Эрдсийн дээжүүд тухайн ордыг бүрэн төлөөлөх чадвартай байх ёстой

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Эрдсийн дээжүүд тухайн ордыг бүрэн төлөөлөх чадвартай байх ёстой



Г.Идэрхангай    

Геологийн төв лабораторийн Ерөнхий захирал Б.Батжаргалтай ярилцлаа.

Геологийн төв лабораторийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг юунд чиглэдэг  вэ?

Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийгдэж байгаа   геологи, хайгуулын судалгаа сүүлийн жилүүдэд эрчимжиж байна. Гэхдээ манай улс энэ тал дээр тийм ч сайн судлагдсан талбай биш. Ямар ашигт малтмал хөрсөн дор болон газрын гадаргуу дээр байгааг бид зайлшгүй мэдэж байх  шаардлагатай.  Уул уурхай, геологи хайгуулын төрийн болоод хувийн хэвшлийн компаниуд энэ тал руу хөрөнгө оруулалтаа чиглүүлж  байна. Геологийн энэ бүх судалгааны явцад хийгдсэн дээж сорьцыг өндөр нарийвчлалтайгаар шинжилж, тэнд буй ашигт малтмалын химийн элемент, агуулгыг үнэн зөв гаргаж ирэх нь лабораторийн шинжилгээний асуудал. Бид энэ зорилгыг хангахаар ажиллаж байна.
 
Гадны хөрөнгө оруулалттай компаниуд ашигт малтмалын дээжийг эх орондоо шинжлүүлдэг байх. Танайд дотоодын компаниуд хэр хандаж байна вэ?

Манай лаборатори өнөөдөр  600 гаруй хэрэглэгч, захиалагчтай  хамтран  ажиллаж байна. Тэд  өөрсдийн авсан дээжийг бүгдийг нь шинжлүүлж байгаа эсэх нь өөр хэрэг. Дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд дийлэнхдээ манайд ханддаг бол   гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд дээжээ  өөрийн орон руу явуулах, эсвэл Монголд байгаа тухайн улсынхаа салбар лабораториудад өгч шинжлүүлэх явдал байдаг.

Зарим дотоодын компаниуд ч бас өөрийн гэсэн геологийн лабораторитой болж байна. Жишээ нь, “Монголын Алт” компанийг нэрлэж болно. 

Эрдэс түүхий эдийн дээжийг шинжлэхэд хэр хугацаа шаардагддаг вэ? Дээжээ өгсөн ч үр дүнг нь хүлээж их уддаг гэсэн яриа байдаг л даа?

Геологийн төв лабораторид хандахын ач холбогдлыг манай захиалагч нар ойлгох хэрэгтэй. Дээж шинжлэх хугацаанаас илүү шинжилгээний ажлын чанар гэдэг  хамгийн чухал үзүүлэлт байдаг юм. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа лабораториуд дотроос олон улсад итгэмжлэгдсэн эрдсийн түүхий эдийн цорын ганц лаборатори бол манайх. Мэдээж бусад лабораторийг итгэмжлэгдээгүй гэж би хэлэхгүй.  Гэхдээ тэд толгой лабораториудынхаа адилаар олон улсын итгэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан эсэхийг  би бас хэлж чадахгүй.

Итгэмжлэл нь ГТЛ-ийн олон давуу талыг харуулж чадна. Бид нэгдүгээрт,  шинжилгээний ажлыг өнөөдрийн түвшинд олон улсын ISO арга, аргачлалаар хийдэг болсон. Хоёрдугаарт, энэхүү арга аргачлалаар шинжилгээ хийх  орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг  бүрдүүлсэн.  Гуравдугаарт, энд ажиллах боловсон хүчнээ бэлтгэж дадлагажуулж сургасан. Дөрөвдүгээрт, өөрийн шинжилгээний ажлын чанарын хяналтын иж бүрэн тогтолцоог бий болгосон. Тавдугаарт, аттестатчилагдсан стандартчилсан загвараар шинжилгээний ажлын чанар, тоног төхөөрөмжийн тохиргоог байнга хянаж байна.

Шинжилгээний ажлын хурдавчлалын тухайд гэвэл  бид  захиалагчаас ирсэн дээжийг маш богино хугацаанд гаргаж өгөх боломжийг бүрдүүллээ. Тухайлбал, хоёр ширхэг рентген флуоресценцийн спектрометртэй болсон. Эдгээрээр өдөрт 100 дээжинд  44 элементийг нэг зэрэг тодорхойлж гаргах боломжтой болсон. Мөн нүүрсний шинжилгээнд элементийн анализатор   хоёрыг суурилууллаа. Үүгээрээ бас өдөрт 600-700 дээжийг тодорхойлж гаргана. Мөн зургадугаар сард шинээр суурилуулсан индукцийн холбоост плазмын масс спекрометрээр өдөрт 400-500 дээжинд 60-80 элементийг тодорхойлж гаргадаг болсон.

Геологи, хайгуулын компаниуд  дээжээ ирүүлэхдээ ямар нэг байдлаар алдаа гаргах, үүнээсээ болж  хөрөнгө зардлын хохирол амсах тохиолдол гардаг уу? Тэдэнд ямар шаардлага тавьдаг вэ?

Үнэн зөв дээж авалт хийх шаардлагатай байдаг.  Захиалгын төлбөрөө мөн төлсөн байх ёстой. Ийм нөхцөлд бид дээжийг маш богино хугацаанд шинжилж гаргах боломжтой.  Шинжилгээний үнийн хувьд  Монголдоо харьцангуй бага.

Олон улсын геоаналитикчид ашигт малтмалын дээж  шинжилгээний чанарыг яаж дээшлүүлэх вэ гэдгийг  олон жил судалсан байдаг. Эцсийн дүгнэлт нь юу вэ гэхээр шинжилгээний чанар төлөвлөлтөөсөө авахуулаад тайлангаа бичиж, хүлээлгэж өгөх бүх шатанд зөв явж байж зөв үр дүн гарна гэдгийг  тогтоосон. 

Тухайн орд газрын талбайгаас авч байгаа түүхий эдийн дээж нь орд газраа бүрэн төлөөлөх чадвартай байх ёстой. Энэ маш чухал. Үүний дараагаас  дугаарлалт, дээжийг хаанаас  яаж авсан,   хаагуур нь зүсч шинжилгээний дээжид бэлтгэх, яаж тээвэрлэх вэ гэхчлэн  олон  зүйл бий.  Геологчид дээжийг ийм схемийн дагуу буталж боловсруулах ёстой гэсэн  саналаа илрүүлж байх ёстой. Мэдээж хэрэг дээжийг хооронд нь хольж хутгахгүй,  бохирдуулахгүй байх  гэх зэрэг зөндөө олон шаардлага байгаа. Баяжуулалтын технологийн туршилтад авчирч байгаа дээжүүд шаардлага хангахгүй, тухайн ордыг төлөөлөх чадваргүй байх тохиолдол цөөнгүй гардаг.  Үүнээс болж компаниуд хөрөнгө зардлаараа “шатдаг”.      

Бүх төрлийн ашигт малтмалын дээжийг шинжилж байгаа юу?

Бүх төрлийн ашигт малтмалд цогц шинжилгээ хийж байгаа гэж болно. Чулуулгийн үнэмлэхүй насыг л тодорхойлохгүй байгаа. Ирэх оноос үүнийг тодорхойлох боломж бүрдэнэ.

Ер нь Монголд судлагдаагүй ашигт малтмал хэр их байдаг  вэ?

Олон бий. Тухайлбал, осми гэдэг элемент байна. Үүнийг Монголд хараахан тодорхойлж чадахгүй байна.  Маш хортой. Үүнийг нойтон химийн аргаар тодорхойлж болох ч энэ нь хүн, амьтан, байгаль орчинд  хор хөнөөлтэй арга. Тиймээс ОХУ-ын Дубна дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд хандаж, анхны туршилтаа амжилтаа хийсэн.

Түүнчлэн газрын ховор элемент буюу газрын ховор шороонд ислээрээ 17 элемент байдаг. Үүнийг нэгбүрчлэн тодорхойлж гаргах  бэрхшээлтэй байсан.   2012 оноос холбогдох төхөөрөмжийг авчирч суурилуулсны дүнд  тодорхойлох чадвартай боллоо.

Сүүлийн жилүүдэд ураны судалгаа Монголд эрчимтэй хийгдэж байгаа. Цацраг идэвхит материалын шинжилгээ ямар түвшинд явж байгаа вэ?

Уран, торийн шинжилгээний анхаарах нэг зүйл бол дээж бэлтгэл. Дээж бэлтгэл онцгой орчинд хийгдэх ёстой.  Тэр нөхцөл байдлыг маш сайн хангасан сорьц боловсруулалтын лабораторийг  байгуулсан. Үүнээс гарсан бүтээгдэхүүнийг судалж шинжлэх техник, тоног төхөөрөмжүүдээ ч мөн бэлэн болголоо.

Мөн  байгалийн цацраг идэвхит элементээр стандартчилсан загвар бэлтгэхээр  ажиллаж байна. Үүний дагуу шинэ тоног төхөөрөмж оруулж ирнэ. Уран, цацраг идэвхит элементийн шинжилгээг гадагш нь гаргаж, түвэг удах шаардлагагүй болно. Ураны дээжийг тээвэрлэх нь дэлхийд хориотой л доо.  

Геологийн төв лабораторийн итгэмжлэлийн талаар Та  түрүүн цухас дурьдсан. Ямар байгууллагуудаар итгэмжлэгдсэн бэ?

Бид  шинжилгээний ажлын чиглэлээр ISO 17025 стандартыг хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, сорилтын лабораториудад тавигддаг шаардлагын олон улсын стандартыг 2005 оноос хойш хэрэгжүүлж байна. Тав, таван жилээр итгэмжилдэг юм.  Ийм итгэмжлэлийг хоёр дахь удаагаа  авсан. Дэлхийн 43 улсад манай үр дүн хүлээн зөвшөөрөгдөж байгаа. 

Аттестатчилсан стандартчилсан загвар үйлдвэрлэгчийн хувьд олон улсын хэмжээнд 2012 оноос АНУ-ын ACLASS  байгууллагаар итгэмжлүүлсэн байгаа. Гэрчилгээгээ удахгүй хүлээж авна. Мэдээж хэрэг эдгээр  стандартыг эзэмшээд, шинжилгээний ажил хийхэд дадлага туршлага хэрэгтэй. Бид энэ үүднээс гадаад хамтын ажиллагаа маш идэвхтэй явуулж байгаа.

Танай байгууллага стандартчилсан загвар үйлдвэрлэл, түүний экспортын тал дээр нэлээд амжилт гаргаж байгаа. Энэ талаар тодорхой зүйл хэлнэ үү?

Стандартчилсан загварыг үйлдвэрлэх, борлуулах тал дээр бид нэлээд амжилттай ажиллаж байгаа. Үүнийг боловсруулж, хэрэглэх  нь тухайн улсдаа стратегийн чухал ач холбогдолтой байдаг.   Дээжийн шинжилгээ хэр чанартай хийгдэж байна, тоног төхөөрөмжүүд хэр  зөв ажиллаж байгаа эсэхийг хянадаг гол зүйл бол стандартчилсан загвар. 

Монгол улсад үйлдвэрлэсэн эрдсийн бүтээгдэхүүний стандартчилсан загварын 96 хувийг  Геологийн төв лаборатори үйлдвэрлэсэн. Үүнийгээ бид улам өргөжүүлж, дэлхийн түвшний стандартыг үйлдвэрлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж байна.  Америк, Европ, Өмнөд Африк, Австрали, Орос, Хятад зэрэг улсад манай албан ёсны борлуулагч дистрибьютерүүд ажилладаг.    

Ямар байгууллагуудтай хамтарч ажиллаж байна вэ?

Олон Улсын Атомын Энергийн Агентлагтай 1980-аад оноос хамтарч ажиллаж байна. Орчин үеийн цөмийн технологид суурилсан тоног төхөөрөмж, арга аргачлалыг нэвтрүүлэх ажлыг хийж байна. Энэ чиглэлээр боловсон хүчнээ сургаж байна. Уран, торий, цацраг идэвхит элементийг энхийн зорилгоор ашиглах боломж Монголд бүрдвэл энэ талын судалгаа, шинжилгээний ажил чухлаар тавигдана.  Иймд  бэлтгэл хангах үүднээс цацраг идэвхит лабораторийг шинээр байгуулж, үүнтэй холбогдсон шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэж байна. 

Мөн ХБНГУ-ын Геошинжлэх Ухаан, Байгалийн Нөөцийн хүрээлэнтэй 1997 оноос хойш нягт хамтын ажиллагаа явуулж байна. Олон төсөл хэрэгжүүллээ. Үнэт металлын лаборатори хамтарч байгууллаа. Финландын Геологийн албатай байгууллага хоорондын төсөл хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнд ашигт малтмалын баяжигдах шинж чанарын судалгааг дэлхийн түвшинд гаргах нөхцөлийг бүрдүүлээд байна. Ирэх оноос газрын ховор элементийг баяжуулах технологи дээр хамтарч ажиллана. Олон улсын Геоаналитикчдын нийгэмлэг гэж бий. 2000 оноос уг нийгэмлэгийн гишүүнээр ажиллаж байгаа. Энэ байгууллага нь геоаналитикийн салбарт гарч байгаа шинэчлэл өөрчлөлтийг гишүүддээ байнга таниулдаг, гишүүдийнхээ ур чадварыг байнга шалгаж байдаг онцлогтой байгууллага. Мөн манайд үйлдвэрлэсэн АСЗ-ыг лабораториудын ур чадварын сорилтын дээж болгон ашигласан.

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж