
Монгол Улсад арьс шир боловсруулах 35 үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 178 компани байдаг. Харин малчдын зүгээс жилд 178 сая ширхэг арьс шир бэлтгэн нийлүүлдэг бөгөөд үүний 25 хувийг үндэсний үйлдвэрлэгчид боловсруулж, үлдсэн 75 хувийг экспортолдог юм байна.
Үндэсний үйлдвэрлэгчид бага бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагийн шалтгаан нь үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгөгүйн улмаас түүхий эд нийлүүлэлтийн оргил үеэр хангалттай нөөц бүрдүүлж чадахгүй, хагас жил сул зогсоход хүрдэгтэй холбоотой юм байна. Иймд Засгийн газраас таван жилийн хугацаатай 200 тэрбум төгрөгийн бонд гаргах нь зүйтэй гэж байнгын хорооноос үзсэн юм. Ингэснээр 25 мянган хүнийг ажлын байраар хангаж, жилд 460 сая орчим ам.долларын үйлдвэрлэл эрхэлж, нэг их наяд төгрөгийн борлуулалтын ашиг олох боломжтой болно. Уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна.
Ш.ЧИМЭГ