MLTR хамтлагийнхан маргааш ирнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

MLTR хамтлагийнхан маргааш ирнэ

Сүүлийн хэдэн хоног Улаанбаатарчууд маань MLTR  хамтлагаар амьсаглаж байгаа гэхэд болно. Үнэхээр ирэх болов уу. Ирэхгүй бол яанаа гэсэн яриануудыг хүн болгон ярьж байсан юм. Харин тэднийг бидний хэлж заншсанаар амьдаар нь харж дууг нь сонсох мөч удахгүй ирэх гэж байна. Энэ бүх эргэлзээг арилгахаар  тоглолтыг зохион байгуулж байгаа EVENTO ХХК-ийн захирал Х.Батжаргалтай цөөн хором ярилцлаа

-Үзэгчдийн хүсэн хүлээсэн мөч ирэхэд ердөө ганцхан хоног үлдлээ. Хамтлагийнхан  Монголруу ирэх онгоцондоо суусан гэж сонслоо.

Дөнгөж сая онгоцонд суулаа гэсэн мэдээлэл менежерээс нь ирлээ. Тоглолт зохион байгуулагчид хүлээн авах зохион байгуулалтандаа аль хэдийн орчихсон. Одоо угтаж авах л үлдээд байна. Маргааш 14 цаг 30 минутанд буугаад, “Bly Sky” зочид буудалдаа байрлаад хэсэг хугацааны дараа 18 цагаас  “Bly Sky”-ын Даймондод  зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдэд төдийгүй, үнэнч шүтэн бишрэгч фенүүдтэйгээ уулзаж, зургаа авхуулах боломжийг олгох юм.

-Фенүүдэд мэдээж хязгаарлалт хийх байх. Ямар нөхцөлтэйгөөр тэдэнтэй уулзаж, зургаа татуулах боломж олдох бэ?

Хамгийн түрүүнд ирсэн хүмүүсийг боломжоор нь оруулна. Үүнээс өөр арга байхгүй учраас бид боломжоор нь багтаахийг хичээнэ.

-Тоглолтын бэлтгэл ажил дуусаад одоо зөвхөн хүлээж авах л үлдэж байгаа юу?

   
Тоглолтын бэлтгэл 99% гэж бараг хэлж болно доо. Онцолж тэмдэглэн хэлэх нэг зүйл байна. Бид  эргэлзэж байсан. Онлайнаар анх удаа үзэгчдэд боломж олгоод, суудлаа сонгоод үзэх боломжийг олгосон. Энэ ажил хэр бүтэмжтэй байх бол гэж дотроо жаахан эргэлзэж байлаа. Харин бүр санаанд оромгүйгээр 3 хоногийн өмнө онлайн билет захиалга дууссан. Тэгэхээр онлайн захиалга хаагдчихсан байгаа. Харин бусад үлдэгдэл билетээ бид шахаад 1109 үнэгүй хүргэж, мөн “Монголын Залуучуудын Холбоо”-ны төв байр,  HIFI, ORANG Рекордис, мэдээж Улаанбаатар пласын кассаар үлдэгдэл билетүүд худалдаалагдаж байна. Ерөнхийдөө билет дуусаж байгаа учраас манай залуучууд яаравчлан аваарай гэж хэлмээр байна.

-Гадаадын хамтлаг дуучдыг манайхан их авчрах гэж оролддог ч цуцлагддаг. Тэгэхээр үзэгчдын дунд ирэхгүй бол яанаа гэсэн нэг айдас байсан. Энэ айдас одоо үгүй боллоо тиймүү?

Тийм шүү. Үүнийг би бардам хэлж байна. Эргэлзээ  төсөл эхлэх үеээс л гарч байсан. Энэ эргэлзээтэй зэрэгцээд MLTR хамтлагийн гишүүн өөрөө онлайнаар Чингисийн Монголд очихыг тэсэн ядан хүлээж байна гэж хэлсэн нь үзэгчдийн эргэлзээг үгүй болгож чадсан.

-Энэхүү тоглолтын билет бусад тоглолтын билетээс онцлог учир үзэгчиддээ анхааруулж хэлэх зүйл байгаа байх.

Тэгэлгүй яахав. Бидний гаргасан ухаалаг карт бараг 90% нь хэрэглэгчиддээ оччихсон байгаа. Тийм учраас тайлбар хийх нь зүйтэй байх. Жишээ нь 12-р сарын 8-нд тоглогдох билетээр 7-нд нь үзье гээд очвол  карт шалгах систем уншихгүй. Мөн танхимд орчихоод буцаж гарах шаардлага гарвал  гарахдаа картаа уншуулна. Иргээд орох гэхээр таны карт дотор байна гэсэн мэдээлэл өгөх учраас гарахдаа картаа  заавал уншуулаарай. Мөн  энэ билет дахин  ашиглагдах боломжтой учраас хүссэн банкан дээр очиж цэнэглээд бидэнд серийн дугаараа мэдэгдэж, дараа дараагийн тоглолтуудыг үзэх боломжоор хангагдах бэлтгэл ажил хийгдэж байгаа юм .  
 
-Энэхүү төслийн багийхан дараагийн тоглолтын төлөвлөгөө гарсан гэж байгаа . MLTR хамтлагийн дараа ямар одыг авчрах юм бол оо?

Бид 3 сарын өмнө алдарт “Beatles” хатлагийн 50 жилийн ойг тохиолдуулж “Bootleg Beatles” хамтлагийг авчирсан. Харин одоо MLTR-ийг авчирж байна. Дараагийн ажил маань гэрээний шатандаа явж байна. Түүний дараа дараагийн том ододуудыг авчрах ажил хэдийнээ эхэлчихсэн.  Тэднийг авчрахад цаг хугацаа их шаардлагатай учраас хэлэлцээрээ хийж байгаа. Түүнийгээ энэ тоглолтынхоо дараа хэнийг авчрахаар болсноо задлах гээд чандлан нууцалж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж