Тайландын эзэн хаан Пхумипон Адульядетын 85 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож, ард түмэн нь хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаа тухай олон улсын эх сурвалжууд мэдээлж байна. Хааны 85 насны ойд зориулсан арга хэмжээ Эзэн хааны ордны ойролцоох “Throne Hall”-д болсон бөгөөд уг арга хэмжээнд 200 мянган хүн оролцсон байна.
Тайландын орон нутгийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар мягмар гаригийн оройноос эхлэн Тайландад баярын уур амьсгал орсон байна. Учир нь Тайландад хааныхаа төрсөн өдрийг үндэсний баярын хэмжээнд үзэн, энэ өдөр төрийн далбааг намируулдаг уламжлалтай аж. Тайландын хааны мэндэлсэн энэ өдөр мөн бүх нийтийн амралтын өдөр байдаг бөгөөд одоогийн байдлаар дэлхийд Пхумипон Адульядет шиг 65 жилийн турш хаан ширээнд суусан хүн байхгүй гэнэ. Тэрээр 1946 оны зургадугаар сараас хойш хаан ширээнд сууж буй ажээ.
Э.АНХТУЯА