Тэрбээр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл АН, ИЗНН-тай хамтарч Засгийн газрыг байгуулахдаа Монгол Улсад ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх асуудлыг нэн түрүүнд тавихаа илэрхийлж хамтын ажиллагааны суурь зарчим болгосон гэдгийг онцоллоо.
Гэтэл улс төрийн хэлмэгдүүлэлт гүнзгийрч, МАХН-ын гишүүдийг ялгаварлан гадуурхах, Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчих зэргээр хууль бус явдал газар авсан гэв. Түүний жишээ нь орон нутгийн сонгууль болсон гэж байв. Орон нутгийн сонгуулийн үеэр МАХН-ын гишүүдийг хавчин гадуурхаж хэлмэгдүүлэлтэд өртүүлсэн гэж МАХН-ын Гүйцэтгэх товчооноос үзжээ. “Аймаг, сум, дүүргийн Сонгуулийн хороод МАХН-ын нэр дэвшигчдтйг хасах, бүртгэхгүй байх зэргээр хавчиж гадуурхсан. Сая болсон сонгуулиар МАХН-аас 8000 гаруй хүн нэр дэвшиж мандат авах байсан ч харамсалтай нь хэрэг дээрээ 2000 гаруй хүн нэр дэвшсэн.
Хууль бус шалтаг, шалтгаанаар, заримдаа хууль бус хасалтаар хасагдсаар нэр дэвшигчдийн 30 хувь нь л нэр дэвших эрх авсан. Шүүхийн шийдвэр гарсаар байтал заримд нь сурталчилгаа хийх боломж олголгүй байсаар гуравхан хоногийн дотор сурталчилгаа хийх боломж олгосон. Мөн зарим хэсэг, тойрогт МАХН-ын нэр дэвшигчдэд өгсөн саналын хуудас алга болсон. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт 9000 саналын хуудсыг хүчингүй болгосон. МАХН-ын 187 нэр дэвшигчид үнэмлэх олгоогүй. Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод аймаг, Багахангай дүүрэгт МАХН-ын нэр дэвшигчдийг бүртгэж аваагүй, сонгох, сонгогдох эрх нь зөрчигдсөн. Зарим газарт бүртгэж авсан ч саналын хуудас хэвлүүлэхдээ нэр мартсан гэх шалтгаанаар оруулаагүй. Санал хураах төхөөрөмжийн талаар их яригдаж байгаа. МАХН-д санал өгөөд машинд оруулахад өөр нам гарч ирж байх жишээтэй. Энэ мэтээр хардах эрх бидэнд бий.
УИХ-ын сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Хөдөлмөрийн баатар З.Ойдов, доктор С.Авирмэд, академич С.Нарангэрэл, нэр дэвшигч Э.Батшугар нарыг СЕХ жагсаалтаас хууль бусаар хассан. УИХ-ын сонгуулийн үеэр ингэсэн бол орон нутгийн сонгуулиар энэ байдал давтагдлаа” гэж Д.Тэрбишдагва гишүүн мэдээллээ.
Нөхцөл байдал иймээр эргэсэн тул МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж энэ асуудлыг ярьж Засгийн газраас МАХН-ын гишүүдийг гаргах шийдвэр гаргасан байна. Ингээд Д.Тэрбишдагва гишүнд Засгийн газраас МАХН гарах эсэх асуудлаар “Шударга ёс” бүлгийн гишүүд, МҮАН-ынхантай ярилцах ёстой гэсэн чиглэл өгчээ. Энэ дагуу МҮАН-ын гишүүдтэй ярилцаж, зөвшилцөж байгаа юм байна.
“Улс төрийн тогтворгүй байдал үүсвэл МАХН хариуцахгүй. Хууль, хяналтын байгууллагыг хараат бус биш болгож байгаа асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлмэгдэж шоронд сууж байна. Хэлмэгдүүлэлтийг бүх шатанд таслан зогсоохыг үндэсний эрх ашиг гэж МАХН үзэж байна. Хүний сонгох, сонгогдох эрх ашгийг мөн хамгийн том эрх ашиг гэж үздэг.
Нам, хувь хүний эрх ашгийг хоёрдугаарт тавьж байгаа. Нэг намыг хавчин гадуурхаж болохгүй. Засгийн газраас гарах асуудлыг МҮАН-тай ярьж байна. Шийдийг удахгүй хэлнэ. Ерөнхий сайд маргааш Киргизээс ирэхэд асуудлыг албан ёсоор танилцуулж ярина. ИЗНН-ын дарга С.Оюун мөн эзгүй байгаа. Ирэхээр нь бас ярина. Шаардлагатай гэвэл ҮАБЗ-д хандах болно” гэлээ. Д.Тэрбишдагва гишүүн Н.Батцэрэг гишүүнтэй хамт маргааш мэдээлэл хийнэ гэдгээ зарлаад асуулт хариулт явуулахгүй гэсээр гарч одсон юм.