хамтын санхүүжилт гэдэг нь үндсэндээ банкууд хоо­рондоо хамтран томоохон зээл гаргах тогтолцоо юм байна. Хоёр банк хамтраад зээл олгоод эрсдлийг гаргасан хөрөнгийн хэмжээгээрээ үүрэх нэг арга бий. Түүнчлэн хэд хэдэн банк хамтраад томоохон санхүүжилт хийх бас нэг хэлбэр байдаг аж. Хэрвээ олон банк хамтрахад хүрвэл аль нэг томоохон банк нь “толгой” банкаар ажиллаж гол эрсдлийг өөр дээрээ үүрдэг гэнэ. Эхний хувилбар буюу хоёр банкны хамтын санхүүжилтийг дотоодын банкууд хийгээд эхэлжээ. Хасбанк гэхэд 4-5 томоохон төслийг ийм байдлаар санхүүжүүлээд байгаа гэнэ. Түүнчлэн “Оюутолгой” төсөл ойрын хугацаанд Монголын хэд хэдэн банкнаас томоохон хэмжээний зээл авах талаар бас яригдаж байгаа аж. Иймэрхүү байдлаар ажиллаж байгааг муулах аргагүй. Гэхдээ цаашид улам бүр өргөжин тэлэх уул уурхайн төслүүдийг санхүүжүүлэх, нэг ёсондоо уул уурхайн салбартай зэрэгцэн хөгжихийн тулд арилжааны банкууд илүү ихийг хийх шаардлагатай нь мэдээж юм. Өөрөөр хэлбэл, тогтмол өөрийн хөрөнгийнхөө хэмжээг нэмэгдүүлж, ил тод, нээлттэй, олон улсын төвшинд хүрсэн менежменттэй ажиллах ёстой биз ээ.

Тэгвэл арилжааны банкууд өнөөдөр тийм сайн ажиллаж чадаж байна уу. Нийт 15 арилжааны банк байгаа ч хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн шилдэг гэж яривал 4-5 банк л байна. Түүнчлэн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ гэвэл үндсэндээ зээл, хадгаламж, харилцах гэсэн гурван үйлчилгээнээс хэтрэхгүй байгааг энэ салбарын мэргэжилтнүүд онцоллоо. Өөрөөр хэлбэл, манай арилжааны банкуудын хүүгийн бус орлого нийт орлогын 10 хүрэхгүй хувийг эзэлдэг аж. Харин гадаадын улсуудад банкны хүүгийн бус орлогын эзлэх хувь 30-40 хүртэлх хувьтай байдаг гэнэ. Хүүгийн болон хүүгийн бус орлого гэж юу вэ. Хүүгийн орлого бол мэдээж хадгаламж, зээлийн хүүгийн орлого. Харин хүүгийн бус гэвэл банкнаас үзүүлж буй бусад төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс олж буй орлого юм. Үүнд хөрөнгө оруулалтын зөвлөх, хөрөнгө оруулалтын банк, клиринг, кастадионы үйлчилгээ болон төрөл бүрийн шимтгэл, цахим банк, аккредетив гэх мэт үйлчилгээг хамруулдаг юм байна.

Өнөөдрийн тухайд цөөн хэдхэн арилжааны банк хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний эрх аваад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Түүнчлэн брокер, дилерийн компани бай­гуулахыг хичээсэн ч Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны эсэр­гүүцэлтэй тулгарснаар үндсэндээ бүтэлгүйтэж байх шиг байна. Клиринг, кастадионы үйлчилгээ одооноос л яригдаж эхэлж байгаа. Дээрээс нь банкны үйлчилгээний шимтгэл хамгийн бага орнуудын дунд Монгол Улс тун дээгүүр жагсдаг аж. Ийм байгаа тохиолдолд хүүгийн бус орлогын хэмжээ бага байхаас яахав. Үүнийгээ дагаад банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх, хүчирхэгжин томрох боломж нь хязгаарлагдмал байх шиг. Гэхдээ арилжааны бан­кууд томрох боломжийг хуулиар хааж, боосон зүйл огт байхгүй гэд­гийг сануулъя. Аль ч банк сайн менеж­мент хийгээд, шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлээд явж болно. Түүнчлэн бүр чадал нь хүрэхгүй бол хоорондоо нэгдэж, нийлээд хүчирхэгжих хэрэгтэй гэх зөвлөгөөг Монголбанкнаас зарим арилжааны банкуудад хүргүүлдэг гэж байна. Сүүлийн жилүүдэд арилжааны банкуудын үйл ажиллагаа харьцангуй хэвийн болсныг мэргэ-жилтнүүд хэлж байгаа. Зээлийн өсөлт 2011 онд 72 хувьд хүрсэн бол 2012 он гарсаар 30 гаруй хувиар өсчээ. Харин чанаргүй зээлийн хувь хэмжээ тогтвортой байгаа. Түүнчлэн хадгаламж, харилцахын мөнгөн дүн­гийн хэмжээ тогтмол нэмэгдсээр байна. Банкуудын нийт актив 10 их наяд төгрөгт хүрчээ. Чамлахааргүй л үзүүлэлт. Гэхдээ үүнээс ч илүү томрох шаардлага байсаар байна.

Зөвхөн Оюутолгой төсөл л гэхэд ирэх жилүүдэд зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийнэ гэж байгаа. Энэ бүх мөнгийг тэд зүгээр л халааснаасаа гаргахгүй, бүгдийг нь энд тэндээс зээлнэ, босгоно. Бүр тодруулбал, гадаадын банкнаас зээлнэ гэсэн үг. Гэтэл яагаад Монголын арилжааны банкууд нийлээд Оюутолгой төсөлд хэрэгтэй байгаа мөнгийг нь гарган өгч болохгүй гэж. Арилжааны банкууд томорч чадахгүй байна гэдэг нь цөөн хэдэн компанийн талаар ярьж байгаа юм биш. Банк томорч, хөгжиж чадвал түүнийг дагаад Монголын эдийн засагт хэчнээн чухал үр нөлөөтэй. Түүнчлэн Оюутолгойгоос гадагшаа урсаж буй асар их мөнгө Монголд үлдвэл хэчнээн их ажлын байр бий болж, хэчнээн үйлдвэрлэл хөгжиж, шинээр бий болох вэ. Тийм учраас уул уурхайн салбарыг дагаад эдийн засгаа эрчимтэй хөгжүүлье, бусад салбараа хөл дээр нь босгоё гэж байгаа бол хамгийн түрүүнд банкууд л илүү хүчирхэгжих хэрэгтэй байгаа юм. Тэд дэлхийн хэмжээний аварга том төслийг санхүүжүүлэх чадал, чансаатай болох ёстой. Тэгж байж, эдийн засаг жинхэнэ утгаараа өсөн дэвжиж, үйлдвэрлэл нэмэгдэнэ. Тэгэхээр арилжааны банкууд мон­голын хөгжлийг урагш чирэх том төслүүдийг санхүүжүүлдэг баймаар байна даа. 

Л.ЭНХДЭЛГЭР

Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж