-МАХН-ын Гүйцэтгэх товчооноос өчигдөр өглөө мэдээлэл хийхдээ “МАХН-ын гишүүд Засгийн газраас гарахаар болсон. Энэ талаар МҮАН-ынхантай Шадар сайд Д.Тэрбишдагва ярилцах үүрэг авсан” гэж байсан. Танай намынхан энэ асуудлаар хуралдсан уу?
-МАХН-ын Гүйцэтгэх товчооноос гаргасан шийдвэрийн талаар МҮАН хуралдаагүй. Хуралдахаар ноцтой зүйл болсон гэж үзэхгүй байна. МАХН засгаас гарахаар шийдчихээд түүнийгээ зарласан гэж би ойлгоогүй. Ийм шийдвэр гаргасан ч энэ нь засгийг донсолгох шийдвэр огт биш. Нам, эвсэл, төр засаг, хэвлэл мэдээлэл, нийгмээрээ хошуурч намираад байх зүйл гэж би бодохгүй байна.
-МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн хэлэхдээ “Засгийн газарт байгаа МАХН-ын гишүүд дээрх шийдвэрийг хүлээж авсан” гэж байсан. МАХН-ынхны ярианаас үзэхэд төрийн хямрал үүсэх бодит нөхцөл байдал бий болчихоод байгаа юм биш үү?
-Миний мэдэж байгаагаар МАХН-ын сайдууд сайдын албан тушаалаасаа татгалзана гэдэг нь эвсэл задарна гэсэн үг биш. МАХН-ын гишүүд ч ингэж хэлж байгаа. Хэсэг хүн үзэл бодлоо илэрхийлсний төлөө төр хямарчихлаа гэж бужигналдаад байх нь утга учиргүй юм.
-МАХН-ынхан энэ чигээрээ хэтэрхий туйлширсан ч “Шударга ёс” эвсэл задрахгүй гэх баталгаа бий юу?
-МҮАН-ын хувьд эвслийг хадгалж үлдэхийн төлөө байр сууринаасаа хэзээ ч ухрахгүй. Өмнө нь ч ийм байсан, одоо ч хэвээрээ байна. МҮАН-аас шалтгаалж эвсэл задрахгүй гэдгийг амлаж байна.
-Өнөөдрийг хүртэл МҮАН-ынхан МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй, хойш суугаад байх шиг. Үүнээс шалтгаалж эвслийн намуудын дунд ан цав үүсээд байна уу?
-Бидний дунд том ан цав байхгүй. Эвслийн тэргүүний хувь заяанд бид ч бас санаа зовж байгаа.
Тийм ч учраас МАХН-ынхныхаа энэ талаарх байр суурь, шийдвэрт хүндэтгэлтэй хандаад л нам жим байдаг. Бид энэ талаарх бүх санаачилгыг МАХН-ынхан бүрэн тавьж өгсөн. Тэдний хууль ёсны болон хууль бус алхам, сэтгэл хөдлөл орсон ороогүй бүх үйлдэл, үүргийн болон эрхийн ямар ч асуудалд бид илүү ойлгож, хүндэтгэж ханддаг.
-Хэрэв баасан гарагт болох шүүх хуралдаан өмнөх шийдвэрийг хэвээр батлаад үүнээс болж МАХН засгаас гарах төдийгүй, эвслийг задлах гээд асуудал цааш үргэлжилбэл та ямар байр суурьтай байх вэ?
-Би тийм асуудал үүсэхгүй байх гэж найдаж байгаа. МАХН-д омголон, халуун залуучуудаас гадна эрх ашгаа зөв эрэмбэлж, дэнсэлж чаддаг хашир туршлагатай улстөрчид цөөнгүй бий. Миний хувьд эцсийн амьсгалыг нь хүртэл энэ засгийг тогтвортой ажиллуулахын төлөө байх болно. Энэ нь нэг их АН-д ч юм уу, засагт хайртайдаа биш. Монгол төрийн, ард иргэдийн эрх ашиг биднээс үүнийг шаардаж байна. Өнгөрсөн 22 жилд бид нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй, 70 жилд бүтээснийг бүгдийг нураасан. Гэтэл 22 жилд анх удаа АН-д бодлогоо тодорхойлж, засаглах өргөн бололцоо олдлоо. Шинэчлэлийн Засгийн газрын үед анх удаа бүтээн байгуулалтын томоохон төслүүд яригдаж байна. Аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, V цахилгаан станц, цоо шинэ төмөр зам барих ажил яригдаж байна. Эхнээс нь мөнгийг нь босгож ирээд байна. 100 хоногт ийм ажил хийгээд байгаа засгийг юуны төлөө унагаах вэ гэдгээ хувь улстөрч ядаж өөрөө бодох ёстой байх. Миний хувьд, МҮАН-ынхны хувьд үндэсний эрх ашиг, үүнээс үүдэлтэй төр тогтвортой байх асуудал хамгийн түрүүнд байх болно. Миний дэнсний нэг талд энэ эрх ашиг ямагт байх болно. МҮАН-ынхны хувьд энэ эрх ашиг бол намынхнаас ч дээгүүр зүйл.
-Н.Энхбаяр даргын эрх ашиг Таны хувьд?
-Яг одоо Н.Энхбаяр даргын асуудлыг шууд засаг, төрийн тогтвортой байдалтай, цаад утгаараа томоохон ажлын байруудыг бий болгох дээр хэлсэн том төслүүдтэй шууд уях нь хэр оновчтой вэ гэж би бодож сууна. Энэ нь түүнийг гаргуунд нь хаяна гэсэн үг огт биш. Алдаж явахад нь түүнийг нь хэлж, шүүмжилж чадаж байсан цөөн хүний нэг би. Зөв талд гарч зогсоход нь ч бас ойлгож хүлээж авч чадсан гэж би өөрийгөө боддог. Энэ нь намайг түүний талаар ямар ч үзэл бодлоо эрх чөлөөтэй илэрхийлэх эрхтэй байлгадаг. Гэвч өнөөдөр би түүний тухай сөрөг үг хэлэхийг хүсэхгүй байна. Ер нь бол би түүнийг жирийн нэг иргэн Энхбаяр, хувь хүн гэж огт үздэггүй. Тэр алдаж онож яваа монгол төрийн нэг хөдөлгүүр нь байсан. Түүний алдаа оноо бидний хамтын алдаа оноо. Түүнийг жирийн иргэнтэй адилтгаж огт болохгүй. Бодлогын хүрээнд, хууль эрхзүйн хүрээнд шийдэх асуудал бий. Хууль тогтоогч бол энэ хүрээнд л асуудлыг харж шийдлийг олох ёстой. Би хуулийн төсөл санаачилж Засгийн газарт явуулаад байгаа, удахгүй Их хуралд өргөн барих байх.
-Баянсэлэнгэ гишүүн өлсгөлөн зарлана гэж байсан. Ер нь МАХН-ын залуучууд асуудалд ихээхэн хурц хандаж байх шиг байна?
-Н.Энхбаяр даргатай ажил амьдралын салшгүй холбоотой, түүний нэр хүнд, нөмөр нөөлөг дор явж ирсэн МАХН-ын гишүүдийн хувьд даргынхаа хувь заяанд бүхнээс илүү санаа тавьж, яахаас ч буцахгүй байгаа нь юуны өмнө хүн ёсны, хүнлэг, монгол хүний ач санах сайхан сэтгэлийн илрэл талаас нь ойлгож хүндэтгэхээс аргагүй.
-“Шударга ёс” эвслийнхэн Ардчилсан намтай хамтарч Засгийн газрыг байгуулахдаа гэрээ байгуулсан. Энэ гэрээнд “Улс төрийн хэлмэгдүүлэлт болох юм бол “Шударга ёс” эвсэл Засгийн газраас гарна” гэсэн заалт байдаг гэсэн. МАХН-ынхан тэр заалтыг ийм нөхцөлд ашиглах гэж санаатайгаар оруулсан юм шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Тийм бичиг гэрээний араас нэмэлтээр орж ирж гарын үсэг зуруулж байсан санагдаж байна. Манай намын зарим нь зураагүй гэж байсан. Миний хувьд дээр хэлсэнчлэн, энэ хүмүүс тэр хүний төлөө ийм юм хийх үүрэгтэй гэж өөрсдийгөө үзэж бүхий л бололцоогоороо ажиллаж байгааг нь хүндэтгэж гарын үсэг зурсан. Яг ийм шийдвэртээ тулбал миний дэнсний нэг туухай нь үндэсний эрх ашиг гэдгийг түрүүн хэлсэн.
-МАХН-ынхныг ийм шийдвэр гаргасны дараа М.Энхсайхан даргыг Төрийн ордонд орж ирж намынхантайгаа уулзсан гэж сонссон. Танай намын дарга энэ асуудал дээр ямар байр суурь илэрхийлж байх юм?
-Манай намын удирдах зөвлөл тогтмол уулзаж, нэгнийхээ хариуцаж байгаа салбартай холбоотой мэдээлэл, санал солилцдог. Уулзах үеэрээ энэ талаар мэдээлэл солилцсон. МАХН-ынхны гаргасан шийдвэр манай намыг нэг их дэнслүүлж донслуулж сүйд болгоогүй. Намын дарга, манай гишүүдийн байр суурь тохирчихсон юм шиг л нэг байсан. Бидний үнэт зүйл, зарчим нэг, МҮАН өөрөө үзэл санааны нэгдэл болохоор бид ямар ч асуудалд иймэрхүү л байдаг юм.
-Тэгэхээр дээрх шийдвэрийг гаргаснаас нь хойш МҮАН-ынхан МАХН-ынхантай нүүр тулж уулзаагүй гэж ойлгож болох нь ээ?
-О.Баасанхүү гишүүнтэй хальт уулзсан, Э.Батшугар коридорт таарч миний өрөөнд орж ирээд гарсныг эс тооцвол бараг тэгж хэлж болно. Н.Энхбаяр даргын гэргий О.Цолмон надтай утсаар ярьсан. Хүний хань л юм болсон хойно хань ижил, үр хүүхэддээ санаа зовж бололцоотой бүх л арга хэмжээг авах гэж хичээж байгаа эмэгтэйг ойлгож хандах ёстой. Би ч бас түүний оронд байсан бол ингэх л байсан. Н.Энхбаяр гуай өлсгөлөн зарлахаар бэлтгэж махан хоол идэхгүй байгаа гэсэн. Одоо бол тэсэхгүй гээд аргаа барж байна лээ. Эцэг нь үр хүүхэддээ харагдаад л явж байвал болоо гэсэн ээжийн сэтгэлийг бид ойлгож байгаа ч асуудлын шийдлийг хууль эрхзүйн хүрээнд хайхаас өөр яах билээ дээ. Ийм асуудал дээр самгардаж сэтгэл хөдлөлдөө хэт автаад шийдвэр гаргагчид буруу тийш хазайвал юуг ч буруу хазайлгачихаж мэднэ. Ийм үед л улстөрчийн дэнс зөв ажиллаж байх ёстой гэж бодож байна.
-Муугаар бодоход МАХН-ынхан Засгийн газраас гарах шийдвэртээ үнэнч үлдэхэд Засгийн газар тарахгүй байх хууль зүйн үндэслэл бий юу?
-МАХН-ын гаргасан шийдвэр Засгийн газрыг унагах хэмжээний шийдвэр хараахан биш. МАХН-ынхан Засгийн газраас гарах нь “Шударга ёс” эвсэл тарлаа гэсэн үг биш. Би нэгэнтээ хэлж байсан даа, “шударга ёс” эвслийг шударга бус зүйл л тараана гэж. Тийм зүйл болохгүй байхаа. Тиймээс “Шударга ёс” байгаа цагт Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой. Ер нь бид өөрсдөө улс төрийг зөв ойлгож, түүнийхээр хэрээр нийгэмд зөв ойлголт өгч байх хэрэгтэй юм шиг санагддаг. Засгийн газрыг унагааж, хоорондоо муудалцаж, хуралдаа орохгүй гацааж байгаагаа улс төр хийж байгаа нь тэр гэж ойлгочихоод яваад байвал нийгэм ийм л ойлголттой байна. Эхлээд улс төрчид энэ алдаагаа засах ёстой. Үзэл санаа, зарчим ярьж маргадаг тийм улстөрийг би залуу хүнийхээ хувьд хүсч байна. Нэг хүний төлөө биш нийтийн төлөө, намынхаа төлөө биш улс үндэстнийхээ төлөө маргалдаж сурахсан. Өнгөрсөн 22 жилд 10 гаруй Засгийн газар солигджээ. Засгийн газрын дундаж наслалт ердөө л 1.6 жил байсан байна. 1.6 жилийн настай засаг юу хийх вэ, бодоод үз дээ. Энэ бол томоохон бодлого боловсруулах, явуулах, бүтээн байгуулах ямар ч боломжгүй хугацаа. Хэн хаанаас нураах гэж байна, яаж арай удаан наслах вэ гэсээр л засаг солигдож байж. Энэ бол монгол төрийн сульдаа. Бид энэ сульдааг үргэлжлүүлэгч биш илааршуулагч байх ёстой. Тийм биш гэж үү дээ. Иргэд ер нь төрөөс юу хүсдэг вэ. Хүчтэй байж асуудлыг шийддэг байгаасай гэж л хүсдэг. Гэтэл Монголын төр иргэдийн асуудлыг шийдэх байтугай өөрийнхөө ч асуудлыг шийдэх чадалгүй сульдсан. Би хувь улстөрчийнхөө хувьд Монгол төр хүчтэй, бүх талаар дархлаатай байх ёстой гэж боддог. Өөрийн итгэл үнэмшил гэхээсээ илүү хэн нэгэн хүнээс уяатай дурын хүн бужигнуулъя гэхэд нь л дагаад савладаг байх юм бол ямар төр байх вэ дээ. Ард түмэн ч үүнийг хүсэхгүй байгаа байх. Тиймээс төрийн хүчирхэгжилтийг хууль эрхзүйн хү-рээнд бий болгох ёстой.
-Та хувьсгалын үзэл санаанаасаа ухарсан уу?
-Хэзээ ч үгүй. Харин ч тэр маань улам батжиж байна гэе. Хувьсгал бол Үндсэн хуулийн өөрчлөлт. Хэрэв энэ засаг унавал дараагийн засгийн асуудал байхгүй, шууд л Үндсэн хуулийн өөрчлөлт рүү буюу хувьсгал руу орох байх даа.
-Эвсэл байгаа тохиолдолд Засгийн газар тарах боломжгүй гэлээ. МҮАН-ынхныг Ардчилсан намын Засгийн газрыг хамгаалахын тулд “Шударга ёс” эвслийг тараахгүйн төлөө МАХН-ын ая талыг хардаг гэсэн хардалт төрөх бий вий. Эсвэл үнэхээр тийм асуудал байна уу?
-Хэрэв тэгж хардаж байвал үнэхээр ядуу хараагаар харж байна л гэж хэлэх байна. МҮАН-ынхан Ардчилсан намд хайртайдаа ингээд байгаа юм биш. Төр тогтвортой байх, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг анх удаа хэрэгжүүлэх гэж байгаа энэ үед аар саар шалтгаар ажил бүү цалгардаасай л гэж байгаа юм. Монголын олон мянган ажилгүй хүмүүсийг ажлын байртай болгохын тулд том бүтээн байгуулалт л хэрэгтэй биз дээ. Би бол ажил хийхэд дэмжигч төдий биш хамтрагч байх ёстой гэж үзэж, өөрийгөө идэвхтэй байр сууринд тавьж байгаа. Нарийн яривал Ардчилсан нам манай нам хоёрт үзэл санаа, зарчмын ялгаанууд бий. МҮАН бол ардчиллыг үндэсний үзлээр баяжуулсан, тов тодорхой үзэл санаатай, түүнийгээ Үндсэн хууль болгож боловсруулсан, үндэсний нам шүү дээ.
-Тэгэхээр МҮАН-ынхан төрийн тогтвортой байдлыг хангах үүднээс МАХН-ынхныг ямар ч зан авир гаргаж байсан эвслийг задлахгүйн тулд тэвчээр заана гэж ойлгож болох уу?
-Өнөөдрийг хүртэл бид МАХН-ынхны нөхцөл байдлыг ойлгож, байнга хүндэтгэлтэй хандаж ирсэн гэдгээ хэлсэн. Гэхдээ тэр хүндэтгэл маань манай намын итгэл үнэмшил, Монголын төрийн тогтвортой байдал, ард түмний эрх ашигтай шууд нүүр тулан зөрчилдөх юм бол бидний баримтлах байр суурь тодорхой. Гэхдээ бидэнд тийм хатуу сонголт ирэхгүй байх гэдэгт найдаж байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин